Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Гараанаас  хөдөлсөн Тавантолгой-Зүүнбаян  төмөр зам 

The Mongolian Mining Journal /May.2019/

Г.Идэрхангай

Тавдугаар сарын 24. Дорноговь аймгийн өргөн тал нутагт төмөр замын их бүтээн байгуулалт ид өрнөж байна. Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км   төмөр замын ажил дууссан энэ өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт Мандах сумын Будран багийн нутагт  боллоо. Уг төмөр замын нийт урт   414.6 км  бол   үүний 290 дэх км дээр шав тавьсан юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50  км  төмөр замын бүтээн байгуулалт өрнөнө. Тодруулбал шав тавьсан газраас баруун тийш Тавантолгой хүртэл 270 гаруй км  бол зүүн чиглэлд Зүүнбаян хүртэл 145 орчим км зайд төмөр зам тавихаар зураг төсөл боловсруулжээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Төрийн тэргүүний хэлснээр 9 жил саатсан бүтээн байгуулалт одоо л нэг хэрэгжих боломж бүрдсэн нь энэ.  Төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд яагаад саатсаныг одоо ярихад бараг илүүц   биз.  

“Эрдэнэс Тавантолгой” компани “баярлуулан гомдооно” гэгчээр 1072 хувьцааны ногдол ашгаа ард түмэндээ өгөх амлалтаасаа ухарч, 750 тэрбум төгрөгөө энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байгуулагдаад үр ашгаа хэрхэн өгөх нь вэ гэдгийг хувьцаа эзэмшигч  монгол хүн бүр харах нь тодорхой юм. Ийнхүү бүтээн байгуулалтын ажил эхэлснээр төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны дөрвөлжин болон дугуй хоолой, гүүрийн  бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.  Монголчууд орчин цагийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтдаа анх удаа дотоодын цэргийн хүчийг ашиглаж буй. Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн  бүтээн байгуулалтын “салхийг хагалан”  говь нутагт ирээд удаагүй байна.

Араас нь ирэх цэргийн анги нэгтгэлүүд ч бэлтгэлдээ оржээ.  
Хэдийгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэ­лийн төмөр замын маршрут 2010 онд батлагдсан  “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан ч  2018 онд уг бодлогын баримт бичигт УИХ  Эрдэнэт-Арцсуурь, Зүүнбаян-Ханги чиглэлүүдийг  нэмж  тусгаснаар энэ бүтээн байгуулалт өрнөх нь нэгэнт тодорхой болсон юм. Улмаар Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тухай 135 дугаар тогтоол батлагдаж,  Тавантолгой ордоос Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Зүүнбаян руу төмөр зам тавих ажил үндсэндээ шийдэгдсэн. Шууд бүтээн байгуулалтын ажилдаа орсон, хөрөнгө мөнгөний хувьд ч  дотоодын эх үүсвэрээс хүндрэлгүй шийдэгдсэн  ажил гэвэл Монголд энэ  л байна.  Цаг хугацааны хувьд ч “Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ байгаагүйгээр орлого олж,  төмөр замын бодлогыг санаачлагч нь өдгөө Төрийн тэргүүнээр ажиллаж  байгаа  гээд давуу талууд бүрдсэн.  

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тусгаснаар Монгол Улс  6600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар байгуулах учиртай. Үүний нэг хэсэг болох     Таван­толгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын төслийн хувьд 208.5 км дээрээ ирээд далангийн ажил зогсчихсон. Энэ хугацаанд “Монголын төмөр зам” компани 280 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан юм. 
Өөрөөр хэлбэл, бондоос оруулсан 280 сая ам.доллар, үүн дээр төмөр замын үнэлгээний дүн, өнөөдрийг хүртэл хийсэн ажил, хөрөнгөө тооцох юм бол Монголын төр 51%-ийн санхүүжилтээ гаргасан гэсэн үг.  Гэхдээ үүний 49%-д нь гадаадын хөрөнгө оруулагчийг  олж, хамтрах тухай Засгийн газрын 242 дугаар тогтоолд тулгуурлан “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК  хоёр нийлээд 51:49% эзэмшихээр болсон билээ.  Үүнийгээ ч тус тусын Төлөөлөн Удирдах Зөвлө­лөөр хэлэлцэн   шийдэж  “Таван­толгой төмөр зам” байгуулаад эрчим­тэй ажиллаж байтал Таван­толгой-Зүүнбаян  чиглэлийн төмөр замын асуудал улс төрийн шийдвэ­рээр “хүч түрэн” орж ирсэнд дургүйцэх хүмүүс ч бий. Гэхдээ цаашид энэ бүтээн байгуулалтын асуудлууд хэрхэн шийдвэрлэгдэх вэ гэдэг мэдээж сонирхолтой. 
Шинэлэг мэдээлэл гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн  ашиг болох  750 тэрбум төгрөгөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн бондыг худалдаж авч төмөр замыг байгуулах ажил эхэлжээ. 

Өөрөөр хэлбэл, уг чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтыг дотоодоос шийдэх бөгөөд эхний ээлжийн санхүүжилтийг “Монголын төмөр зам” ТӨХК 20 жилийн хугацаатай  хүүгүй 750 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт цаас гаргах юм байна. Энэхүү үнэт цаасыг нүүрс тээвэрлэлтийн төлбөрөөс суутгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр “Эрдэнэс Тавантолгой” компани  худалдан авах замаар санхүүжүүлэхээр талууд тохирсон аж. Санхүүжилтийн нарийн задаргааг талууд мэдээлэхээс татгалзаж байгаа ч уг хувилбарыг хамгийн боломжтой гэж үзсэн нь илт байна.  

Хэвлэлээр нэр нь байнга дурдагддаг  “МакКинсей  энд Компани” компанийн Зөвлөх баг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар 2011 оны наймдугаар сард “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийн судалгааг 1800 км төмөр замын сүлжээний хэмжээнд боловсруулсан байдаг. Тус судалгааны нэг бүрдэл хэсэг болох  Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замаар жилд 22.7 сая тонн ачаа (kоксжих нүүрс-18, эрчим хүчний нүүрс-2.6, зэсийн баяжмал-2.1)  тээвэрлэхээр тооцсон.  Үүнээс 3 жилийн дараа буюу 2014 онд мөн техникийн зөвлөх  Японы “Ниппон Коей” компаниар техникийн зураг төсөл (FEED дизайн)-ийг хийлгэсэн. Тодруулж хэлэх юм бол уг техникийн зураг төсөлд үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэшсэн инженерүүд ажлын зургийг гүйцэтгэж, Тавантолгой-Зүүнбаян  чиглэлийн төмөр замын ажлын  зургийг боловсруулжээ. Уг төмөр зам нь 1520 мм царигтай, 1 өртөө, 6 зөрлөг 65 ширхэг дөрвөлжин хоолой, 461 дугуй хоолойтой байх бөгөөд нийт төсөвт өртөг нь 2.4 их наяд төгрөг аж. 

 Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 37 ашигт малтмалын орд газар  байна. Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаансуваргын зэсийн орд (26.5 км),  Хармагтайн зэсийн орд (13.2 км), Манлайн нүүрсний орд (30.9 км), Хараат уул орд (31.5 км),   зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө,цеолит, ураны томоохон ордууд байршиж байгаа бөгөөд энэ маршрутын дагуу  өнөөдрийн тооцоогоор 6.02 тэрбум тонн бүхий нөөц баялаг оршиж буй аж. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газар бүгд эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг ЗТХЯ мэдээлж байгаа. 

Эндээс хамгийн сонирхолтой нь, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хувьд ачааг хол тээвэрлэх нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэхээс илүү үр ашигтай  гэж холбогдох албаны хүмүүс тодотгожээ.    Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Сайншанд чиглэл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэхээс 2 дахин их, Тавантолгой-Зүүнбаян-Сайншанд-Хөөт-Бичигт чиглэл нь  4 дахин их орлого олохоор тооцоолжээ.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавьснаар   Монголын нутаг дахь тээвэрлэлтийн зай нэмэгдэх бодит үр өгөөжийг мэргэжилтнүүд тооцож гаргасан байна. Тухайлбал, Хятадын нутаг дэвсгэр дэх коксжих нүүрсний тээврийн зай богиносож, Монголын нутаг дахь тээвэрлэлтийн зай нэмэгдэх нь.  

Бүр тодруулъя. Коксжих нүүрсний Монгол Улсын нутаг дэвсгэр төмөр замын тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 12 ам.доллараар нэмэгдүүлнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаж иржээ. Монгол Улс  Гашуунсухайт боомтоор 1 тонн нүүрс гаргавал 8  ам.долларын тээврийн орлого олох байсан бол Тавантолгой-Зүүнбаян-Замын-Үүд чиглэлээр   20 ам.долларын тээврийн орлого олох боломжтой гэж үзжээ. Энэ нь нэг жилд 15 сая тонн гэж тооцвол нийт 180 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэсэн үг юм. Ингэснээр Хятадын орлого болох байсан 180 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо шингээх давуу талтай гэж төсөл боловсруулагчид тооцсон байна. 

Тэгвэл далайн боомт хүртэлх тээврийн өртөгийг хэрхэн тооцсоныг  сонирхоё.  Энэ тооцоо нь БНХАУ, ОХУ-тай байгуулсан хэлэлцээрээр тохирсон хөнгөлттэй нөхцөлийг оруулж тооцоогүй бөгөөд БНХАУ-ын нутгаар тээврийн өртөг зардал 40%-иар буурч, ОХУ-ын нутгаар дамжин тээвэрлэхэд Хятадын нутгаар тээвэрлэн далайн боомт хүргэхтэй өрсөлдөхүйц үнэтэй байхаар тохирсон гэдгийг холбогдох албаны хүмүүс илэрхийллээ. Мөн далайн боомт хүртэлх тээвэрлэлтийг Тавантолгой-Зүүн­баян-Сайншанд-Замын-Үүд-Тянжин чиглэлд гүйцэт­гэснээр Тавантолгой-Гашуунсухайт-Хуанхуа чиглэ­­лээр тээвэрлэснээс тээврийн өртгийн хувьд 34% буюу 16 ам.долларын хэмнэлттэй байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК зэрэг бүс нутагт олборлолт эрхлэгч компаниудын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж гэж харжээ.
 
Зүүн хойд Хятад, Япон, Солонгосын  нийт коксжих нүүрсний эрэлт нь Монголын жилийн нийт олборлолтоос даруй 5 дахин их. Уул уурхайн компаниуд Хятадын зууч компаниудаар  дамжуулан хийдэг тул эцсийн хэрэглэгчдийн оролцоо хязгаарлагдмал байгаа. Өөрөөр хэлбэл, ашгийн ихэнх хувь нь Хятадын нүүрс зуучлагч нарт ногддог. Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг барьж одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашлаад далайн боомтуудад хүрэх зорилготой гэдэг нь тодорхой. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гол замтай холбогдон төмөр замын нэгдсэн сүлжээнд орох юм. Нүүрс тээвэрлэлтийн зай ингэж  багасгаснаар БНХАУ-ын  коксжих нүүрсний хамгийн том импортлогч хамгийн том бүсүүд болох Хэбэй, Ляонин мужууд дахь үйлдвэрүүдэд хямд зардлаар нүүрс хүрэх боломжтойг холбогдох албаны хүмүүс онцолж байна. 

Монголчууд төмөр замыг барьснаар 1 км замыг 1.2 сая ам.долларт багтаах бол гадныхан буюу солонгосчууд 2.8 сая, бусад орныхон 3.2 сая ам.доллараар барихаар байгааг  ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан илэрхийлэв. 

Юутай ч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тавьснаар Сайншанд дээр 5 замын зангилаа бий болох юм.  Нөгөө талаас Сайншандын нэг баг болох  Зүүнбаян нь 3000 гаруй оршин суугчтай. Төмөр зам бий болсноор уг баг  7-10 мянган хүн амтай томоохон суурьшлын төв болох төлөвтэй.  

Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барьж байгуулахад нийт 3656 хүн, 1352 машин механизм ажиллах аж. Шууд байдлаар 3656 хүн ажил орлоготой болох бөгөөд шууд бус байдлаар (материал, техник хангамж, зураг төсөл, ус, хүнс хангамж, бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт гэх мэт) 10 мянган хүн тэдгээрийн гэр бүл төслийн барилга, бүтээн байгуулалтын үед орлоготой болно гэсэн тооцоог гаргасан байна. Ийнхүү 2020 онд ашиглалтад орох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил ихээхэн хүч нөлөөн дор өрнөж эхэллээ. Хоёр жилийн дараа Тавантолгойн коксжих нүүрс, бүр хэдэн жилийн дараа Сайншандын ган боловсруулах үйлдвэрт боловсруулсан бүтээгдэхүүн энэ замаар тээвэрлэгдэх эсэхийг цаг хугацаа харуулна.