Дундговь аймагт “Бичил уурхай эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллагыг энэ сарын 22-нд байгуулж, орон нутгийн бичил уурхайчид нэгдлээ. Тус аймгийн бичил уурхай эрхлэгчид өмнө нь бие даасан, жижиг нөхөрлөл төдий байсан бол эрх ашгаа хамгаалсан, ашгийн бус төрийн бус байгууллагад нэгдэж байгаа нь энэ юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гишүүнчлэлтэй байгууллага болж, холбооны тэргүүн, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлийн дарга нарыг сонголоо. Эхний удаад тус төрийн бус байгууллагад Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус суманд бичил уурхай эрхлэгч 50 гаруй нөхөрлөл нэгдээд байна. Өмнө нь Бичил уурхай эрхлэгчдийн олборлосон ашигт малтмалыг хэн худалдан авах, ямар үнээр өгөхийг аймаг, сумын дарга нар, эрх мэдэл бүхий хүмүүсийн үзэмжээр бүх асуудал зохицуулагдаж ирсэн юм. Харин одоо энэхүү шинэ байгууллага бий болсноор өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг хууль, тогтоомжийг үндэслэн боловсруулсан өөрийн гэсэн дүрмээр зохицуулах юм.
Энэхүү шинэ байгууллага байгуулсаны ач холбогдлын талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Г. Мөнхцэцэгээс тодрууллаа.
Г.Мөнхцэцэг: Бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална
Манай дээвэр холбоо зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 6500 орчим гишүүн, 87 төрийн бус байгууллага нэгдсэн 450 нөхөрлөл манай гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Швейцарийн Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, Канад сан зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаад олон төсөл хөтөлбөрийг бичил уурхайнуудад хэрэгжүүлж байна. Бид аймаг дахь бичил уурхай эрхлэгчдийн дунд Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлт, мэдээллийн боловсролын чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн Бичил уурхай эрхлэгчдийн хүүхдийн "Гэр цэцэрлэг” ажиллуулах төсөл зарласан. Цаашид бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах талаарх шил шилээ дарсан ажил хүлээж байна.