Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Тэргүүлэх компаниуд хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж байна  

Хариуцлагатай уул уурхайн төлөө салбарын компаниуд сайн дураар нэгдэх аяныг албан ёсоор эхлүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдав. Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Энержи Ресурс, Аспайр Майнинг, Саусгоби сэндс, Терра Энержи, Багануур зэрэг компаниуд үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдлээ. Олборлох салбарт хариуцлагтай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг Монголын Уул Уурхайн Үндэсний ассоциацаас санаачилж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.

“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдэж буйгаа илэрхийлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Аспайр Майнинг” компанийн З.Ган-Очир, “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат, “Терра Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Боуэлс, “Багануур”ХК-ийн дэд захирал О.Туяа нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь 5 бүлэг бүхий 30 гаруй заалттай. Уул уурхайн үйл ажиллагааны хариуцлагыг хангахад хамгийн чухал шаардлагуудыг МУУҮА-аас тодорхойлон санамж бичигт тусгажээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС)2017 оны тайлангийн мэдээллээр, уул уурхайн салбар нь Монгол Улсын ДНБ-ний 23.4%-ийг эзэлж, нийт экспортын 79.6%-ийг бүрдүүлж байна. Тус тайланд олборлох үйлдвэрлэлийн 2068 компаниас Засгийн газар орлого хүлээн авсан гэж тайлагнажээ. Тэгвэл Ашигт малтмал газрын тосны газрын статистик мэдээллээр, 2018 оны байдлаар Монгол Улсад ашигт малтмалын 3078 тусгай зөвшөөрөл эзэмшигч 1888  аж ахуйн нэгж байгаа юм. Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулдаг “ТОП 50” аж ахуйн нэгжид уул уурхайн компаниас Эрдэнэ үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгой, Энержи Ресурс, Монголын Алт, Цайрт Минерал, Тавантолгой, Болдтөмөр Ерөө гол, Эрдэнэс Монгол, Монголросцветмет, Багануур, Шинь Шинь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Өсөх зоос зэрэг компаниуд тодорсон.   

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлага бүхий л салбарт байх ёстой. Тэр тусмаа уул уурхайн салбарт хариуцлага нэн түрүүнд тавигдах учиртай. Улсын эдийн засгийн суурь бүтэц, өсөлт болж, ажлын байр бодитоор нэмэгдүүлж, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхлыг бий  болгож байгаа  салбар бол уул уурхай юм. “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр муу муухай бүхэн уул уурхайгаас болж, байгаль орчин сүйтгэж, гол горхийг ширгээж байна гэсэн өрөөсгөл ойлголттой нийтээрээ 20 гаруй жил явж иржээ. Бодит, зөв , харьцуулсан тоон мэдээллийг олон нийтэд өгөх хэрэгтэй. Ингэж байж иргэд, төр, хувийн хэвшил хоорондын эрүүл харилцаа уул уурхайн салбарт бий болно гэж харж байна. Өнөөдөр хөрөнгө оруулалт хийж, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, дэлхийн тавцанд нэр хүндээ өсгөж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэн ажлын байр нэмэгдүүлж байгаа хүчтэй аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт байна.

Монгол Улсын эдийн засгийг үүрч ирсэн “Эрдэнэт үйлдвэр”, Монгол Улсын засгийн газар болон “Рио Тинто” группын хөрөнгө оруулан хамтарсан Оюутолгой төсөл, 1997 оноос хойш Монголоос “нүүрс бууруулаагүй” Эрдэнэ Ресурс, Тавантолгойн нүүрсний орд газарт угаах үйлдвэр, цахилгаан станц байгуулж, иргэдийг ажлын байраар хангаж орон нутгийн хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн үндэсний “Энержи Ресурс” компаниуд гээд уул уурхайн салбарт хариуцлагыг эрхэмлэн, үйл ажиллагаагаараа тэргүүлж буй 7 компани өнөөдөр үлгэрлэн манлайлж хариуцлагатай уул уурхайн кодекст сайн дураар нэгдэж байна.

Уул уурхайн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа тэр болгон олон нийтэд төдийлөн сайн хүргэж, танилцуулж чадахгүй байгаа энэ тохиолдолд салбарын эсрэг шантажлах байдлаар ажилладаг, үүнийг ард түмний ойлголтыг төөрөгдүүлэхэд ашигладаг, хөдөө орон нутгийн иргэдийн турхирдаг бүлэглэл, хүмсүүд газар авчээ. Яг нарийн хэлвэл, популизм. Үнэхээр уул уурхайн салбарыг харлуулж байгаа саар зүйлс ч бас байгаа. Бидний ярьдгаар “бичил” гэж эвтэйхэн нэр томъёололтой хууль бусаар ашиг малтмал олборлож байгаа хүмсүүд бий. Энэ бол нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж хэлмээр байгаа юм. Улсын баялгийг хуулийн дагуу бус, зөвшөөрөлгүй олборлож байгаа бол гэмт хэрэгтэн.

“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ыг хэрэгжүүлж байгаа санаачилга, хөтөлбөрийг зөв зүйтэй алхам гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Энэ аужлыг бүх талаас нь дэмжинэ. Ингэж байж салбарын зөв зүйтэй бодлого, үйл ажиллагаа олон нийтэд таниулах ёстой. Энд хувийн хэвшилгүй төр оршихгүй, төргүйгээр хувийн хэвшил оршихгүй. Хариуцлагтай, ил тод уул уурхайг хөгжүүлэх асуудал бол УУХҮЯ-ны баримтлан ажиллаж буй гол стратеги зорилтын нэг”

МУУҮА-ийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, тогтвортой хөгжлийг хангаж буй хамгийн хариуцлагатай уул уурхайн салбарын ололт амжилт, гүйцэтгэж байгаа үүргийг бүгд мэддэг. Гэвч эрдэс баялгийн салбарыг гадуурхдаг үзэл хавтгайрч, өмнө нь нийтийн түвшинд байсан бол одоо улс төрийн түвшинд, шийдвэр гаргах засаглалд хүчтэй оршиж байна. Уул уурхайн салбарт, ялангуяа орон нутагт албан бус байгууллага болон “нинжа” нар хариуцлагагүй ажиллаж байна. Хяналт зохицуулалтын байгууллагууд ч хангалттай хянаж чадахгүй байна. Тэр хэмжээгээр уул уурхайн салбар иргэдэд хууль дүрмийн дагуу биш, шударга бус, “муухай” харагдах болсон. Мөн дотоодын уул уурхайн жижиг, дунд үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлага тал дээр тун идэвх муутай, сулхан ажиллаж байна. Монгол шиг популизмын давлагаанд зовлон туулж өнөөг хүрсэн ийм үзэгдэл дэлхийн олон оронд байсан. Үүний нэг жишээ нь Канад улс. Тус улсын уул уурхайн ассоциац тогтвортой уул уурхайн төлөө TSM төслийг амжилттай хэрэгжүүлж, одоо зүүн өмнөд Азийн таван улсад хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх санал санаачилга, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монголын уул уурхайн салбарт, үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад тодорхой үр дүн гарна гэж бид төсөөлж байна.

Компанийн сайн засаглал ба ил тод байдал, хөтөлбөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоо гэсэн таван бүрэлдэхүүнээр хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр компаниуд өөрөө сайн дураар үнэлгээгээ хийдэг, бодлогоо гарган уламжлан хэрэгжүүлдэг, төлөвлөлт болоод дотоод хяналт, гүйцэтгэлийн менежмент, арга барил нь олон улсад өрсөлдөхүйц сайжирч, гэгээлэг, эрүүл зөв үйл ажиллагаа явуулж, компани хөгжлийн шинэ шатанд гарна. Менежментийн туршлага, мэдээллээ харилцан хуваалцах, салбарын хэмжээнд туршлагаа түгээхэд нээлттэй хамтран ажиллаж, салбарын компаниудын хамтын ажиллагаа улам бэхжинэ. Иргэд уул уурхайн хариуцлага, нийгмийн лицензи болон салбарын талаар илүү нарийн, эерэг ойлголттой болно. Олон тооны жижиг, дунд үйлдвэрийг татан оролцуулах боломж бий болно. Хариуцлагын талаар муу мэдлэгтэй, түүндээ анхаардаггүй, хэрэгжүүлдэггүй компаниуд ч даган дуурайх юм. Ингэснээр тухайн компаниудын засаглал, дотоод менежмент, үйл ажиллагаа нь зүгширнэ. Монголын уул уурхайн нэр хүнд ард түмний дунд болон олон улсад өсөх ач холбогдолтой. Хариуцлагаараа сайн жишиг компани болж болдгийг Монгол Улсад төдийгүй, бүс нутагтаа, олон улсад харуулна”

МУУҮА-ийн  Зөвлөлийн тэргүүн А.Билгүүн “Монгол Улсад уул уурхайн салбар руу чиглэсэн сөрөг хандлага нийгэмд бий болоод байна. Уул уурхайн салбарынхан өөрсдөө ч болохгүй, буруу зүйлүүд хийж байгаа. Манай улсын хойд буюу “ногоон” бүсэд гол дагаад алтны шороон ордууд байршдаг. Хууль бусаар алт олборлогчид гэх бичил уурхайчдын үйл ажиллагаа гол ус бохирдуулж байна. Эрдэнэт хүний алтан амь эрстэх асуудлууд ч байна. Энэ жил нэлээд хэдэн тохиолдол гарлаа. Бидний нэрлэж заншсан “нинжа” нар өнөөдөр уул уурхайн салбарын нэр хүндийг сэвтүүлж байгаа нь үнэн. Өнөөдөр уул уурхайн тэргүүлэгч компаниуд хоорондоо нэгдэн “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ыг хэрэгжүүлж, өөрөө өөрсдийгөө үнэлдэг болж бусдыгаа манлайлъя. Зөв зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагаагаараа үлгэр жишээ болъё. Ийм зорилтыг дэвшүүлэн энэхүү санаачилга, хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм”

Э.Жаргал