Коксжих нүүрсний “Колмар” компани энэ оны нэгдүгээр улиралд 1.4 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээс 40%-ийг Хятад, Япон руу экспортолжээ. 2017 онд 4.5 сая тонн, 2018 онд 6.5 сая тонн нүүрс тус тус олборлосон бөгөөд энэ жил 10 сая тоннд хүргэх зорилттой.
“Колмар” нь жилд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Денисовская” үйлдвэрийг Өмнөд Якутын Нюренгийн бүсэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо “Инаглинская 2” хэмээх хоёр дахь баяжуулах үйлдвэрийн барилгын ажил ид явагдаж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Уг төслийг Хятадын AVIC корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ онд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 30 тэрбум рублийн хөрөнгө оруулж байна.
Компанийн хувьд, Денисовская уурхайгаас 6 сая тонн, “Инаглинская 2”-аас 12 сая тонн нүүрсийг далд аргаар олборлох юм. Мөн 4 сая тонн нүүрсийг ил аргаар олборлосноор жилд 22 сая тоннд хүргэхээр тооцжээ. Үүнээс 15 сая гаруй тонн нь сайн чанарын коксжих нүүрс байх аж. Хоёр ордын нийт нүүрсний нөөц 1.5 тэрбум тонн бөгөөд 1 тэрбум орчим нь коксжих нүүрс юм.
Өмнөд Якутын нутгаас экспортын нүүрсээ төмөр замаар тээвэрлэх гэрээг РЖД компанитай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгуулсан юм. БАМ болон Транссибирийн төмөр замаар Алс Дорнод руу тээвэрлэнэ. 2021 онд БАМ-ын төмөр замаар 20 сая тонн нүүрс экспортод тээвэрлэх төлөвлөгөөтэй. Ирээдүйд экспортоо нэмэгдүүлэх үүднээс тээврийн үйл ажиллагаа хариуцсан охин компани болоод галт тэрэгний паркийг байгуулж байна.
Гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрсээ Ази-Номхон далайн орнуудын зах зээлд нийлүүлэх бөгөөд одоо Алс Дорнодод “Ванино Транс уголь” боомтыг байгуулж буй. Боомтын эхний ээлж энэ жил ашиглалт орох бол 2023 онд бүрэн хүчин чадлаар буюу жилд 24 сая тонн нүүрс нэвтрүүлнэ. Сүүлийн хоёр жил Хятадын Baosteel компанид нүүрс нийлүүлэх гэрээтэй ажиллаж байна. Нүүрсний импортоор Хятадыг гүйцэх зах зээлийн хандлагатай холбоотойгоор Энэтхэг рүү коксжих нүүрс туршилтаар экспортолсон. Боомтоо энэ онд ашиглалтад оруулснаар Энэтхэгийн зах зээлд тогтмол нийлүүлж эхлэх аж. Цаашдаа Өмнөд Солонгос, Вьетнам руу экспортлохоор төлөвлөж байна. Европын зах зээлд тодорхой хэмжээний нүүрс нийлүүлж байгаа юм.
2021 он гэхэд “Колмар” компани жилд 22 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа тухай тус компанийн Ерөнхий захирал Артем Лёвин мэдэгдсэн. Ойрын ирээдүйд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалгааг эхлүүлэх гэнэ.
Э.Од