Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятадын коксжих нүүрсний импорт 18.3%-иар өсөв

Хятадын гангийн үйлдвэрлэгчид татан авалтаа нэмэгдүүлж байгаагаас үүдэн тус улсын коксжих нүүрсний импорт долдугаар сард өсөлттэй гарчээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард тус улсын хэмжээнд 7.75 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7%-иар, өмнөх зургадугаар сарынхаас 18.3%-иар тус тус өссөн дүнтэй гарсан тухай Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Тэр дундаа Австралиас авах коксжих нүүрсний хэмжээ 3.96 сая тоннд хүрсэн нь өмнөх зургадугаар сарынхаас даруй 40.2%-иар нэмэгдсэн байна. Энэ нь Хятадын ган үйлдвэрлэгчдэд дотоодын гэхээсээ илүүтэй импортын нүүрсний үнэ хямд тусч байгаа нь голлон нөлөөлжээ.

Харин Монголоос авах коксжих нүүрсний импорт долдугаар сард 2.57 сая тоннд хүрсэн нь өмнөх зургадугаар сарынхаас 4.4%-иар буурсан дүнтэй гарсан байна.

Хятад руу хийх Оросын коксжих нүүрсний экспорт долдугаар сард 731 мянган тоннд хүрсэн нь 27 орчим хувиар өсчээ. “Аргус Медиа“ агентлагийн тайлбарлаж буйгаар Оросын экспорт ийнхүү өссөн нь Австралийн нүүрстэй харьцуулахад үнийн хувьд өрсөлдөхүйц байгаа нь голлон нөлөөлсөн байна.

Америк-Хятадын худалдааны дайны нөлөөгөөр АНУ-ын нүүрсэнд татвар ногдуулж, үнэ нь нэмэгдсэнээр Хятад сүүлийн хэдэн сар АНУ-аас нүүрс импортлоогүй. Тэгвэл өнгөрсөн долдугаар сард Хятад руу хийх АНУ-ын коксжих нүүрсний экспорт 197.6 мянган тоннд хүрчээ.

Долдугаар сард Канадаас 179.5 мянган тонн коксжих нүүрс авсан нь өмнөх сартай нь харьцуулахад 61 орчим хувиар буурсан бол Индонезээс 109 мянган тонн коксжих нүүрс импортолсон байна.

Гэхдээ Хятадын коксжих нүүрсний импорт бага зэрэг өссөн явдал нь долдугаар сарын эхнээс авахуулан дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ буурсантай шинжээчид холбон тайлбарлажээ. Долдугаар сард Австралийн дээд ангиллын коксжих нүүрсний дундаж үнэ 182 ам.доллар/тонн байсан нь өмнөх зургадугаар сарынхаас 7.4%-иар буурсан байна.

Харин эрчим хүчний нүүрсний импортыг авч үзвэл өнгөрсөн долдугаар сарын үзүүлэлт 24.42 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 20%, өмнөх сарынхаасаа 23%-иар тус тус нэмэгджээ. Ийнхүү эрчим хүчний нүүрсний импорт нэмэгдсэн нь тус улсын импортын таналтын улмаас оны сүүл улиралд станцууд нүүрс татан авалт хийхэд хүндрэлтэй байх таамгаас үүдэлтэй юм байна.

Оны эхний долоон сарын байдлаар тус улсын бүх төрлийн нүүрсний импорт нийтдээ 187 сая тонноор хэмжигдэж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа.

 

 

Б.Төгс