Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
“ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Тогтоолоор:
байгалийн цогцолборт газрын ангиллаар 2;
нөөц газрын ангиллаар 14;
дурсгалт газрын ангиллаар 1;
зарим нутгийн хилийн заагийг дархан цаазат газрын өргөтгөлөөр 4;
зарим нутгийн хилийн заагийг байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр 1.
Нийт 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбай бүхий 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.
Уг тогтоол батлагдсанаар:
Байгалийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгалийн унаган төрхийг хамгаалах;
Байгалийн нөөц хомсдох, экосистемийн тэнцвэрт байдлын үйл явцыг хязгаарлах;
Устах аюулд орсон амьтан, ургамлын хэвийн үржил, амьдрах нөхцөлийг хамгаалах, ховор, нэн ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах, судалгаа шинжилгээний түшиц газар болгох;
Монгол орны байгалийн ховор экосистем, ландшафт бүхий газар нутгаа онгон дагшин байдлаар нь хадгалан ирээдүй үеийнхэнд өвлүүлэх;
Ногоон эдийн засгийн хөгжлийн түшиц газрыг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой.