Төв Ази дахь анхны газрын ховор металын шинжилгээ-технологийн судалгааны төвийг байгуулснаа Узбекистан улс мэдэгдэв. Судалгааны төвийг байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичгийг Узбекистан, Өмнөд Солонгос улс 2017 онд үзэглэжээ.
“Энэхүү төв нь Төв Азийн бүс нутагт анхных бөгөөд газрын ховор металын судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Энэ салбар дахь Узбекистаны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Өмнөд Солонгосын зүгээс тусалж дэмжинэ” хэмээн Өмнөд Солонгосын газрын ховор металын судалгааны төвийн Ерөнхийлөгч Сун Ил Юу мэдэгдсэн байна.
Тус төвийн нанотехнологийн лабораториудад газрын ховор металын физик-химийн сүүлийн үеийн судалгаа хийгдэж, химийн 70 гаруй нэр төрлийн элемент болон эрдсийг шинжлэн тогтоох боломжтой аж.
Узбекистан нь газрын ховор металын баялаг нөөцтэй улс бөгөөд батлагдсан нөөц 204 мянган тонн давж буй.
Э.Од