Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Т.Чимэгсанаа: Хөтөлбөр 5 жил хэрэгжиж дахин шинэчлэгдэнэ 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилт хариуцсан Ахлах мэргэжилтэн Т.Чимэгсанаагаас  Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийн талаар  MMJ-ийн Г.Идэрхангай тодрууллаа.

“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг Засгийн газрын тавдугаар сарын 29-ний хуралдаанаар баталсан. Хөтөлбөрийг харахад та бүхний боловсруулсан төслөөс өөрчлөгдөөгүй байна. Суурь судалгаа нэлээд сайн хийсэн үү?
Хөгжингүй орнуудын туршлагаас харахад эдийн засгийн суурь бүтцээ түрүүлж бүрдүүлдэг тэргүүн туршлага байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн суурь бүтцээ бүрдүүлээд дараагийн шатны бүтэц рүүгээ шилжсэн байх юм. Гэтэл Монгол Улс өнөөдөр уламжлалт аж үйлдвэрлэлийнхээ суурь бүтцийг ч хөгжүүлж чадаагүй байна шүү дээ. Тиймээс бид хийгдээгүй ажлуудаа гүйцээж, олон улсын чиг хандлагатай уялдуулан Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах  үйлдвэр  байгуулах хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрууд  бий болгон  хүнд аж үйлдвэрийн эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх учиртай. Энэ  зорилгоор хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 

Хөтөлбөрийг боловсруулахын тулд  Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу нөхцөл байдлын судалгааг хийсэн. Хоёр жилийн хугацаанд үндсэндээ хоёр төрлийн судалгааг мэргэжлийн баг гүйцэтгэсэн. Ингэхдээ мэргэжлийн программ ашиглан  аж үйлдвэрийн байршил хаана байвал оновчтойг тогтоосон. Хүнд үйлдвэрийн байршилд нөлөөлдөг 10 орчим  хүчин зүйлийг тооцож программд оруулахад үйлдвэрийн байршлууд тодорхой  гарч ирсэн. Цаг уурын байдал, гидрогеологийн  нөхцөл, ажиллах хүчний нөөц боломж, түүхий эдийн нөөцийн мэдээлэл, ойн бүс болон тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байгаа эсэхийг маш нарийн тооцоолсон гэж хэлж болно.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн байршлыг эхлээд Эрдэнэт, дараа нь Бор-Өндөр сум тохиромжтой гэж үзэж байгаад  сүүлд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумыг сонгосон шүү дээ. Тусгай мэргэжлийн программ дээр сүүлийн байршлын мэдээлэл тодорхой гарч ирсэн гэсэн үг үү?

Тийм ээ. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн байршлын хамгийн боломжтой  нь Өмнөговийн Ханбогд сум  гэдэг тодорхой байна. Үндсэндээ голлох таван ашигт малтмал тус бүр дээр үйлдвэрийн байршлын судалгааг 2017 онд  гаргасан. Ингээд аж үйлдвэрийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ гэдгийг дараа жил нь нарийвчлан судалсан. Тодруулбал, Монгол Улсад хүнд аж үйлдвэрийн чиглэлтэй  хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгааг тогтоож, цаашид эдгээрийг хэрхэн хөгжүүлж, хаана  шинээр үйлдвэр  байгуулах нь зохистой вэ гэдгээ тодорхойлсон.   
 
Хүнд үйлдвэрийн чиглэлээр манай улсад 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик бий? 
2018 онд хийсэн судалгаагаар бид хүнд аж үйлдвэр бүхий 79 үйлдвэр дээр очиж танилцсан. Түүнээс 63 үйлдвэр нь манай судалгааны бүртгэлд хамрагдсан. Ихэнхдээ метал хийц, машин үйлдвэрлэл, төмөрлөг боловсруулалт болон  ган бөмбөлөг, газрын тосны бага оврын үйлдвэрүүд өнөөдөр үйл ажиллагаа  явуулж байна. 

Хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд (2019-2023) хэрэгжүүлнэ. Урт хугацаандаа энэ хөтөлбөр шинэчлэгдээд явна гэж ойлгосон, зөв үү?
Ерөнхийдөө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар бол хөтөлбөр дунд хугацаандаа 3-5 жил хэрэгжих ёстой. Хэдийгээр хүнд үйлдвэр нь цаг хугацаа, хөрөнгө санхүү ихээхэн шаарддаг гэдэг утгаараа   5 жилийн дараа уг хөтөлбөр шинэчлэгдээд явна.   

Амжилттай хэрэгжиж байгаа хүнд аж үйлдвэрийн төслүүд байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт идэвхтэй явагдаж байгаа. Бусад төслийн хувьд хэрэгжилт нь ямар түвшиндээ байна вэ?
Нүүрснээс  нийлэг хий үйлдвэрлэх төслийн хувьд Дэлхийн банкны дэмжлэгээр суурь судалгаа  хийгдэж дууссан. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ нь ч хийгдсэн. Одоогоор хувийн хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр шат дараатай ажлууд явагдаж байна. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг  мөн боловсруулж дууссан. Энэ жил ТЭЗҮ-ийг эцэслэж, санхүүжилтийг  тодорхойлно. Хариуцсан Төслийн нэгж  хөрөнгө оруулагчаа хэрхэн сонгох шалгуур үзүүлэлтийг  гаргасан. Түүнчлэн Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажилдаа холбогдох албаны хүмүүс нь орсон байна. 

Энэ чиглэлээр Казахстаны хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийж  байгаа. Нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгой ордыг түшиглээд байгуулъя гэсэн байдалтай байна. Одоогоор Металургийн чиглэлээр гурван төсөл хэрэгжиж байна. Дархан-Сэлэнгийн бүсэд Металургийн цогцолбор байгуулах ажлыг хувийн хэвшил хариуцаж, анхны ган бөмбөлөгийн үйлдвэрээ байгуулсан. Гэхдээ санхүүжилтын асуудлаас шалтгаалаад ган бөмбөлгийн төслийн ажил түр зогссон.  “Бэрэн” группын  Орхон аймагт байгуулж байгаа 200 мянган тонн ширэм, 100 мянган тонн ган бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг импортоор оруулж ирсэн байна. 

Мөн Чойрын бүсэд “Эрдэнэс Стийл” компани “Бэрэн” групптэй хамтран Металург, коксын цогцолбор байгуулахаар Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.