Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо.
Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, Батлан хамгаалах яамны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ.
Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
Төмөр замыг УБТЗ-ын Зам засварын машин станцын замчид барьж байна.Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай.
Замын урт нь 27.7 км бөгөөд ул шорооны ажил 95 орчим хувьтай явагдаж байна. Төмөр замын үзүүлэлт нь дөрөвдүгээр зэрэглэлийн, салбар төмөр замын шугам нь 18.8м, төмөр замын зөрлөг салаа гээд нийт найман замтай, овоолгын хамгийн их өндөр нь 10.6 метр байх аж.
Зам төмрийг ОХУ-аас, замын бэхэлгээг Англиас, уулзваруудын хавчаарыг ОХУ, БНХАУ-аас авч байгаа бол бусдыг нь Монголдоо үйлдвэрлэдэг гэсэн.
Төмөр зам дээгүүр 16 метрийн урттай бетонон гүүр байгуулж буй бөгөөд энэ ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Тус гүүр нь Газрын тос боловсруулах үйлдвэр рүү чиглэсэн авто замтай холбогдох төдийгүй дээгүүр нь зорчих авто машины Сайншанд руу орох, гарах зам болон босоо тэнхлэгийн төв магистралтай холбогдох гарцыг ч тодорхой зааж өгчээ.