Гэрэл зургийг Х.Эрдэнэбулган
Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна.
“Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй. Төслийн менежментийн зөвлөх компанийг бид сонгосон бөгөөд Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болсон. Гэрээ байгуулсны дараа төслийн дараагийн шатны ажлууд буюу инженерийн зураг төсөл, үйлдвэрийн барилгын өмнөх шатны бүтээн байгуулалт эхэлнэ” хэмээн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хуульч У.Чинзориг хэвлэлийн хурлаар мэдэгдэв.
Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 компани оролцох энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 13-15-нд Буян-Ухаа спорт цогцолборт болно.