Уул yурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай (МУУҮА) хамтран “Оюутолгой” компани Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнууд, уурхайн удирдлагууд, нутгийн иргэдэд зориулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт өдөрлөгийг 24-нд зохион байгууллаа. Уг өдөрлөгийг УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Геологийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан нээж, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхболд “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавилаа.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээллийг танилцуулах, Оюутолгойн уурхайн цогцолборт хэвшүүлэн хэрэгжүүлдэг жишиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах зорилгоор тус сумд үйл ажиллагаа явуулж буй албан ёсны бүртгэлтэй болон бичил уурхайн нийт 19 төлөөллийн дунд урьдчилан судалгааг явуулж, сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Түүнчлэн эрсдэл таниулах бодит үзүүлэн, хэрэглэгдэхүүн, орчин үеийн технологид суурилан сургалтаа явуулснаараа онцлог болсон байна.
“Оюутолгой” компанийн Гүний уурхайн сургалтын багийн 20 гаруй гишүүнтэй бүрэлдэхүүн орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын ажилтнуудад аюул, осолгүй ажиллах багийг хэрхэн бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ашиглалт, эрсдэлийн удирдлага, ажил амралтаа зохицуулах, өргөх хэрэгслийн аюулгүй ажиллагааны талаар танилцуулжээ. Мөн тус сумын ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын зөвлөгөө, цэцэрлэгийн багачуудад насны онцлогт нь тохирсон аюулгүй ажиллагааны мэдээллийг тус тус хүргэлээ. Өдөрлөгт нийтдээ 400 гаруй иргэн оролцож ажил, амьдралдаа хэрэглэж болохуйц мэдлэг, мэдээллийг орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан хүлээн авчээ.