Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны төлөөлөгчид оролцов. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" хэмээн мэдэгджээ.

Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн хойш 18 км Алтанширээ сумын нутаг дэвсгэрт байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд 27км төмөр зам, 17.2 км 100 тоннын хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбосон байна. Мөн 110 КВт эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд идэвхитэй хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдах юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш  шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний дугаар ангийн албан хаагчид, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “УБТЗ” ХНН, “МТЗ” компанийн нийт ажилчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын талархалыг гардуулж, баяр хүргэн зарим хүнийг шагнаж урамшууллаа. Одоо газрын тосны боловсруулах үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.