Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Эрдсийн захад бууралт давамгайлж эхэллээ

Б.Төгсбилэгт

2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.


Коксжих нүүрсний зах зээл дэх сөрөг уур амьсгал 
 
Хятадын хойд хэсгийн түүхий эдийн томоохон боомт Цаофейдянь өнгөрсөн долдугаар сарын 16-наас эхлэн нүүрсний импортыг зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь цаашид импорт танагдана гэсэн дохиог зах зээлд өглөө. Энэ хязгаарлалт эрчим хүчний болон коксжих нүүрсний аль алинд нь хамаарч буй юм. Хятад улс энэхүү боомтоор оны эхний хагаст тооцоолж байснаасаа илүү хэмжээний нүүрс импортолсон нь ийм алхам хийх шалтгаан болсон гэж Platts тайлбарлалаа. Тус боомт нь Хэбэй мужид оршдог бөгөөд уг шийдвэр нүүрсний худалдаанд төдийлөн нөлөөлөхгүй ч гадаад зах зээлд сөрөг дохио болж буй гэдгийг шинжээчид онцолж байна. Харин энэхүү мэдээлэл нь Хятадын дотоодын нүүрс олборлогчдод байдлыг ашигтайгаар эргүүлнэ. Энэхүү шийдвэрийн дараа Циндао болон Фанчэн боомтын нэвтрүүлэх хугацаа уртасч буйг шинжээчид онцолж байна. Австралийн дээд чанарын коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ нь долдугаар сарын 2-нд 192 ам.доллар/тонн байсан бол наймдугаар сарын эхээр ердөө 160 ам.доллар/тонн-той тэнцсэн байна. 

Цаофейдянь боомтын шийдвэрийн араас залгуулаад Хятадын өмнөд хэсгийн далайн эргийн боомтууд болох Жинтан боомт болон Гуанши муж дэх боомтууд нүүрсний импортоо хязгаарлахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд импортын таналт хийгдэж мэднэ гэсэн санаа зовнилыг түгээгээд байна. Гэхдээ зарим боомтод зөвхөн түр хугацааны импортын хориг тавьсныг  албаныхан мэдэгджээ. Ийнхүү шийдвэр гарсан нь тус улсын коксжих нүүрсний импортын хэмжээ зорилтот түвшинд хүрсэнтэй холбоотой юм байна. Гэхдээ энэхүү хориг нь голчлон худалдааны компаниудад үйлчлэх бөгөөд эцсийн хэрэглэгчид нүүрс авах боломж нь нээлттэй байх ажээ. 

Оны эхний хагас жилийн байдлаар тус улс нийтдээ 154 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4%-иар нэмэгдсэн дүн болж байна. Хятадын коксжих нүүрсний импортын хэмжээ оны эхний хагас жилийн байдлаар 36.3 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлт болох 29.4 сая тонноос давсан үзүүлэлт боллоо. Үүний 16.7 сая тонныг нь Монголоос, 14.6 сая тонныг нь Австралиас импортолжээ.

Долдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт 7.75 сая тоннд хүрсэн нь өмнөх зургадугаар сарын үзүүлэлт болох 6.55 сая тонноос даруй 18%-иар нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Хятадын Засгийн газраас нүүрсний импортыг өнгөрсөн оны түвшнээс дээшлүүлэхгүй байх бодлого баримталж байгаа юм. Тиймээс оны сүүл хэсэгт Хятадын нүүрсний импорт буурч магадгүй гэсэн таамаг зах зээлд үүслээ. 

Focus Economics байгууллага коксжих нүүрсний үнэ буурч буй нь Хятадын аж үйлдвэрийн салбар бууралттайгаас үүдэлтэйг тайлбарлажээ. Өнгөрсөн тавдугаар сард Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт сүүлийн бараг хорин жилийн хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрсэн нь зах зээлд эрэлт буурна гэсэн дүр зургийг буулгалаа. Энэхүү үйл явц нь дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засгийн хооронд үүсээд буй худалдааны дайнтай шууд холбоотой. Хэдийгээр Хятадын Засгийн газар дотоодын салбарыг дэмжих арга хэмжээ авч, энэ нь эргээд коксжих нүүрсний үнэд сайнаар нөлөөлнө гэж харж байгаа ч бодит байдал дээр үнэ буурах хандлага тодорч байна. 

Алтны үнэ өсөлт үргэлжлэх төлөвтэй

Эрдсийн ханш буурч байгаа ч алтны үнэ өссөөр. Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал сайнгүй байгаа энэ үед хөрөнгө оруулагчид алтыг илүү баталгаат хувилбар гэж үздэг. Алтны ханш, алтны хөрөнгө оруулалтын сан, алт олборлогчдын үзүүлэлт бүгд өсөлттэй гарсаар байна. Алтны үнэ наймдугаар сарын сүүл үеийн байдлаар сүүлийн зургаан жил хагасын хугацаан дахь хамгийн оргил түвшинд хүрч 1551.8 ам.доллар/унцид хүрлээ. АНУ-Хятадын худалдааны дайны хурцадмал байдал, түүнээс улбаатай хөрөнгийн зах зээлийн гол индексүүдийн уналт, Засгийн газрын бондын өгөөж буурч байгаа нь энэ үүнд нөлөөлжээ. 

UBS банк ойрын гурван сарын хугацаанд алтны ханш 1600 ам.доллар/унцид хүрнэ гэж таамаглал дэвшүүллээ. АНУ-Хятадын худалдааны маргаан нь өсөлтийг бууруулж, төв банкны бодлогын хүү буурах, эдийн засаг илүү удаашрах нөхцөл бүрдүүлж мэдэхээр байгааг онцолжээ. Тус банкны хувьд алтны ханш цаашид үүнээс ч илүү буюу 1650 ам.доллар/унцид хүрнэ гэж  үргэлжлэн өснө гэж харж байна. 

Зэсийн үнэ хоёр жил гаруй хугацаан дахь доод түвшинд хүрэв

Зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 2017 оны зургадугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрч ирээд байна. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын байдлаар зэсийн үнэ тонн тутамдаа 5700 ам.доллараас доош буулаа. Зэсийн үнэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэдэг аж үйлдвэрийн метал гэдэг утгаараа шинжээчид үүнд ихээхэн анхаарал хандуулдаг. IHS Markit байгууллагаас гаргадаг АНУ-ын аж үйлдвэрийн PMI үзүүлэлт 49.9-д хүрч 2009 оноос хойш анх удаагаа бууралтыг илтгэв. Гагцхүү АНУ, Хятад бус Япон, Герман гээд голлох эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан дүнтэй гарч байгаа нь аж үйлдвэрийн металуудын ханш доошлох нөхцөл болж байна. Хөнгөн цагаан, цайр, цагаан тугалга гээд голлох металуудын ханш ихээхэн бууралттай байгаа бол никелийн ханш огцом өсөлттэй байна. 

Энэ сар тэргүүлэх эдийн засагтай хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны дайны хувьд ихээхэн “адал явдал”-тай сар болж өнгөрч байна. Наймдугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын 300 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10%-ийн нэмэлт татвар ногдуулахаар болсноо зарласан. Удалгүй Трамп Хятадын зарим бараа бүтээгдэхүүнд тавих нэмэлт татварыг оны сүүл сарын дунд хүртэл хойшлуулах, мөн тодорхой хэсэг барааны татварын нэмэгдлийг цуцлахаа илэрхийлсэн. 
Гэхдээ энэ нь зөвхөн үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын үүднээс гэдгийг тайлбарласан. 

Харин Хятадын тал энэ гэнэтийн мэдэгдэлд хариу цохилт болгож АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохгүйн зэрэгцээ АНУ-ын 75 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс 5-10%-ийн татвар ногдуулахаар болсноо зарласан. Мөн АНУ-аас тус улс руу хийх автомашины экспортод ногдуулдаг татварыг сэргээхээр болсноо ч мэдэгдсэн юм. Трамп үүнд нь хариу болгож Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй болон ногдуулахаар төлөвлөөд буй нэмэлт татварын хувь хэмжээг 5%-иар өсгөнө гэж мэдэгдээд амжсан. Гэхдээ АНУ, Хятад худалдааны дайныг эцэслэх яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Трамп ч хэлэлцээр амжилттай болно гэдэгт итгэж буйгаа мэдэгджээ. Гол нь үнэхээр үр дүнд хүрэх эсэхэд шинжээчид итгэлтэй биш байна. Энэ бол наймдугаар сарын товч зураглал гэж хэлж болно. Тэгэхээр наймдугаар сард Трампын ээлж дараалан хийсэн мэдэгдэл, Хятадын хариу алхмууд аж үйлдвэрийн металуудын зах зээлд сөрөг уур амьсгал орууллаа гэж хэлж болно. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн зэсийн үнэ буурч эхэлсэн ч, энэ сард бууралтыг бүр илүү хурцатгав. Гэхдээ шинжээчид зэсийн урт хугацааны төлөвт өөдрөг хандлагатай хэвээр байгааг санах хэрэгтэй.


Газрын тосны үнийн төлөв таагүй 

Дэлхийн эдийн засгийн нөхцөл таагүй болох үед алтны үнэ өсдөг бол газрын тосных   эсрэгээрээ уруудах болно гэдгийг шинжээчид сануулдаг. Тэгвэл энэ хуулийн дагуу томоохон банкууд эхнээсээ газрын тосны ханшийн таамгаа бууруулж эхлээд байгаагийн нэг жишээ нь Morgan Stanley боллоо. Тус банк Брэнт маркийн газрын тосны ханш энэ онд 65 ам.доллар/баррель байна хэмээн дэвшүүлсэн таамаглалаа 60 ам.доллар/баррель болгож буурууллаа. WTI газрын тосны хувьд 58-55 ам.доллар/баррель болгож багасгажээ. Тус банк энэ онд газрын тосны эрэлтийн өсөлт 800 мянган баррель/өдөр байх болно гэж тооцоолсон нь өмнөх таамаг болох 1 сая баррель/өдөр-өөс хавьгүй бага дүн юм. Мөн ирэх оны эрэлтийн өсөлтийг ч тус банк бууруулахаар тогтож, 1.4 сая баррель/өдөр байсныг 1 сая баррель/өдөр болгожээ. Одоогоор дэлхийн нийт газрын тосны эрэлт ойролцоогоор 100 сая баррель/өдөр-өөр хэмжигдэж байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) ч наймдугаар сарын эхээр дэлхийн газрын тосны эрэлтийн өсөлтийн тооцооллоо 1.2 сая баррель/өдөр байсныг 1.1 сая баррель/өдөр болгож өөрчилжээ. Мөн IEA дэлхийн газрын тосны эрэлт энэ оны эхний таван сарын байдлаарх дүнгээр 2008 оноос хойших хамгийн бага түвшинд хүрснийг мэдэгджээ. ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн хувьд өнгөрсөн долдугаар сард нийт үйлдвэрлэл нь 246 мянган баррель/өдөр-өөр буурч 29.61 сая баррель/өдөр болжээ. Үүнд Саудын Арабын гарц буурсан нь голлон нөлөөлсөн байна. 

ОПЕК-ийн хувьд ийнхүү үнийг хязгаарлахаар гарцаа танаж буй ч АНУ-ын газрын тосны экспорт өсч буй нь зах зээлд ханш өсөх нөхцөлийг хязгаарлаж байна. Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын нефтийн экспорт 260 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж 3.16 сая баррель/өдөр болсон нь сарын дүнгээр дээд амжилт тогтоожээ. 

Нөгөөтэйгүүр АНУ-ын зүгээс Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулаад эхлэх аваас газрын тосны эрэлт 250-500 мянган баррель/өдөр-өөр буурч болзошгүйг Bank of America Merrill Lynch анхааруулжээ. Үүнээс гадна тус банк Хятадын зүгээс АНУ-ын сүүлд зарласан нэмэлт татвар оногдуулах алхмын эсрэг хариу арга хэмжээ болгож Иранаас газрын тос импортолж эхэлбэл зах зээлд ханш 30 ам.доллар/баррель хүртлээ буурч мэдэхийг ч сануулжээ. Гэхдээ тус банк ирэх онд Брэнт газрын тосны ханшийн төлөвийг 60 ам.доллар/баррель байх таамаглалаа өөрчлөөгүй байна. 


Төмрийн хүдрийн үнийн “хөөс” хагарч эхэллээ

Зах зээлийн гол нийлүүлэгчид болох Бразилийн “Vale”-ийн уурхайн осол, Австралид тохиосон хар салхины нөлөөгөөр төмрийн хүдрийн үнэ энэ оны эхний долоон сард өндөр өсөлттэй байсан бол наймдугаар сараас эхлэн эрчимтэй буурч эхэллээ. Өөрөөр хэлбэл төмрийн хүдэр зах зээлийн хамгийн сайн өсөлттэй тоглогчоос хамгийн эрчимтэй бууралттай түүхий эд болох магадлал өндөр байна. Хятадын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт тааруу гарч буй нь, АНУ-Хятадын худалдааны дайны явц бүр хурцдаж мэдэхээр байгаа нь цаашид эрэлт, үнэ буурах төлөвийг тодруулж байна. 

Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн долдугаар сард 21%-иар нэмэгдэж 91 сая тоннд хүрчээ. Гэхдээ гангийн үнэ тус улсын зах зээлд буурсаар байгаа нь цаашид гангийн түүхий эдийн ханш буурах нь тодорхойг харуулж байна. Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр наймдугаар сарын 20-ны байдлаар төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 589.5 юаньд хүрсэн нь зургадугаар сарын 10-наас хойших доод үзүүлэлт боллоо. 

Төмрийн хүдрийн гол тоглогч болох “BHP” компани оны эхний хагасын тайлангаа танилцуулах үеэр гангийн гол түүхий эдийн үнийн төлөв сөрөг байгааг танилцуулсан юм. Үүнд АНУ-Хятадын худалдааны дайн голлон нөлөөлөхийг тайлбарласан байна. 

Оны хоёрдугаар хагаст төмрийн хүдрийн зах зээл ийнхүү илүү буурах шинж харагдана. Гэхдээ оны эхний хагаст гангийн салбар, төмрийн хүдэр олборлогчдод нөхцөл байдал тун давгүй байсан. Дэлхийн гангийн холбооны мэдээлж буйгаар энэ оны эхний хагаст Хятадын гангийн үйлдвэрлэл 492.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9.9% нэмэгджээ. Уг өсөлтөд дотоодын эрэлт голчлон нөлөөлжээ. Fenwei Energy-ийн мэдээлж буйгаар Хятадын гангийн дотоодын эрэлт оны эхний хагаст 460.7 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10.2%-иар өсчээ.