Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Канадын “Тогтвортой уул уурхай” санаачлагыг танилцууллаа

Уул уурхайн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Канадын хариуцлагатай уул уурхайн чиглэлээр “Тогтвортой уул уурхай” сургалт, семинар Улаанбаатар хотноо (09.24-25) болж байна. Энэхүү сургалтад Канадын Уул уурхайн ассоциациас хэрэгжүүлж буй “Тогтвортой уул уурхай” санаачлагын (Towards Sustainable Mining) талаар танилцуулж байгаагаараа онцлогтой. Уг сургалтыг салбарын яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Канадын SESMIM төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож буй энэхүү сургалтад Канадын Уул уурхайн ассоциацийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бен Чалмерс “Тогтвортой уул уурхай” санаачлагын талаар танилцууллаа. Түүний тайлбарласнаар, уг санаачилга нь уул уурхайн компаниудын хувьд тогтвортой, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулдгаараа онцлог гэдгийг тодотгов. Санаачлагад найман чиглэлээр протокол гаргасан байдаг. Үүнд, Олон нийт, уугуул иргэдийн оролцоог хангах, Онцгой байдлын үеийн менежмент, Биологийн олон янз байдлыг хамгаалах менежмент, Эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарлын менежмент, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Усны менежмент, Хаягдлын далангийн менежмент зэрэг чиглэл багтжээ. Үндсэндээ 15 жил тус санаачлага хэрэгжиж байгаа бөгөөд Финлянд, Ботсвана, Аргентин, Филиппин гэх мэт долоон орон элссэн байна.

Монгол Улсын хувьд олон нийтийн дунд уул уурхайн салбарын нэр хүнд тааруу, үл ойлголцол байсаар байгаа цагт ийм төрлийн санаачлагыг авч хэрэгжүүлэх нь ихээхэн нүдээ олсон хэрэг болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.  

Бен Чалмерс энэхүү санаачлагыг хэрэгжүүлснээр нь уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлээд зогсохгүй зардлын хувьд ч бууруулах боломжтой болохыг тодотгосон юм.

SESMIM төслийн Монгол дахь захирал Вит Сименюк “Сургалтад олон сонирхолтой чиглэл багтсан. Тухайлбал санаачлагын нэг протокол болох “Эрчим хүч, хүлэмжийн хийн менежмент”-ийн танилцуулга нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд нэгдээд буй үед цагаа олсон мэдээлэл болж байна” хэмээлээ.

Сүүлд, өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын уул уурхайн салбарын зарим томоохон компани  “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн. Харин Канадын “Тогтвортой уул уурхайн санаачлага” нь  зөвхөн дотоод төдийгүй хөндлөнгийн үнэлгээ хийж, гүйцэтгэлийг бодит түвшинд сайжруулдгаараа онцлогтой ажээ. Энэ чиглэлд Канадын туршлагаас суралцах зүйлс олон байгааг SESMIM төслийн зөвлөхүүд тайлбарлаж байна.  

Санаачлагад нэгдсэн орнуудын компаниудын жишээнээс харахад санаачлагын шалгуурт өндөр үнэлгээ авахад амаргүй бөгөөд “боломжийн” гэсэн үнэлгээний эзэн болоход гурван жил, түүнээс ч илүү хугацаа зарцуулах тохиолдол байх ажээ.  

Энэхүү сайн дураар мөрдөх санаачлагын үндсэн шаардлагууд нь тухайн улсын хууль эрх зүй, дүрэм журмын үүрэг заалттай давхцаж болох боловч олон нийтэд нээлттэйгээр тайлагнах, үйл ажиллагааны болзошгүй эрсдлийг урьдчилан илрүүлэхэд дөхөмтэй байдаг байна. Санаачлагад нэгдэх тохиолдолд юун түрүүнд тухайн улсын уул уурхайн холбооноос хүсэлтээ илэрхийлж, санаачлагыг өөрийн улсын шаардлагад нийцүүлэн боловсруулна. Энэ удаагийн сургалтаар талуудад зөвхөн танилцуулга хийж, цаашид элсэх эсэх нь тухайн улсын уул уурхайн холбоо, компаниудын хүсэл сонирхол, идэвхи зүтгэлээс хамаарах юм.

Канадын Уул уурхайн ассоциаци нь 1935 онд байгуулагдсан бөгөөд тус холбооны гишүүд нь өнгөт болон үнэт метал, уран, очир эрдэнэ, коксжих нүүрс, битум болон бусад төрлийн ашигт малтмал олборлолтын компаниудыг хамарна. 2016 оноос эхлүүлсэн SESMIM төслийн хувьд Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тогтвортой уул уурхайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр Монголд хэрэгжүүлж буй төсөл юм.

 

 

Б.Төгс

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах