Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн нүүрс устөрөгчийн хий, хүхрийн исэл, аммиак зэрэг хий үүсгэх юм.
Үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нефть-химийн үйлдвэр болж өргөжихөөр байна. Энэ бүхнээс үүдэн Галын аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн талбайн хэмжээг өргөтгөжээ. Дорноговь аймгийн Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг аравдугаар сарын 8-нд Улсын комисс хүлээн авсан тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.