Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монгол орны усны нөөц, зохистой ашиглалтын талаар хэлэлцэв

Өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэн, олон салбарын зохицуулалт шаардсан энэ чухал стратегийн эрдсийн асуудлаар томоохон шинэчлэл хойшлуулалтгүйгээр хийх цаг болжээ” хэмээн тодотголоо.

Өнөөдөр дэлхий нийтэд тулгарч байгаа үндсэн хоёр бэрхшээл нь усны нөөцийн хомсдол, цөлжилт юм. Дэлхий нийтээрээ 2790 шоо.км усыг жилд хэрэглэж байна. Үүний дөрөвний гурвыг ундны хэрэгцээнд болон аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлд ашигладаг. Усны хэрэглээний 80%-ийг гадаргын усаар, 20%-ийг гүний усаар шийддэг аж.

Монгол Улсын хувьд  усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68%-ийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм. Дахин хэлье нийт гадаргын усны 68%-ийг хил давуулан алддаг байна. Эрдэмтэд Монгол орны байгалийн түүхийг судлаад 500 жилд давтагддаг хур тундасны татралт, цөлжилтийн мөчлөг ойртож байгааг мөн анхааруулжээ.

“Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2%-д хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон юм. Өнөөдөр дэлхий дээр биднээс өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон алга” хэмээн Төрийн тэргүүн онцоллоо. 
Манай нутаг дээр бууж байгаа нийт хур тундасны 10 гаруй хувь нь гадагш урсан гарч, 90 хувь нь ууршиж, дэгддэг болохыг судалгаа харуулж байна. Усны тоо бүртгэлийн 2018 оны дүн, мэдээнээс үзэхэд 527 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэсэн. Төв аймагт гэхэд 94 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэснээс ердөө 15 нь буцаж сэргэсэн гэсэн тоон мэдээлэл байна. 

Монголын төр, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл  нь усны салбарын засаглалыг сайжруулах, хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулах, салбар дундын зохицуулалтын бодлого явуулах зөвлөлийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд шилжүүлэх гэсэн хоёр зүйлд анхаарал хандуулахаа илэрхийллээ. 

Г.Идэр

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.179.26.24)
    Эрдэс баялгаа өөрөө ашиглахгүй Хятадад зарах, ингэхдээ үнийг нь нэмэх зорилгоор (уг нь Х-д зарж байгаа тохиолдолд угаас хамгийн бага үнээр л зарна) ховордсон чанад манах эрдэнээ ашиглан бохирыг нь угааж авч үлдэхэд ашиглах гэж улайрч байгаа гайхалтай. Тэр үнийн зөрүү сүйтгэсэн усны нөөцийг үнэд хүрч чадах тооцоо хийдэг болов уу? тийм бодол толгойд төрж байдаг болов уу?
    2019 оны 09 сарын 25 | Хариулах