Энд “Монголын алт” (МАК), “Саусгоби Сэндс” (SGS), “Өсөх зоос”, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Терра Энержи”, “Жавхлант Орд” зэрэг компани одоогоор нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Гэхдээ эдгээр компани нүүрсээ ердөө 40-50 гаруй км хүнд даацын хатуу хучилттай замаар тээвэрлэж, Шивээхүрэн боомтоор экспортолдог нь томоохон давуу тал болдог. Мөн нүүрсний чанараа нэмэгдүүлэхээр баяжуулах үйлдвэр шинээр байгуулж буй нь эдгээр тоглогчдын давуу талыг тод харуулж байна. Өөрөөр хэлбэл сул талаа давуу тал болгож зах зээлд байр сууриа бататгах ажил энд өрнөх ажээ.
Гурвантэс сумын ЗДТГ-ын дарга Ц. Дэлгэрмаа: Сумын хувьд уул уурхайн эрчимтэй үйл ажиллагаатай нутаг. Иймээс таван мянган хүн энэ салбарт нэмж ажилласнаар суманд ажиллаж амьдрах хүний тоо арван мянгад хүрдэг гэсэн үг.
Шивээхүрэн боомтоор оргил үедээ өдөрт 1500 машин гарч байсан удаатай. Одоогийн байдлаар өдөрт 500-600 машин гарч байгаа ажээ.
Энэхүү Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 49.5 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг 2014 онд “Моннис” компанийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулжээ.
Шивээхүрэн боомтын тухайд 1992 онд анх байгуулагдаж байсан бол 2012 онд уурхайн компаниудын хөрөнгө оруулалтаар нүүрсний орох, гарах нийт найман гарцыг ашиглалтад оруулжээ.
Өнгөрсөн онд Монголын талын Шивээхүрэн боомтоор 14.1 сая тонн нүүрс экспортолсон ч энэ онд уг хэмжээнд хүрэхгүй болов уу гэж бодож байгаагаа тус боомтын Шалган нэвтрүүлэх алба хариуцсан Орлогч дарга Б.Гансүх ярилаа.
Тус уурхайн үйл ажиллагаа 2008 оны зургадугаар сард эхэлсэн бөгөөд сүүлийн 11 жилд 40 гаруй сая тонн нүүрс экспортолжээ.
МАК-ийн Нарийнсухайтын уурхайн дарга Д.Баярсайханы мэдээлж буйгаар тус компани нүүрсний ашиглалтын таван тусгай зөвшөөрөлтэйгээр Нарийнсухайтын уурхайд нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байна.
Олборлолтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ 800 мянган тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай хуурай баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан.
Монголдоо тэргүүлэх зэрэгт орох хүнд орчны технологи буюу магнетит ашигладаг нойтон баяжуулах үйлдвэрийг МАК ашиглалтад оруулжээ.
МАК ийнхүү баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад оруулж, оруулахаар төлөвлөж байгаа нь Хятадын нүүрсний чанарын шаардлага нэмэгдэж буйтай холбоотой.
“Саусгоби Сэндс” компанийн Овооттолгойн хувьд “Нармандах”, “Наржаргах” гэсэн хоёр хэсэгт олборлолт явагдана.
Тус компани “Нармандах”-аас олборлосон нүүрсийг шууд борлуулдаг бол “Наржаргах” хэсгийн дэргэд 1.8 сая тонн хүчин чадалтай нойтон баяжуулах (тунаах аргад түшиглэсэн) үйлдвэрийг өнгөрсөн оны долдугаар сард ашиглалтад оруулсан
SGS компанийн Ахлах инженер Э.Энхсайханы мэдээлж буйгаар компани энэ онд 5 сая тонн нүүрс олборлож экспортлохоор зорилт тавьсан бол одоогийн байдлаар 2.5 сая тонн нүүрс экспортолж, 3.8 сая тонныг олборложээ.
Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогч компаниудын томоохон тоглогчид уурхайн дэргэдээ баяжуулах үйлдвэр нэмж байгуулахаар зорьж, олборлолтын өртгөө бууруулах чиглэлд ч идэвхийлэн ажиллаж байна. Энэ хүчин чармайлт нь Нарийнсухайтад өрсөлдөх чадвараа сайжруулах компаниудын үйл явц өрнүүн байгааг илтгэнэ.