Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Мэрик Цала:  Дэлхийн уул уурхайн конгрессын дараагийн хурлыг  2022 онд  Монголд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна

Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Ерөнхийлөгч, профессор Мэрик Цала, Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жэсик Скиба нар Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн урилгаар наймдугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийж, уул уурхайн тэргүүлэх үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол нүүрс” ассоциаци зэрэг байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлжээ. 

Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, доктор Б.Бат-Очир “ДУУК-тай хамтран ажиллах нь Монгол Улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжилд ихээхэн чухал. НҮБ-д бүртгэлтэй, 1958 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь уул уурхайн салбарын технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог бизнесийн бус байгууллага” хэмээн уулзалтын үеэр тодотголоо. ДУУК-ын үйл ажиллагаанд Монгол Улс 1967 оноос оролцож эхэлсэн бөгөөд тухай жил  Москва хотноо зохиогдсон их хуралд тухайн үеийн Аж үйлдвэрийн яамны уул уурхайн асуудал эрхэлсэн Орлогч сайд Я.Гомбосүрэн, “Шарын гол”-ын уурхайн Ерөнхий инженерээр ажиллаж байсан П.Очирбат, Налайхын уурхайн Ерөнхий инженер Л.Эрдэнэ, Уул уурхайн зураг төслийн товчооны дарга О.Жигмэд-Очир нар оролцож байсан түүхтэй.  

Монгол дахь энэ удаагийн айлчлалын үр дүнд 2022 онд ДУУК-ын Олон улсын зохион байгуулах хорооны хурлыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой талаар талууд урьдчилан тохиролцсон байна. Мөн 2021 онд Австралийн Брисбэн хотноо зохиогдох 26 дугаар их хуралд Монголын мэргэжлийн байгууллагууд идэвхтэй оролцохоо илэрхийлжээ.   

Дэлхийн уул уурхайн конгрессын  (WMC) Удирдах зөвлөлийн дарга, профессор Мэрик Цалатай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. 

Дэлхийн уул уурхайн конгресс  үүсэн байгуулагдсанаасаа хойш ямар үйл ажиллагаанд голлон анхаарч ирсэн бэ?
Дэлхийн уул уурхайн конгресс (ДУУК) нь 1958 онд Польш улсын Варшав хотод байгуулагдсан. Энэ нь барууны болоод зүүн Европын орнуудын уурхайчдыг нэг дор цуглуулж  уулзуулахыг хүссэн профессор Болеслав Крупинскийн санаачлага юм. Тэрээр уг байгууллагыг  нээлтэд    “Уул уурхай нь хил хязгаарыг давж улс төрөөс дээгүүр тавигдаж  байна” хэмээн  онцолж байсан. Профессор Крупинский 1972 он хүртэл ДУУК-ын Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Өдгөө ДУУК-ын Үндэсний хороо 40 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Профессор Крупинскийн үзэл санаа  өнөөдрийг хүртэл 61 жил  түгэн дэлгэрсээр байгаад бид баяртай байдаг. 

Казахстаны Астана хотод өнгөрсөн жил 50 улсын төлөөлөгчид оролцсон “Инновацын давамгайлал-уул уурхайн өсөлт урагшлах алхам” сэдэвт хурал зохион байгуулагдаж, салбарт тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн. Хурлын гол үр дүнг зохион байгуулагчийн хувьд хэрхэн харж байна вэ?
ДУУК-ын 25 дахь хуралдаан нь тус байгууллага  үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойгоор тохиосон юм. 2018 оны хурлыг Казахстаны нийслэл Астана хотод зохион байгуулж,  50 орны 2586 төлөөлөгч ирж оролцсон.   Уурхайчид  хийж буй ажлуудаа нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх,  байгаль орчноо хамгаалахад түлхүү анхаарч ажиллах ёстой гэсэн гол мессежийг хурлаар дамжуулж  олон нийтэд өгсөн юм. Энэ нь цаашдаа уул уурхайд амжилт авчирч, үр ашигтай байх цорын ганц арга зам. 

Дэлхийн уул уурхайн конгрессоос   тодорхой сэдвийн хүрээнд хурал зохион байгуулдаг. Дараагийн хурлыг  2021 онд Австралийн Брисбэн хотод “Ирээдүйн нөөцийн хангамж” сэдвээр  зохион байгуулахаар болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
Дэлхийн уул уурхайн 26 дугаар конгрессын үндсэн сэдэв   “Ирээдүйн нөөцийн хангамж” юм. Энэ нь бид өөр төрлийн уул уурхайг бодох хэрэгтэй гэсэн санаа юм. Зөвхөн сонгодог түвшний гүний болон ил уурхайг биш, далай тэнгисийн ёроол, хот доторх, сансрын уурхай  гэсэн шинэлэг санаануудыг бүр илүү нухацтай  авч үзэх хэрэгтэй байна. Хэрэв нийгэмд уул уурхайн ач холбогдлын талаарх ойлголт дутуу байвал бид шинэчлэлийг хэрхэн хийж чадах билээ.
Бид гео-боловсролын (газар зүйн боловсрол) сорилтыг даван туулах хэрэгтэй. Хүн төрөлхтөн уул уурхайн түүхий эдээс ихээхэн хамааралтайг ойлгох хэрэгтэй. Үүнийг бид хэдий хурдан ойлгоно, төдий чинээ сайн хөгжинө. 

Та бүхэн Монголын төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийн  үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?
“Эрдэнэт”  үйлдвэржилд 530 мянган тонн зэсийн баяжмал, ойролцоогоор 4.5 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэдэг гээд бодохоор нэлээд том,  иж бүрэн үйлдвэр юм байна гэсэн ойлголт төрлөө. 

Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр нь орчин үеийн уул уурхайн үйлдвэрлэлийн тод жишээ юм. Уул уурхайн үйлдвэрлэлээс гадна  байгаль орчны асуудлууд болон хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж байна. Энэ нь Монголын бусад уул уурхайн компаниудад  тогтвортой уул уурхай хөгжүүлэх сайн жишээ болж чадна. Эрдэнэтийн уурхайчид онцгой найрсаг зочломтгой хүмүүс юм.  

Монгол Улс эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлоготой. Гэвч хариуцлагагүй уул уурхай байсаар байна. Монголын уул уурхайн ирээдүй, энэ салбарыг зөв хөгжүүлэх талаар Та санал бодлоо хуваалцана уу?
Монголын уул уурхайн талаар авч хэрэгжүүлж буй бодлоготой холбогдуулж  ямар нэгэн онцгой зүйл санал болгож зөвлөхөд хэцүү. Улс орнуудын уул уурхайн үйлдвэр,  геологийн нөхцөл байдал өөр өөр. Гэхдээ дэлхий нийтийн хандлагаас харвал зөвхөн Монгол орны эрдэс баялгийг үр дүнтэй олборлож хагас боловсруулсан бүтээгдэхүүн борлуулах биш, харин технологийн хувьд илүү боловсронгуй эцсийн бүтээгдэхүүн гарган авахын тулд технологийн болон эдийн засгийн сорилтыг даван туулах шаардлагатай. Тэдгээрийг боловсруулах цогц сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн тодорхой үйл ажиллагааг явуулах нь зүйтэй гэж бодож байна.  

Монгол Улс бол байгалийн баялаг ихтэй орон. Дэлхийн хэмжээний томоохон төсөл “Оюутолгой” хэрэгжиж байна. Тавантолгойн нүүрсний бүлэг ордод төр, хувийн, орон нутгийн гурван уурхай ажилладаг. Нүүрсний томоохон экспортлогч орон төдийгүй нүүрсний зах зээл дээр Австрали, Орос зэрэг улстай өрсөлдөгч. Хэдийгээр улсын эдийн засаг уул уурхайгаасаа бүрэн хамааралтай ч ард иргэдийн амьдрал төдийлөн  сайжрахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг л даа.

Монгол орноор галт тэрэг болон машинаар аялж янз бүрийн газруудаар бууж явсан маань бидэнд ард иргэд,  тухайн орны талаар нэлээд мэдлэгийг олголоо. Та нар аж ахуй эрхлэх   авъяас чадвар, ямар ч нөхцөлд дасан зохицох нөөц бололцоотой юм байна. Өөрийн ард түмнийхээ байгалиас заяасан ур чадварыг ашиглах нь зүйтэй  гэж хэлье.   

Уул уурхайн салбар хөрөнгө оруулалтгүйгээр урагшлах боломжгүй. Монгол Улсад 2010-2013 онд уул уурхайн супер цикл бий болж, барууны   хөрөнгө оруулалтыг ихээхэн татаж чадсан. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн бодлогын алдаанаас барууны томоохон хөрөнгө оруулагчид гараад явлаа. Энэ бидний алдаа, сургамж болж байна. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад юуг хамгийн түрүүнд хийх ёстой вэ?
Хэрэв та надаас гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд хэрхэн татах вэ гэдэг талаар асууж байгаа бол би  үүнийг ихэнх Европын хөгжингүй орнууд яаж хийж ирсэнийг  хэлж чадна. Ихэнх тохиолдолд орон нутгийн засаг захиргаа хөрөнгө оруулагч нарт зориулан тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт болон хөрөнгө оруулалтын зардлыг нь хуваалцдаг үйлдвэрлэлийн онцгой бүс бий болгосон байдаг. Үүний үр дүнд технологи боловсронгуй хөгжсөн үйлдвэрүүд бий болж орон нутгийн хүмүүс ажилтай бас мэргэжилтэй болдог. 

Дэлхийн уул уурхайн конгрессын удирдлага болон  конгрессын  гишүүн орныг ямар шалгуур үзүүлэлтээр  сонгодог юм бол?
ДУУК нь төрийн бус байгууллага. Энэ нь гишүүн орон бүрийн Үндэсний хороодоос бүрддэг. ДУУК-ын Удирдах зөвлөлийн даргыг 4 жилд нэг удаа гишүүн орнуудын дунд санал хураалт явуулж сонгодог. Жил бүр зохион байгуулагддаг Олон улсын зохион байгуулах хорооны (ОУЗБХ) хуралдаан болон Конгрессын арга хэмжээ  зохион байгуулах орныг мөн санал хураалтаар сонгодог. ДУУК-ын Удирдах зөвлөлийн дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын Монголд хийж буй энэхүү айлчлал нь тус байгууллагын 61  жилийн түүхэнд анх удаа болж байна. Биднийг урьсан явдалд   тун талархаж байна. Бидэнд нэлээд эерэг сэтгэгдэл төрсөн. Монголын тал  ОУЗБХ-ны дараагийн хуралдааныг 2022 онд зохион байгуулах орон болж чадна гэдэгт гүнээ итгэж байна. Энэ нь ДУУК-ын ОУЗБХ-ын 103 дугаар хуралдаан байх болов уу.