Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ҮСХ: Төмрийн хүдрийн экспорт 72%-иар өсөв

 

Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт оны эхний долоон сарын байдлаар 8.1 тэрбум ам.доллартай тэнцэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4%-иар нэмэгдсэн дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнээс экспорт 4.6 тэрбум ам.доллар, импорт 3.5 тэрбум ам.долларыг эзэлж байна. Экспортын хувьд авч үзвэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%, импорт 7.4%-иар тус тус нэмэгдсэн байна.

Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо.

Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.

Орлогын дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа зэсийн баяжмалын экспорт оны эхний долоон сарын байдлаар 1.19 тэрбум ам.доллартай тэнцэж, 2%-иар өссөн дүнтэй гарлаа. Мөн биет жингээр 867.7 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.3%-иар өссөн байна.  Харин боловсруулсан цэвэр зэсийн экспорт 5.1 мянган тоннд хүрч, орлогын дүнгээр 30.5 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс жингийн хувьд 33.7%, орлогын тухайд 40.7%-иар тус тус буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд 311.3 сая ам.доллартай тэнцэж, жингээр 4.83 сая тоннд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 22.1%-иар, орлогын дүнгээр 71.6%-иар тус тус өссөн гэсэн үг. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд огцом өсөлттэй байгаа нь экспортын орлого нэмэгдэх нөхцөл болж байна.

Түүхий газрын тосны экспорт оны эхний долоон сарын байдлаар 3.85 сая баррельтай тэнцэж 210.5 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад газрын тосны экспортын орлого 16.1%-иар, жингийн хувьд 3.2%-иар буурсан дүнтэй гарсан гэсэн үг.

Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт мөн хугацаанд 196 орчим сая ам.доллар буюу 4.7 тоннд хүрчээ. Энэ нь орлого болон жингийн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхээс 35-36%-иар нэмэгдсэн гэсэн үг. Монголбанкны мэдээлж буйгаар оны эхний долоон сарын байдлаар алтны нийт худалдан авалт 7.5 тоннд хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 19%-иар буурчээ.

Цайрын хүдэр, баяжмалын экспорт оны эхний долоон сарын байдлаар 82.8 мянган тоннд хүрч, орлогын дүн нь 121.5 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь орлогын дүнгээр 1.8%-иар буурсан бол жингээр 16.1%-иар өссөн гэсэн үг.

Жоншны хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 359.1 мянган тоннд хүрч, 115 орчим сая ам.долларын орлого олжээ. Тодруулбал орлогын хувьд 44.7%-иар, жингийн хувьд 49.7%-иар тус тус нэмэгдсэн байна.

Хар тугалганы хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 14 мянган тоннд хүрч, 30.5 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь жингийн хувьд 26.1%-иар, орлогын хувьд 6.1%-иар тус тус өссөн гэсэн үг.

Молибденийн баяжмалын экспортын хувьд оны эхний долоон сарын байдлаар 3.3 мянган тоннд хүрч, орлогын дүн нь 29.1 сая ам.доллартай тэнцлээ. Энэ нь орлогын дүнгээр 8.1%-иар нэмэгдсэн боловч, жингээр ялимгүй буурсныг илтгэнэ.

Гянтболдын хүдэр, баяжмалын экспорт мөн хугацаанд 275.2 тоннд хүрч, 2.9 сая ам.долларт хүрсэн нь жингээр 4.9%, орлогын хувьд 12%-иар тус тус буурсан гэсэн үг.

Ийнхүү эрдсийн экспортыг задалж үзвэл төмрийн хүдэр, жоншны хүдэр, баяжмалын экспорт нэлээд өсөлттэй байсан бол газрын тос, цэвэр зэсийн экспорт багагүй буурлаа. Улсын нийт экспортыг сарын дүнгээр авч үзвэл долдугаар сарын экспорт 632.5 сая ам.долларт хүрч өмнөх сарынхаасаа 43.1 сая ам.доллараар буурсан байна. Харин долдугаар сарын импорт 613.4 сая ам.долларт хүрч 34.7 сая доллараар өсчээ.

Гадаад худалдааны ашиг оны эхний долоон сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 213.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүнтэй гарлаа.

 

Б.Төгс