Засгийн газрын ээлжит хуралдаан есдүгээр сарын 25-ны өдөр болж Ноён Уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм.
Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм.
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцалтай байна. Иймд тухайн газар нутагт олборлолт хайгуул хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллаагаг таслан зогсоож, газрын тусгай зөвшөөрлийн олголтыг шалгаж байна.
Тогтоол ёсоор Монгол Улсын Засгийн газраас Ноён уулын дархан цаазат газрын хамгааллын менежментийг хариуцах хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган ажиллах юм. Мөн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулын олдворууд болон тонуулчдын гарт өртсөн зэрэг 100 гаруй эртний булшыг хамгаалахад шаардагдах 360 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.