Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Ашигт малтмал хэний өмч вэ?

Н.Алгаа нь 1975-1980 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд суралцан өнгөт төмөрлөгийн инженер мэргэжил эзэмшсэн. 1990-1991 онд Японы Сендай хотын Тохоку их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2009-2012 онд МУИС-ийн хууль зүйн сургуульд эчнээгээр суралцжээ. Тэрээр Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө “Дат консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Н.Алгаагийн салбарын үйл явцад дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг The Mongolian Mining Journal  уншигчдадаа цувралаар хүргэж байна.  

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээс өмнө хүн болгон энэ бол төрийн өмч гэж хариулдаг байв. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д “...байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна”; 6.2-т “...газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”,  мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “...байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал... төрийн өмч” гэж тус тус заасан тул бүгдээрээ ингэж хариулах нь ойлгомжтой.


Эрдэнэтийн овооны зэс молибдений орд, эсвэл Оюутолгойн зэс алтны орд хэний өмч вэ? 

Дээрх 2 хуулийн 3 заалтыг үндэслээд төрийн өмч мөн байна аа л гэнэ. Тэгвэл бид юун дээр маргаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч байна.

Эрдэнэтийн овоон орд дээр ашиглалт явуулж буй “Эрдэнэт үйлдвэр”,  Оюутолгойн орд дээр ашиглалт явуулж буй “Оюутолгой” ХХК хэний өмч вэ?

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг  нь эхлээд Засгийн газраараа дамжуулан Орос ба Монгол Улс өмчилж байснаа, Монгол Улс дотроо хувийн 49%, төрийн 51% байх талаар удтал маргалдсаны эцэст төрийн өмч болов. Харин “Оюутолгой” ХХК-ийг Монголын Засгийн газар 33%, “Рио Тинто” компани 66%-иар өмчилж байна. Өөрөөр хэлбэл тухайн ордыг ашиглаж байгаа субъектийн (компани) өмчлөлийн хэлбэр хувийн, төрийн эсвэл холимог зэрэг янз бүрийн хэлбэртэй байж болох боловч ашигт малтмалын орд нь ямар ч тохиолдолд төрийн өмч байна.
Тэгвэл бид ашигт малтмалын ордын өмчлөлөөр бус харин уг орд дээр ашиглалт явуулдаг компанийн өмчлөлийн асуудлаар эцэс төгсгөлгүй маргаан өрнүүлээд байгаа юм байна.

Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн 5.2-т “ Төр нь нийтийн өмч болон  хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж  заасан байдгийг хүмүүс анзаардаггүй,  анхаардаггүй. 
Өөрөөр хэлбэл Монгол Улсад хоёр төрлийн л өмч байна. Харин хэлбэр нь өөр өөр байж болно гэсэн санаа. Тэгвэл төрийн өмч гэж юу? Төрийн өмч нь нийтийн өмчийн нэг л хэлбэр. Тэгвэл Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулиас байгалийн баялгийн өмчлөлтэй холбоотой заалтуудыг бүтнээр эш татаж ухаж ойлгохыг хичээцгээе.

Үндсэн хуулийн “6.1-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.
6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж тусгасан.

Харин Ашигт малтмалын тухай 1994, 1997, 2006 оны хуулиудын 5 дугаарт  “...байгалийн  байдлаараа оршиж байгаа ашигт малтмал... төрийн өмч” , “төр өмчлөгчийн хувьд...энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.” гэж тус тус заасан байна.  

Түүнээс гадна Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 20 дугаар зүйлд “... УИХ хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.”, 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэж заасан байх аж.   Дээр дурдсан хуулийн заалтууд, тайлбарыг  ухаж тунгаавал маш тодорхой дараах энгийн ойлголт бий болно.  

Хувь хүн, хуулийн этгээд нь эд хөрөнгө шударгаар, хуулийн дагуу олж авах эрхтэй. Энэ эрхийг төр хамгаалж, өмчийн төрөл, хэлбэр, их багаар нь ялгаварлахгүйгээр тэгш хандах ёстой юм байна. Нийтийн (төрийн) өмч  болох ашигт малтмалыг УИХ (төр) нийт иргэн, улсын  эрх ашгийг төлөөлөн  эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй (төр өмчлөгч),  энэ талаар хууль гаргаж ашигт малтмалыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ бүрмөсөн, эсвэл хэсэгчлэн бусдад (хувийн хөрөнгө оруулагч нарт) тодорхой нөхцөл болзол хугацаатайгаар шилжүүлэх эрхтэй юм байна. Өөрөөр хэлбэл УИХ тусгай хууль (Ашигт малтмалын тухай) гаргаж  энэ эрхээ хэрэгжүүлэх учиртай. 

Тиймээс ашигт малтмал  буюу нийтийн өмч (төрийн өмч ) болох ашигт малтмалыг өмчлөх эрхийг бүрдүүлдэг чухал эрх мэдлийн нэг нь болох захиран зарцуулах эрх ( хууль зүйн хувь заяаг шийдэх эрх) нь төр (УИХ )-д, харин эзэмших ба ашиглах эрх мэдлийг  ( эзэмших эрх: хуулиар олгогдсон талбайн хил хязгаарын дотор хайх, олборлох; ашиглах эрх: олборлож, худалдсанаар гарах үр шим ба орлогыг авах) эрхийг  төр (УИХ) хуулиар (Ашигт малтмалын тухай) хуулиар тогтоосон шаардлага хангасан хуулийн этгээдэд хуулиар тогтоосон хугацаа ба болзол, нөхцөлөөр олгодог гэсэн ерөнхий ойлголт гарч байна. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх явцад байгалийн баялаг (ашигт малтмал)-н өмчлөлийн талаар одоо манайд мөрдөж байгаа хууль тогтоомжид байхгүй шинэ нэр томъёо ба нэршил санал болгон хэлэлцүүлж байх юм. Нэг нь “улсын өмч”, нөгөө нь “ард түмний өмч”. Яг эрх зүйн үр дагаварын хувьд энэ хоёр нь “нийтийн өмч” ба “төрийн өмч” гэдгээс юугаараа ялгаатай юм бол. Улсын өмч гэдэг нь логикоор бодож үзвэл Монгол Улсын өмчийг, өөрөөр хэлбэл Монгол Улс дахь нийтийн ба хувийн өмчийг хоёуланг нь нийлүүлж хэлээд байгаа бололтой. Харин тэр “ард түмний өмч” гэдэг нь нийтийн өмчөөс яг юугаараа өөр гэдгийг нь хэлж мэдэхгүй болчихоод байна. Социализмийн үед ч тийм нэр томъёо байсныг санахгүй юм. Тэр үед “социалист (төрийн)” ба амины өмч гэж хоёр төрлийн өмч байсан шиг санагдах юм. Тэгээд бид ямар гээч нийгэм рүү явах гээд байна вэ? u


Өмч  гэж юу вэ?

Үндсэн хуульт ихэнх орнуудад өмчийг нийтийн ба хувийн өмч гэсэн хоёр том бүлэгт хуваах ба манай улсын Үндсэн хууль ба Иргэний хуульд мөн л өмчийн дээрх хоёр хэлбэрийг хуульчилсан байна.

 “Нийтийн өмч (Public property) гэж хүмүүс нийтээрээ хамтран өмчилж буй өмч юм. Харин хувийн өмч (private property) гэж  эсрэгээр нь хувь хүн, эсвэл хувь хүний санхүүгийн сонирхлыг төлөөлүүлэхээр зохион байгуулагдсан компани гэх мэт бизнесийн нэгдлийн өмчилж буй өмч юм. Харин төрийн өмч (State ownership) эсвэл нийтийн өмч (public ownership),  Засгийн газрын  өмч (government ownership) эсвэл нийтэд нь төрийн өмч (state property) гэж нэрлэдэг   энэ  ойлголт  нь тухайн өмчийг өмчлөх эрх дэх хувь хүн эсвэл хамт олны  биш, харин  төрд олгогдсон (шилжүүлсэн) эд хөрөнгийн ашиг сонирхол (property interest )-ын  тухай ойлголт” гэж хуулийн толь бичгүүдэд тайлбарлажээ. Дээр дурдсан тодорхойлолтын эхний өгүүлбэр нь өмчийн эрх зүйн ямар нэгэн субъектэд хамаарах эд хөрөнгийн тухай бол дараагийн өгүүлбэр нь өмчийн эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн эд хөрөнгийн шаардлагатай холбоотой тэдгээрийн субъектив эрхийн тухай ярьж байна.

Түүнээс гадна “Эд хөрөнгийн эрх” (өмчлөх эрх)  гэж тухайн хувь хүн болон байгууллагын  эд хөрөнгийн  эрхийн хэр хэмжээ, эрхийн хугацаа, эрхээ  хадгалах ба бусдад шилжүүлэх, эсвэл шилжүүлэхэд хориг тавих эрх”-ийг хэлдэг байна. Ер нь өмч (property)- ийн тухай эдийн засгийн ухагдахуун нь маш өргөн байх агаад доктор С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг”-тээ өмч гэдгийг 1.-т “...үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний зүйл олж авахаар тодорхойлогдох ... хүмүүсийн хоорондын объектив түүхэн өөрчлөгдөх харилцааны тогтолцооны эдийн засгийн ухагдахуун, 2-т “... хувь хүн буюу хамт олонд тодорхой нөхцөл ба тодорхой хэлбэрээр эд хөрөнгө хамаарахыг илэрхийлсэн хууль зүйн ухагдахуун, 3-т “Өмчийн эдийн засгийн харилцааг зохицуулахад чиглэгдсэн хууль зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг бүрдүүлдэг эрх зүйн институт” гэж тайлбарлажээ.

Эдийн засгийн ухагдахууны хувьд “Эд хөрөнгийн эрх”  гэдэг нь Засгийн газрын ч бай, хувь хүмүүсийн ч бай өмчлөлд буй  баялгийг (эдийн болон эдийн бус) хэрхэн ашиглахыг тодорхойлох онцгой эрх мэдэл юм. Төрийн захиргааны албадлага болон нийгмийн шахалт ба хавчлагын үр дүнд эд хөрөнгийн эрх  эзэмшигчийн сонгосон тэр л  ашиглалтыг нийгэм хүлээн зөвшөөрч байдаг. Дээрх тайлбарт эд хөрөнгийн эрхэд нүдэнд харагдаж, гарт баригдах биет хөрөнгөөс гадна   байгалийн баялагт шинээр үүсэж болох эдийн бус хөрөнгийг тодорхойлсон байна.

Өмчлөх эрх  гэж юу вэ?

С.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг”-тээ “өмчлөх эрх” гэдгийг “тодорхой этгээдийн өөрт байгаа эд хөрөнгийг хуулийн шууд хэм хэмжээ хязгаарын хүрээнд өөрийн үзэмжээр ба ашиг сонирхолоор болон бусад этгээдийн нөлөөллөөс үл шалтгаалан эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх” гэж тайлбарлажээ. Түүнчлэн өмчлөх эрхийн 3 бүрэлдэхүүнд дараах тайлбарыг өгсөн байна:

1.“эзэмших эрх” өмчлөгчийн  мэдлийн нэг; эд юмс шууд нөлөөлөх боломжийг бүрдүүлж, эд юмсыг мэдэлдээ бодитойгоор байлгах эрх; эрх зүйн субъектэд хуулиар бэхжүүлсэн эд хөрөнгө;

2. “ашиглах эрх” өмчлөгчийн үндсэн эрх мэдлийн нэг; эд юмсийг түүний зориулалтаас шалтгаалан  хэрэглэх (эдлэх), түүнээс гарах үр шим ба орлогыг авах эрх;

3. “захиран зарцуулах эрх” өмчийн эрхийг бүрдүүлдэг нэгэн чухал эрх мэдэл; захиран зарцуулах эрх нь эд юмсын өмчлөгчид байна; захиран зарцуулах эрх нь эд юмсын хууль зүйн хувь заяаг шийдвэрлэнэ гэж тус тус тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрх нь зөвхөн өмчлөгчид, харин эзэмших, ашиглах эрх нь уг өмчийг хуулийн дагуу эзэмшиж буй өөр этгээдэд байж болно л гэсэн үг юм. Тиймээс ашигт малтмал  буюу нийтийн өмч (төрийн өмч) болох ашигт малтмалыг өмчлөх эрхийг бүрдүүлдэг чухал эрх мэдлийн нэг нь болох захиран зарцуулах эрх (эрх зүйн хувь заяаг шийдэх эрх) нь төр (УИХ)-д, харин эзэмших ба ашиглах эрх мэдлийг  (эзэмших: хуулиар олгогдсон талбайн хил хязгаарын дотор хайх олборлох; ашиглах: олборлож, худалдсанаар гарах үр шим ба орлогыг авах) эрхийг  төр (УИХ) хуулиар (Ашигт малтмалын тухай) тогтоосон хугацаа ба болзол, нөхцөлөөр олгодог гэсэн ерөнхий ойлголт гарч байна.