“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК-иас “Цахилгаан экскаватор ба Троллей автосамосвал” сургалт-семинарыг өчигдөр “Корпорэйт Конвэйшн Төв”-д зохион байгууллаа. Уг семинарт тус компанийн харилцагчид болох “Эрдэнэс Тавантолгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Шарын гол”, “Багануур” зэрэг компанийн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв.
“ЗаМайн Сервисиз” компанийн Гүйцэтгэх захирал Хироаки Такизава сургалт-семинарыг нээж үг хэлсний дараа энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүд тавигдлаа. Семинарын эхэнд тус компанийн Сервис менежер Д.Бархасбадь “Троллей автосамосвал” сэдвээр илтгэхдээ олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм. Троллей систем нь зөвхөн Хитачид байдаг бөгөөд эд ангиуд нь найдвартай ажиллагаа, сайн чанарын гэдгээрээ ихээхэн танигджээ. Түүнчлэн троллей болон дизель горимын хоорондох шилжилт хялбар байдаг тухай илтгэгч өгүүллээ. Горим хоорондын шилжилтийн үед хойд дугуйнд гулгалт болон огцом эргэлт үүсгэлгүйгээр алгуурхнаар шилжих боломжтой аж. Энэ нь кабин болон машинд үзүүлэх нөлөөллийг бууруулж, дугуйн элэгдлийг багасгадаг байна.
Энэ хэсэгт 221 тонны даацтай, 56 км/ц хурдлах чадвартай EH4000AC-3 автосамосвалын талаарх мэдээлэл сонирхол татаж байв. Тус автосамосвал нь EX5600-6 экскаватортой сайн хосолж ажилладаг аж. Автосамосвалын өрсөлдөх чадварын талаар илтгэгч дурдахдаа тэвш нь ижил төрлийн автосамосвалаас нам учир уурхайд өндөр бүтээмжийг бий болгодог хэмээн онцоллоо. Түүнчлэн Хитачигийн дотоод AC-IGBT хөтлөгч систем нь тус автосамосвалыг шинэлэг болгодог байна.
Тээвэрлэлтийн үеийн аюулгүй, жигд ажиллагааг хангах зорилгоор EH4000AC-3 автосамосвал нь Хитачи жолоодлого удирдлагын системтэй байдаг гэсэн мэдээллийг мөн илтгэгч өглөө. Тус систем нь гулсалтын эсрэг, донсолгоо багасгах, шарвалтын эсрэг үндсэн хэсгүүдтэй. Тухайлбал, гулсалтын эсрэг систем нь хальтиргаа, гулгаа ихтэй зам дээр, уг систем нь хойд дугуйн гулгалт эсвэл түгжилт мэдэрвэл захын дамжуулагчийн мушгилтын хүчийг багасган тээврийн хэрэгслийг тогтвортой байдалд оруулдаг хэмээн энгийнээр тайлбарлаж болох аж.
Сургалт семинарын үеэр “Хитачи троллей автосамосвал гэж юу вэ?” гэсэн асуултад хариулт өгсөн олон шинэлэг мэдээлэл зочдын анхаарлыг татаж байсан. Ерөнхийдөө бол уул уурхайн троллей автосамосвал нь дизель-цахилгаан хосолсон хөдөлгүүртэй хүнд даацын тээврийн хэрэгсэл юм. Илтгэгч нар энэхүү техникийн давуу тал, онцлог, хүчин чадлын талаар видео хэлбэрээр танилцуулсан нь илүү үр өгөөжтэй болсон гэж хэлж болно.
Хитачигийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар троллей системийг идэвхжүүлэх үед дизель хөдөлгүүрээс захын дамжуулагч руу очих хүч дамжуулах анги салж, агаарын контакт холбогддог ба инвертороор дамжин мотор луу цахилгаан энергийг дамжуулдаг аж.
2017 оны гуравдугаар сарын байдлаар Турк улсад EH4000AC-3 загварын 10, Замби улсад 74, Өмнөд Африкт 37 ширхэг нийт 121 ширхэг троллей автосамосвал ажиллаж байгаа юм байна.
Сургалт-семинарын дараагийн хэсэг нь бүх төрлийн цахилгаанжсан уул уурхайн талаарх мэдээлэлд чиглэсэн. “АВВ Финланд” компанийн Худалдааны менежер Конста Кайнулайнен “Ойрын ирээдүйд хосолмол хайбрид тэжээлт ЦТХ (HEVs) 488-ийн (mild) хайбрид, хүчтэй хайбрид, гаднаас цэнэглэдэг ЦТХ (HEVs), цэвэр зайн тэжээлт ЦТХ(BEVs) зэрэг ногоон тээврийн хэрэгслийн зах зээлд давамгайлах болно” хэмээн ярилаа. Судалгаагаар 2028 он гэхэд дэлхийн уул уурхайн хэрэглээнд 30’000 гаруй (9 тэрбум долларын үнэ бүхий) ЦТХ ашиглагдахаар харагдаж байгаа аж.
“Атлас Копко”, “Сандвик” зэрэг компаниуд дугуйт ачигч, өрмийн машин болон бусад уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх үндсэн шугамууд дээрээ зайн тэжээлт ЦТХ үйлдвэрлэх шугамуудыг нэмэх хөгжүүлэлтийн ажил хийж буй. Эрчим хүч хадгалах зай хураагуур технологийн дэвшлийн хувьд литиумын батерейг хөгжүүлэх боломж нээлттэй гэдгийг тэрээр танилцуулгадаа дурдлаа. Уул уурхайг яагаад цахилгаанжуулах шаардлагатай вэ гэсэн асуулт үргэлж тавигддаг. Уул уурхайн салбарт зардлаа хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчний хангамж нь уул уурхайн салбарт тулгарч буй хамгийн том хүндрэлүүдийн нэг юм.
Эрчим хүчний болон үйл ажиллагааны (агааржуулалт, засвар үйлчилгээ, түлшний) хэмнэлт, агаарын чанар нь уул уурхайн уул уурхайн үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой хэмээн илтгэгч онцоллоо.
Сургалт-семинарын дараагийн хэсэг нь ЗаМайн Сервисиз” компанийн Худалдаа, маркетингийн менежер Ц.Чинзоригийн “Electric Excavators and EX5600-6LD Excavator” сэдвээр үргэлжиллээ. Одоогоор 8 улсад 84 ширхэг HITACHI EX5600-6 экскаваторын нийлүүлэгдээд байгаа аж. Уг семинарт уригдан ирсэн Японы Хитачи үйлдвэрийн төлөөлөгчид оролцогчдын асуултад шинэлэг мэдээлэл агуулсан дэлгэрэнгүй хариултуудыг өгч байлаа. Ялангуяа оролцогчдын зүгээс Монголын уул уурхайн нөхцөлд троллей автосамосвал хэр тохиромжтой вэ гэсэн асуултыг түлхүү тавьж байсан бөгөөд түлшинд хэмнэлттэй, цахилгаанаар ажилладаг дэлхийн нэр хүндтэй эдгээр техник уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн хариулж байсан.
“ЗаМайн Сервиз” ХХК нь “Марубени” корпораци болон “Таванбогд” группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны гуравдугаар сараас “Хитачи констракшн машинери” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлжээ. Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ хэдийнэ танигдсан юм. Эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чаджээ.
Г.Идэр