“Оюутолгой” төслийг гүний уурхайгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Тэгвэл гүний уурхайн туслан гүйцэтгэх ажлыг “Рэдпаф Монгол” компани сүүлийн 15 жил амжилттай гүйцэтгэсээр ирснийг бүгд мэднэ. Энэ бүх амжилтын цаана “Рэдпафийн бүргэдүүд” байдаг гэж уурхайчдаа магтан хэлж, тэднийхээ овог нэрийг цээжээр дурдах энэ эрхэм бол тус компанийн Дэд захирал Б.Баярцэнгэл юм. Тэрбээр компанийг үүсэн байгуулагдахад жолоочийн албан тушаалаас гараагаа эхлэн эдүгээ удирдлага болох хүртлээ дэвшин ажиллажээ. Түүний ажил бол компанийн бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаардаг хариуцлагатай алба юм. Компанийн гаргасан амжилт болон цаашдын хийж бүтээхээр төлөвлөсөн ажлынх нь талаар энэхүү эрхэмтэй ярилцлаа.
Компани байгуулагдаад 15 жил болжээ. Компанийн 15 жилийн ой болж буйтай холбогдуулан Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Юун түрүүнд долоо хоногийн 24 цаг тасралтгүйгээр ээлжээр ажиллаж байгаа үе үеийн уурхайчин “Бүргэдүүд”, уурхайн инженерүүд, чанарын баталгаа хяналтын болон барилгын инженерүүд, уурхайн механикууд, уурхайн цахилгаанчид, тэдний ар талыг батлан дааж сэтгэл зүрхээрээ дэмжин ажилладаг аялал зохицуулалтын хамт олон, төслийн хяналтынхан, сургалт, аюулгүй ажиллагаа, хүний нөөц, санхүү, хангамж ложистик зэрэг бүхий л хэлтсийнхэн болон нийт хамт олондоо, тэднийхээ гэр бүлд компанийнхаа үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн мэндийг танай сэтгүүлээр дамжуулан хүргэе. Гүний уурхайг ажиллуулна, ажиллана гэдэг бол амар биш. Салбарынхан мэднэ дээ. Бахархалтай ч үе байна, хүнд хэцүү үе ч байна.
Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин, хамтран ажилладаг “Оюутолгой” ХХК-ийн хамт олонд, компанийнхаа мянга мянган уурхайчин залуусынхаа нэрийн өмнөөс энэхүү ойн мэндийг хүргэе. Амжилт, ахиц, дэвшил бүрт хамт байдаг. Тиймээс манай хамт олон үргэлж талархаж явдгийг энд дурдах нь зүй ёсных юм.
Манай компанийг хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахад дэмжиж, хамтран ажилладаг салбар хариуцсан төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, тэр дундаа УУХҮЯ, БХБЯ, ТЕГ, МХЕГ, ГЕГ, ЦЕГ, МУТЕГ, НДЕГ, БХТ, ХХҮЕГ, ГИХГ зэрэг энд нэр нь дурдагдаагүй ч олон байгууллага бий. Тэдэнд талархаж явдгаа илэрхийлж ойн мэндийг дэвшүүлье.
Үгээр бичвэл хэдэн боть ном болохоор, зургаар үзүүлбэл хэдэн арван цомогт багтахааргүй тийм их үйл явц болж өнгөрсөн байна. Сонирхолтой, шинэлэг, бидний урьд өмнө хийж үзээгүй ажил, сурч мэдэж авсан технологи, инженерийн шийдэл, тэр дундаа орчин цагийн гүний уурхай, түүнтэй холбогдолтой ажлууд, үйл явцын талаар ярьж байгаа юм шүү. 2004-2019 онд хүмүүсийн амьдрал ахуй, компаниудын ахиц дэвшилд ямар өөрчлөлт гарсан байдаг вэ, түүнтэй адилаар бидний хувьд хүнээ хөгжүүлэх, чадавхижуулах талын ажлууд голчлон шат дараатай явагдсан. Үүнтэй зэрэгцээд, манай орчин цагийн гүний уурхай ямар харагдах вэ гэдэгт гар бие оролцсон, эргээд харахад хийсэн юмтай, бахархах зүйлтэй байгаа нь сайхан. Цаашид ч үргэлжилнэ гэж итгэж явдаг.
Гүний уурхайн бүтээн байгуулалтад “Рэдпаф Монгол” хамгийн гол үүрэгтэй оролцдог гэдгийг салбарынхан сайн мэднэ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулна уу?
Анх 1962 онд гүний уурхайн малталтын чиглэлээр дагнан байгуулагдсан Канадын “Рэдпаф” компани нь 2004 онд Монгол Улсад салбараа “Рэдпаф Монгол” нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Тухайн үед “Оюутолгой” төсөлтэй холбогдож анхны жижиг босоо ам нэвтрэхээр болсон.
“Camel Well” буюу “Тэмээний Худаг” гэж нэрлэсэн байсан анхны босоо амыг нэвтэрч эхэлсэн. Жижиг хэмжээний диаметртэй. 80 метр яваад зогссон. Дараа нь уг төслийн гүний уурхайн нэгдүгээр босоо амны газар дээрх байгууламжийн ажлыг 2005 оноос хийж, 2006 онд босоо нэвтрэлтийн ажлыг эхлүүлсэн байдаг. 2008 оны нэгдүгээр сард 6.7 метрийн тойргийн голчтой тус босоо амны 1385 метрийн гүн хүртэл нэвтрэлтийн ажлыг Монгол, Канад, Австрали, Америк, Шинэ Зеланд зэрэг орны олон мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор амжилттай дуусгасан.
Энэ нь тухайн үедээ Ази тивдээ хамгийн гүнд тооцогдох босоо ам болсон гэж ярьдаг байлаа. Ингээд бид 1300 метрийн түвшнээс 5x5.5 метрийн харьцаатай хонгилын хэвтээ нэвтрэлт хийсэн. Өдгөө нэгдүгээр босоо амны хэвтээ нэвтрэлтийн нийт урт 30 гаруй км-т хүрээд байна. Босоо болон хөндлөн нэвтрэлт нь технологийн хувьд тэс ондоо ажил байдаг. 2007 оны хавар, хоёрдугаар босоо амны ажлууд эхэлсэн дээ. Энэ ажил багагүй хугацаа авсан нь хэд хэдэн шалтгаантай. Нэвтрэлт нь дууссан. Мөн гүний уурхайн агааржуулалтын зориулалттай 6.7 метр тойргийн голчтой тавдугаар босоо амны нэвтрэлт, өргүүрийн ажлыг 2012 онд эхлүүлж 2018 онд 1174 метр гүнд хүртэл нэвтэрч дууссан байна. Саяхан бид хоёрдугаар босоо амны өргүүрийн байгууламжийг “Оюутолгой” болон “Ворли”, “Жэкобс” компаниудтай хамтран амжилттай угсарч суурилуулалтын ажлыг хийлээ. Гүний уурхайн өргүүрийн байгууламж тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулж, ажиллуулж байгааг маань үнэлж, Барилгын салбарын 93 жилийн ойн баяраар “Шилдэг аж ахуйн нэгж”-ийн шагналыг БХБЯ болон Барилгын хөгжлийн төвөөс бидэнд гардуулсан. Учир нь бид, дэлхийд хамгийн томд тооцогдох эсрэг ачааны тэнцвэрийн зарчмаар ажилладаг, мм-ийн ч алдаагүй 6 үндсэн ган татлагатай өргүүрийн байгууламж сүндэрлүүлж чадсан юм. Нийт хүчин чадал нь 60 тонн ачааг 1300 метр гүнд өргөж, буулгах бөгөөд тээвэрлэх хурд 16-17 метр/сек хүртэл байх боломжтой, нэг удаадаа 300 хүн тээвэрлэнэ гээд төсөөл дөө. Бид хоёрдугаар босоо амны ажлыг хугацаандаа буюу энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна.
Мөн Дорнод аймагт байрладаг Мардайн далд уурхайд бид ажиллаж байлаа. Ураны уурхай. Ашиглагдаагүй удсаны улмаас усаар дүүрсэн байсан. Усыг нь юүлэх, өргөх байгууламж суурилуулах, уурхайн сэргээлт хийх, гүний уурхайн төмөр замыг сэргээн засварлах, агааржуулалтыг хэвийн болгох, мөргөцөгүүдээс дээж авах зэрэг ажлуудыг хийсэн юм.
“Оюутолгой”-н хамгийн олон ажилтантай гэрээт компанийн хувьд нийт ажилтны хэдэн хувийг монголчууд эзэлж байна вэ? Орон нутгаас ажиллах хүч сургаж авах талд хэрхэн анхаарч байна вэ?
Компанийн хувьд одоогоор нийтдээ 1393 ажилтантай. Үүнээс миний биеийг оролцуулаад 1252 нь Mонгол Улсын иргэн юм. Энэ дотроо 375 иргэн нь Өмнөговь аймгийн харьяат. Үлдсэн нь Канад, Ирланд, Австрали, Америк, Англи, Шинэ Зеланд, Өмнөд Африк зэрэг улсын иргэд бөгөөд гүний уурхайн ажилд дадлага туршлага сайтай бидэнд хань болж хамтраад явдаг, мэдэх үед дуу багатай, мэдэхгүй үед дуу нь гараад, тус дэм болоод уурхайн гүнд чаддагаа хуваалцаад л ажиллаж байна. Уурхайн болон хэлтсүүдийн дарга, капитан, ахлах зэрэг албан тушаалтай монгол залуучуудаа би онцолмоор байна. Эрдэнэбилэгийн Үүрийнцолмон (ӨМ), Батцоожийн Ариунболд (ХӨ), Бат-Өлзийн Төрбат (ӨМ), Алагаагийн Оюунболд (УВ), Раалайбаатарын Буянт (ЗА), Луйсүрэнгийн Хашчулуун (ӨМ), Идэрцогийн Бүрэнбаатар (ӨМ), Эрдэнэбаярын Дөл (ӨМ), Очирбатын Учрал (УБ), Хандсүрэнгийн Хишигцогт (ӨМ), Сольхүүгийн Баттулга (ӨМ), Халзангийн Ганзориг (БХ), Дашийн Батбаяр (ӨМ), Санжидмаагийн Жадамба (УБ), Доржийн Ганзориг (ДА), Жадамбаагийн Амгалантөгс (ЗА) тэргүүтэй өнөө цагийн “Оюутолгой”-н гүний уурхайн гүйцэтгэлийн ажлуудыг манлайлан удирдаж яваа эрчүүд олон байна. Сэтгэл санаа өөдрөг, аливаад хандах хандлага нь эерэг, ёс зүй өндөртэй, цог золбоотой, хийж бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй, аливаа ажлын ард нь гарч санаа нь амардаг зантай, хөдөлмөрч, зарчимч, бас наргианч хамт олондоо чирэгдээд ч болтугай дунд нь яваад өдий хүрсэндээ талархаж явдаг. Өмнөговь аймаг, сумдын удирдлагуудтай орон нутгийн иргэдийг ажилд авах чиглэлээр нягт хамтран ажилладаг. Эерэг хандлагатай, ёс зүйтэй, сурч мэдэж аваад хийж бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй байх нь чухал. Зөвхөн шинэ ажилтан төдийгүй мэргэшсэн ажилтнуудаа ч байнгын сургалт, мэдлэг чадвар дээшлүүлэх сургалтад хамруулдаг нь манай компанийн болон “Оюутолгой”-н үндсэн зорилгуудын нэг нь. Дээр дурдсан уурхайн нэвтрэлтийн дарга, капитанууд ихэнх нь Өмнөговь аймгийн харьяат байгааг анзаарсан байх. Мөн саяхан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор эмэгтэйчүүдийг гүний уурхайд ажиллуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Эмэгтэй уурхайчид илүү нямбай ажилладаг. Тиймээс бид эмэгтэйчүүдээ дэмжин ажиллахыг хичээдэг.
Монгол, гадаад гээд хуваагдаад байх асуудал бидэн дунд байхгүй. Нэг л зорилготой хүмүүс хамтраад л ажиллаж байна. Энэ нүсэр, басхүү хэцүү ажлыг олны хүч ухаанаар л нугалж ард нь гарахаас өөр аргагүй юм даа гэж боддог.
Аюулгүй ажиллагааны тухайд “Рэдпаф Монгол” хэрхэн анхаардаг вэ?
Хүн өөрөө үнэлж баршгүй эрдэнэ. Уурхайгаас гарч ирэх хамгийн үнэт эрдэнэ бол уурхайчин өөрөө юм. Манай компанийн уриа нь ч бүхэлдээ энэ зарчмыг тусгадаг: “Аюулгүй ажиллагаа нэгдүгээрт, дараа нь, бас үргэлж” гэж. Өдөр тутам мөрдөн ажилладаг “Бидний философи” болон “Амжилтын үндэс”-т ч энэ тухай тодорхой заасан байдаг.
Олон жилийн туршлагаас олж авсан манай “Аюулгүй ажиллагааны 5 зүйлт систем” гэж байна. Уурхайчин өглөө ажилдаа ирэхдээ ямар байдалтай ирсэн, харихдаа яг л тэр хэвээрээ гэртээ очдог байх учиртай. “Оюутолгой” төсөл дээр гэхэд хүн бүрт нэгэн чухал эрх байдаг. Хэрэв таны хийж байгаа эсвэл хийх гэж байгаа ажил өчүүхэн ч гэсэн эрсдэлтэй, бүрэн гүйцэд биш санагдвал та тэр ажлыг шууд зогсоох бүрэн эрхтэй. Тиймдээ ч бидэнд “ЗОГС, ЗАЛРУУЛ” гэдэг ухагдахуун суусан байдаг. “Амь нас хамгаалах 6 чухал дүрэм” гэж хүн болгон мэдэж мөрддөг байхад илүүдэхгүй чухал дүрмийг “Оюутолгой” төсөл мөрддөг. Хүмүүсээ аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу ажиллахыг л бид хатуу шаарддаг. Аюулгүй ажиллагааны хувьд бид стандартаас ч давсан шаардлагыг тавьж ажиллана.
Аливаа аюул эрсдэлийг нээж, олж илрүүлсэн хэнийг ч шат шатанд урамшуулж, түүгээр бахархаж ажилладаг нь “Рэдпаф Монгол”-ын хамт олон нөхөрсөг, нэг цул баг болж ажиллах нөхцөл болдог. “Оюутолгой” компани ч мөн адил бүрэн дэмжиж ажилладаг.
Аюулгүй ажиллагаа гэхээр заавал уурхайн талбайд, эсвэл барилгын талбай дээр мөрдөгдөх ёстой гэж ойлгож болохгүй.
Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал гэдэг нь хүн л байгаа, байж болох, явж өнгөрөх, амарч тухлах, тоглож наадах гээд бүх газарт дээд зэргээр мөрдөгдөх ёстой гэж боддог.
Танай компани өнгөрсөн 15 жилийн хугацаанд ихийг амжуулж чадсан бол дараагийн 15 жилд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
Бидний хувьд зорьсон зорилго байна. Гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэгчийн хувьд энэ том төслийн гүний уурхайг аюулгүй, чанартай, бүтээмжтэй, төлөвлөсөн хугацаанд, төсөвлөсөн зардлын дагуу ашиглалтад оруулах. Ингэхдээ өөрсдийн бүхий л нөөц бололцоог дайчлан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийн хүрээнд нэр хүндтэй гүйцэтгэх. Мөн өнөө цагийн гүний уурхайн технологид мэргэшсэн, чадварлаг уурхайчин, инженер, механик, цахилгаанчин, төслийн хянагч, аюулгүй ажиллагааны мэргэжилтэн, сургагч мэргэжилтэн зэргийг дэлхийн хаана ч очиж ажиллах чадвартай болгож бэлтгэх явдал юм. Монголын уурхайчид, тэр дундаа манай залуус одоогийн байдлаар гүний уурхайн ажилд шууд гүйцэтгэлийн мэдлэг чадвар маш сайжирсан, сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн гэж хардаг. Шинэ тутамд гарч ирж байгаа технологийн болон бусад салбарын мэдлэг тал дээр бие, оюунаа дайчлан боловсрох, тэднийг сургалтад хамруулах нь өнөөгийн шаардлага болж байгааг хэлэх нь зүйтэй. Манай залуус гүний уурхайн бүтээн байгуулалтын өнгөрсөн хугацаанд “Рэдпаф” компанийн ноу-хау-гаас ихийг сурч байна. Бас “Оюутолгой” төслөөс ихийг сурч байна. Үнэндээ төсөөлж ярьж байгаагаас ч илүү ихийг сурч байна, суралцсаар ч байна гэж би хэлнэ. Манай залуус үнэхээр бахархмаар ажилладаг, ажилласнаа баталдаг. Сурдаг, сурснаа шууд хэрэгжүүлдэг, хэрэгжүүлснээ бахархалтайгаар үзүүлж чаддаг. Би тэднээр бахархаж омогшдог юм. “Бүргэдүүд минь” гэж дууддаг. Ухаантай, хүчтэй, хурдтай, хараа сайтай, зоригтой, өндөрт нисдэг, өөрөөсөө том амьтныг барьж чаддаг жигүүртэн шүү дээ.
Хийх ажлын тухайд, бид дараагийн жилүүдэд “Оюутолгой” компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, гүний уурхайн бүтээн байгуулалт, нэвтрэлтийн ажлуудыг дээр дурдсан үндсэн зарчим, ёс зүйн дагуу хийж гүйцэтгэн, сургаж мэргэшүүлэхийг эрхэм зорилгоо болгон улам хичээн ажиллахыг эрмэлзэж байна.
Одоогийн байдлаар 2-3 байгууллага биднээс туршлага судлахыг хүссэн санал тавьсан.
“Рэдпаф Монгол”-ын хувьд Монгол Улсад татвар төлөгч томоохон компаниудын нэг. Тиймээс үүсэн байгуулагдсанаасаа хойш улсад хэдий хэмжээний татвар төлж, нийгмийн хариуцлагын чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар ярина уу?
Манай компани Монгол Улсын төсөвт нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийг татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байдаг. МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн эгнээнд 8-9 удаа тасралтгүй багтаж ирсэн. Компани нь томоохон татвар төлөгчийн тоонд багтаад зогсохгүй нийгмийн даатгал төлөгч тэргүүний байгууллагаар нэрлэгдсээр ирсэн. Ажил олгогчийн хувьд ажилтнуудаа нийгэмд боломжийн амьдрахад нь хүрэхүйц цалин хөлс болон урамшуулал олгохыг тогтмол эрмэлздэг. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлсэн байдаг. Тэр бүхнийг олон нийтэд зарлаад байдаггүй ч бид олон хүнд тус дэм болсон байх аа гэж боддог. Голчлон эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив тусламжуудыг компанийн зүгээс хүргэж ажилласан. Тухайлж хэлэх хэрэггүй байх, сонирхсон хүмүүст нь үзүүлж харуулах зүйлс нэлээн бий.
Ярилцсанд баярлалаа!
Танд ч бас талархаж байна. Танай хамт олонд болон энэхүү сэтгүүлийг уншиж буй хүн бүрт эрүүл энхийг хүсэн ерөөе!