Сингапурын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт төмрийн хүдрийн Цахиуртын овоо уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Эл уурхай нь 90 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Одоо уурхайдаа түшиглэн жилд 300 мянган тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд 2019 оны эцэс гэхэд барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уурхайн нөөцөө бүрэн дүүрэн ашиглана гэж гэж үзэж буй.
Бусад дагалдах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлаа эхэлж, зураг төслөө боловсруулж байгаа тухай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК-ийн төлөөлөл Сүхбаатар аймагт болсон бүс нутгийн хамтын ажиллагааны 6 талт хэлэлцээрийн үеэр танилцууллаа.
“ЭМ ЭЛ Цахиурт Овоо” компани уурхайдаа эрчим хүчний 110 КВт чадалтай дэд станц, жилд 1.3 сая тонн түүхий хүдэр баяжуулах хүчин чадалтай хуурай баяжуулах үйлдвэр, мөн жилд 700 мянган тонн 65-68%-ийн агууламжтай төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг тус тус байгуулсан. Эдгээр үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Улиастай хошууны Зүүн хатавч боомтоор экспортолж байгаа юм.
2011 онд байгуулагдсан “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт төмрийн хүдэр, молибдени ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг.