Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” тайланг танилцуулав

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр  “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. 

“Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.

Тус тайлангийн  танилцуулга уулзалтын эхэнд Байгаль баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, судлаач Эндрю Бауэр нар мэдээлэл хийлээ. “Стратегийн орд газруудад төр хувь эзэмших нь 2008-2009 оны санхүүгийн хямрал, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналтаас өмнөх үед боломжийн санаа мэт байсан. Харин сүүлийн жилүүдэд эрдэс баялгийн үнэ тогтворгүй, дунд хугацаанд үнэ доогуур байгаа нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хөөрлийг намжаагаад байна. Үүний улмаас тус компаниас улсад төвлөрүүлэх орлогын хэмжээ хүлээгдэж байснаас чамлалттай байна” хэмээн ярилаа.

Тэрээр мөн “Эзэмшлийн хувиар жинлэж үзвэл, 2017 онд Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Шивээ-Овоо, Багануур зэрэг охин ба хараат компаниуд, мөн толгой компанийн татвар, хураамж, нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улсад оруулсан орлогын Эрдэнэс Монголд ногдох дүн 317 тэрбум төгрөг л байна. Бас Эрдэнэс Монгол өөрийн нэг чиг үүргийн дагуу уул уурхайн эзэмшил активдаа хувийн хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй байсан” хэмээн илтгэлдээ дурдлаа.   

“Эрдэнэс Монгол”-ын хөрөнгийн 82.5%-ийг Эрдэнэс Тавантолгой компани эзэмшдэг бөгөөд нүүрсний үнийн өсөлт, Хятадын эрэлтээс хамаарч 2017 оноос хойш ашигтай ажиллаж байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой” компани 2035 он буюу түүнээс хойш ногдол ашиг авч эхлэхээр байгаа, нөгөөтэйгүүр, охин компаниудаас толгой компанид ногдол ашиг хуваарилаагүй байна гэдгийг илтгэгчид хэлж байлаа. 
Судлаач Эндрю Бауэр “Эрдэнэс Монгол компани Монгол Улсын аж үйлдвэрийн өөрчлөлтийг жолоодогч хүч байна” хэмээн онцоллоо. Хамгийн гол нь, зохицуулалтын цоорхой, улс төрийн оролцоо, охин компанитай тогтсон тодорхойгүй харилцаа нь дараах сорилтууд “Эрдэнэс Монгол”-д тулгарч байгааг илтгэгчид онцолсон юм. 

“Эрдэнэс Монгол” компанийн охин компаниуд дахь хөрөнгө оруулалт Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх эсэх нь тус компанийн засаглалаас хамаарах аж. Тус компани юунд хөрөнгө оруулалт хийж болох тухай шалгуур, тус компанийн менежерүүд аль хөрөнгө оруулалт оновчтой болохыг шийдэхэд удирдлага болох тогтолцоо алга байна гэдгийг ББЗХ-ийн судлаачид хэлж байлаа.  Бизнесийн шинэ төслүүд нь төрийн өмчит компанид улсын төсөвт ашиг хуваарилахаас илүүтэйгээр аж үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулах боломжийг олгож буй төр засгийн сонголтын илрэл болж байгаа аж.

“Эрдэнэс Монгол” компани ийнхүү огцом өсөн тэлж буйтай холбоотой өөр нэг сорилт бол ашигт ажиллагаа хангалтгүй байгаа явдал гэдгийг судлаачид хэлж байв. Анх байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн сүүлийн гурван жилд  буюу 2016-2018 онд нийт 41 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь чамлахааргүй дүн бол 2017 оны эцсийн байдлаар 877 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлуулаад байгаа юм байна. Мөн тус компани нүүрс экспорт болон төмөрлөгийн аж үйлдвэрийн цогцолбор төслийг санхүүжүүлэхэд 7.3 гаруй тэрбум доллар хайж байна. 

Охин компаниуд ашгийнхаа хэдэн хувийг толгой компанид төлөх, толгой компани ашгийнхаа ямар хэсгийг төрийн санд тушаахыг зохицуулсан дүрэм журам байхгүй байгааг мөн танилцуулга уулзалтад оролцогчид онцоллоо.  Тус тайланд төр засгийн зүгээс компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хийх шинэчлэлүүд, тухайлбал охин компаниудын хяналтыг сайжруулах, төсөл тус бүрээр зах зээлийн үнэлгээ хийх, төлөөлөн удирдах зөвлөл болон дээд түвшний менежерийн томилгооны шалгуурыг тодотгох, ил тод байдлыг нэмэгдүүлэх зөвлөмжүүдийг тусгасан байна. 

Тус хэлэлцүүлэгт оролцсон “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү тайлангаас олон шинэлэг мэдээлэл сонсож, компанийн үйл ажиллагаандаа тусгах боломжтойг дурдаж байлаа. Гэхдээ энэ судалгаа нь компанийн 2017 он хүртэлх үр дүнг харуулж байгаа учраас өнөөг хүртэлх  хугацаанд компанийн хэмжээнд маш олон ажил хийгдсэнийг онцлон дурдаж байв.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь олборлох салбарын засаглалыг сайжруулах замаар тухайн улсын иргэдийн хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын, ашгийн бус байгууллага юм. Монгол Улсад салбарын оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн бодлогыг сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг дэмжих зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн юм.

Г.Идэр