Он гарсаар буюу энэ сарын 6-ны байдлаар Монголбанкны алтны нийт худалдан авалт 2.4 тоннд хүрсэн байна. Эхний дөрвөн сарын үзүүлэлтээр, нийт алт худалдан авалт 1.9 тоннд хүрээд байсан юм. Өөрөөр хэлбэл эхний улиралд алт тушаалт удаашрах хандлагатай байсан ч дөрөвдүгээр сараас эргээд өсч, өнгөрсөн оны түвшин рүү ойртож эхэллээ.
УИХ-ын гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс мөрдөж эхэлснээр Төв банкин дахь алт тушаалт өсөх хандлагатай байна.
Алт тушаалт оны эхний улирлын байдлаар ердөө 784.6 кг-д хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 65.9%-иар буурсан юм. Харин хууль батлагдсанаас хойш буюу дөрөвдүгээр сард алт тушаалт сарын дүнгээр 1.1 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10%-иар, өмнөх гуравдугаар сарынхаас бараг 12 дахин өссөн дүнтэй гарчээ. Дөрөвдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алт тус тус худалдаж авсан байна.
Монголбанкны алт худалдан авалт ийнхүү өсөлттэй гарах болсон нь УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой гэж Төв банкнаас тайлбарлав.
2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас 1 гр алт худалдан авах дундаж үнэ 108,757.36 төгрөг байсан.
Өнгөрсөн онд Монголбанк нийтдээ 22 орчим тонн алт худалдан авсан бөгөөд энэ онд ч уг хэмжээг бууруулахгүй байх зорилт тавьж байгаа юм.
Б.Төгс