The Mongolian Mining Journal /009.2019/
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ?
Миний бие энэ албанд томилогдон ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк удаадаг, зээлийн хүсэлт хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм.
Олон нийтэд мэдээлэгдээгүй, хугацаа хэтэрсэн чанаргүй зээлүүдийг Тусгай активын хэлтэс рүү шилжүүлж, шүүхэд нэхэмжлэх гаргасан. Олон жил төлбөрөө төлөөгүй зээлдэгчдийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол сунжирч Хөгжлийн банкны цаашдын үйл ажиллагаанд эрсдэлтэй. Банкны үзүүлэлт, орлого ашигт ч муугаар нөлөөлөх учир анхаарах хэрэгтэй. Гуравт, шинэ зээл гаргах. Хөгжлийн банк нь бодлогын банк юм. Бодлогын банк Монгол Улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй учир энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
2019 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны активын хөрөнгө хэр хэмжээтэй байгаа вэ? Мөн зээлийн үлдэгдэл?
Зургадугаар сарын 30-ны байдлаар, банкны нийт актив 4.6 их наяд төгрөг байна. Өөрийн хөрөнгө 1.39 их наяд төгрөг. Зөрүү нь гадаад, дотоодоос татан төвлөрүүлсэн хөрөнгө юм. Хамгийн сүүлд, 2018 оны арванхоёрдугаар сард 500 сая ам.долларын бонд шинээр гаргасан. Тус бондын хөрөнгийн үлдэгдэл бас бий. Одоогийн байдлаар шинэ зээл санхүүжүүлэх боломжтой 600 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө бэлэн байна. Зээл олгох хангалттай хөрөнгө байгаа гэсэн үг.
Гадаад зах зээлээс шинээр хөрөнгө босгох төлөвлөгөө, зорилт бий юу?
Энэ онд шинээр бонд гаргахгүй. Ийм шаардлага одоогоор харагдахгүй байна. Харин хамтран ажилладаг гадаадын хөгжлийн банкуудтай байгуулсан гэрээний дагуу тодорхой хэмжээгээр шинээр хөрөнгө татна. Гэхдээ тухайн хөрөнгөөр тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ. Жишээ нь, IV ДЦС-ын агрегатын шинэчлэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг ОХУ-ын “Внешэкономбанк”-аас авч байгаа юм. Уг зээлээс тодорхой хэмжээгээр олгогдсон байгаа бөгөөд шинэчлэлийн ажил үргэлжлэхтэй холбоотойгоор шинээр зээл олгоно. Энэ мэт тодорхой зориулалттай санхүүжилтийн эх үүсвэрүүд Хөгжлийн банкинд орж ирнэ.
2019 оны тавдугаар сард Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн бодлогоо шинэчилсэн. Шинэчлэлээр ямар салбаруудад төвлөрөн зээл, санхүүжилт олгох вэ? Салбаруудыг сонгосон учир, шалтгаан?
Том зургаар нь харах юм бол, Хөгжлийн банк экспортыг дэмжсэн буюу гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих үндсэн чиглэлтэйгээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилттой. Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлж буй уул уурхайн салбар байна. Уул уурхайн үйл ажиллагааг шууд санхүүжүүлэх гэхээсээ илүүтэй дэд бүтцийг нь дэмжсэн төмөр зам, авто зам, эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэх бодлого барьж байна. Эдийн засгийн чухал салбарын нэг хөдөө аж ахуйн чиглэлээр ноос ноолуурын хөтөлбөрүүдийн санхүүжилт өнгөрсөн онд батлагдсан ч тодорхой шалтгаанаар энэ оны зургадугаар сард зээлийг олгосон. Энэ алдаа дутагдлаа засч, ноос ноолуурын шинэ хөтөлбөрүүдэд Хөгжлийн банкнаас олгох зээл санхүүжилтээ есдүгээр сард зарлана. Холбогдох шийдвэрүүдийг ондоо багтаан гаргаж, ирэх Сар шинийн баяраас өмнө зээлийг олгохоор төлөвлөж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 60% нь экспортыг дэмжсэн байх ёстой гэж хуульдаа заасан байдаг. Уг үзүүлэлт одоогоор 57-58%-тай байна. Тиймээс ондоо багтааж 60%-ийн шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байна. Одоо шинээр “Уул уурхайн бус экспортыг дэмжих” хөтөлбөрийг судалж байгаа бөгөөд хэрэгжих юм бол тодорхой хэмжээгээр санхүүжилт олгоно.
Уул уурхайн төслүүдийг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх бодлогыг илүү тодруулна уу?
Уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулахад Хөгжлийн банк дэмжинэ. Мэдээж, цаад утгаараа олборлолт, экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” гэсэн уул уурхайн томоохон компаниудын олборлох өртгийг бууруулахад бага хүүтэй, урт хугацааны зээлийн санхүүжилт олгож, илүү ашигтай ажиллахад нь дэмжих боломжууд харагдаж байна. Уул уурхайн салбар нь Монгол Улсын валютын нөөцийг их хэмжээгээр дэмждэг. Гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр Хөгжлийн банкнаас уул уурхайн томоохон компаниудтай ярилцаж, шийдвэрлэх асуудлууд бас бий.
Хөгжлийн банкнаас зээл, санхүүжилт авсан боловсруулах үйлдвэрлэл, уул уурхайн салбар, дэд бүтцийн төслүүдийг тодруулна уу? Эдгээр төслүүдэд хамаарах төрийн өмчит хичнээн компани байна вэ?
Манай банкны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд нь хөдөө аж ахуйн гаралтай биш л бол уул уурхайн салбартай холбогддог. Жишээлбэл, Төмрийн хүдрийн баяжмал боловсруулах, төмөрлөг эдлэл үйлдвэрлэх зорилготой “Бэрэн” компанийн төсөл байна. Мөн “МАК Евро цемент”, “Монполимет”, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд ч мөн тодорхой хэмжээнд олборлох үйл ажиллагаа явуулдаг.
Яг уул уурхайн олборлолт дагнасан төсөл бол харин цөөн. 2017-2018 онд “Алт” хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгосон төслүүд бол бий.
Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт саарсан үед төслүүдийн санхүүгийн байдал сайнгүй байгаагаас эргэн төлөлтөд тодорхой хүндрэлүүд үүсч байна. Гэсэн хэдий ч банк болон төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагааны үр дүнд хүндрэлийг даван туулах боломжтой гэж харж байгаа.
Дээр хэлсэнчлэн банк одоогоор шууд уул уурхайн олборлолтын санхүүжилт олгохоос илүүтэй олборлолт, борлуулалтын хүчин чадлыг дэмжих дэд бүтцийн чиглэлд түлхүү анхаарч байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор дамжин өнгөрч буй тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажиллаж байгаа жолооч нарын нөхцлийг сайжруулах чиглэлээр “Тайван зогсоол” төслийг санхүүжүүлж байна. Дэд бүтцийн төслүүд дээр газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт болох төмөр зам, авто замын төслүүд бас багтаж байна.
“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд банкны шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж чадаж байна уу?
“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд 14 аж ахуйн нэгжид 70 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Эдгээр компани 2017 онд нийт 159 кг, 2018 онд 630 кг алт олборлон тушаажээ. Зээл авсан алтны зарим төслүүд амласан тодорхой хэмжээндээ хүрч чадаагүй. Олборлолт нь хойшилсон гэх мэт асуудлууд гарсан. Хэрэв энэ хөтөлбөр дахин хэрэгжих юм бол Хөгжлийн банк арай өөр хэлбэрээр санхүүжүүлнэ. Ирээдүйд Хөгжлийн банк “Алт 2” шиг хөтөлбөр дахиж санхүүжүүлэхгүй байх. Энэ нь арилжааны банкууд илүүтэй хийдэг санхүүжилт юм. Үүнийг Хөгжлийн банкны шинэ бодлогоор санхүүжилтийн чухал хэлбэр гэж үзэхгүй байна.
Ер нь уул уурхайн төслүүдийн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийг Монгол Улсын Хөгжлийн банк хэрхэн тооцож, анхаарч байгаа бэ?
Ер нь бол аливаа банк эрсдэл хүлээх, зөв тооцох нь хамгийн чухал байдаг. Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдэд эрсдэл гарах магадлал тодорхой хэмжээгээр бий. Гагцхүү эрсдэлийг аль болох бага хэмжээнд барих, шаардлагатай арга хэмжээг дор бүр нь авч ажиллах ёстой. Хөгжлийн банк зээлийн багцын чанарт нэн анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нэг талаараа, том төслүүд эдийн засагт чухал. Нөгөө талдаа, хэрэгжүүлэхэд маш хэцүү. Хэрэгжилт, түүнийг дагаад зээлийн хугацаа хэтрэх магадлал маш өндөр. Зээлийн хугацаа хэтэрч, эргэн төлөгдөхгүй байвал хамгийн гол нь учир шалтгааныг олох хэрэгтэй. Нэгд, тухайн төслийн хэрэгжилт буюу тоног төхөөрөмж хугацаандаа орж ирээгүй, үйлдвэрлэл эхлэхдээ графикаасаа хоцорсон эсэх зэрэг үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүд бий. Хоёрт, төсөл анхнаасаа буруу тооцоололтой байсан, төсөөлж байсан орлого ордоггүй, зах зээл нь хангалтгүй. Аль эсвэл зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан төслийн зээлүүдийн хугацаа хэтрэх магадлалтай. Төсөл төлөвлөсөн хугацаанаас хоцорсон асуудлыг илүү нааштай хүлээж авдаг. Ийм асуудлууд хаана ч байх шүү дээ. Ялангуяа Монголд. Зээл авах үедээ төслийн ашиглалтад орох төлөвлөсөн хугацаа янз бүрийн шалтгаанаар 1-2 сар хойшлох нь хүлээн зөвшөөрөх, боломжит эрсдэл юм. Ийм тохиолдолд банкны зүгээс зээлдэгчтэй дахин хэлэлцээр хийж зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж болно. Харин төслийн тооцоолол анхнаасаа буруу байсан бол илүү ноцтой. Чанаргүй зээл олгогдсон бол зээлдэгчийн барьцаа хөрөнгийг хангуулах, шүүхэд нэхэмжлэх гаргах, прокурорт шилжүүлэх зэргээр зээлийн эрсдэлийг тооцдог. Одоо Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн багцад урьдчилсан байдлаар ханш огцом сулрахад зээлдэгчид эерэг сөргөөр хэрхэн нөлөөлөх, эдийн засгийн өөрчлөлтийн үр дагаврын прогноз хийж байна.
Энэ дашрамд, “Шинэ төмөр зам”, “Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой өр төлбөрийн тухай асуухыг зөвшөөрнө үү.
Төмөр замтай холбоотой зээл Монгол Улсын Хөгжлийн банкинд байхгүй. Өмнө нь байсан. 2016 онд төсөв рүү шилжүүлсэн гэж ойлгосон.
Монгол Улсад шинээр баригдах төмөр замын төслүүдэд Хөгжлийн банкнаас зээл олгох уу?
Бодлогоор бол Хөгжлийн банк санхүүжүүлэх хэрэгтэй гэж би харж байна. Төмөр замын ач холбогдол өндөр.
Төмөр замтай болсон тохиолдолд нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдэнэ. Тиймээс төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Харин ямар хэлбэрээр, хэр хэмжээтэй, ямар нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх вэ гэдэг тусдаа асуудал юм. Арилжааны банкууд ийм хэмжээний зээлийг гаргаж чадахгүй.
Улсын төсөвт ч энэ хөрөнгийг суулгахад хүндрэлтэй. Тэгэхээр энэ бол Хөгжлийн банкны хийх ёстой ажил гэж миний хувьд үздэг.
Төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх талаар Монгол Улсын Хөгжлийн банк дээр одоо яригдаж байна уу?
Ерөнхийдөө урьдчилсан байдлаар яригдаж байгаа. Хариуцсан яам, “Монголын төмөр зам” ТӨХК-тай ч ярьсан зүйл бий.
Аль чиглэлийн төмөр замын төсөл бол?
Одоогоор тодорхой биш байна.
Уул уурхайн салбартай холбоотой шинээр зээл хүссэн төслүүд байгаа юу?
Байгаа. Жишээ нь, эрчим хүчний 2-3 төсөл байна. Уул уурхайн салбарыг дагаад эрчим хүчний хэрэглээ өсч байгаа энэ үед эдгээр төслүүдийг Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжүүлэх ёстой гэж харж байна. Аль ч улсын хөгжлийн банк эдийн засгийн суурь дэд бүтцийг санхүүжүүлдэг. Хөгжлийн банкны хувьд эрчим хүч, зам, тээвэр логистик ч чухал чиглэлүүд юм.
Орос, Монгол, Хятад улсын “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгад Монгол Улсын Хөгжлийн банк ямар оролцоо, чиг баримжаатай ажиллаж байна вэ? Энэ хүрээнд яригдаж байгаа тодорхой ажлууд бий юу?
Хөгжлийн банк хөрш хоёр орны хөгжлийн банкуудтай хамтын ажиллагаа эхэлсэн. Хамтрах ажлууд цаашдаа илүү тодорхой болж ирэх байх. Хятадын хөгжлийн банк Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрчим хүч, дэд бүтцийн чиглэлд санхүүжилт олгох саналаа бидэнд тавьсан. Оросын төрийн өмчит банк нь IV ДЦС-ын төсөлд Хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалаар Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассет менежмент”ХХК болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээр ямар ач холбогдолтой вэ?
Монгол Улсын хувьд хамгийн том асуудал санхүүжилт. Компани, салбар, эдийн засгийн түвшинд санхүүжилтийн хомсдолд орсон. Гэтэл томоохон хөрөнгө, санхүүжилт шаардсан маш их бүтээн байгуулалт хийх хэрэгтэй байна.
Зарим төслийг зээлээр санхүүжүүлэх боломжгүй байдаг. Зээл гэдэг эргэн төлөлттэй, хүүгийн төлбөртэй санхүүжилт. Гэтэл зарим төслүүд урт хугацаанд үр ашгаа өгдөг. Тэр дор нь мөнгөний урсгал бий болж, зээлийн төлбөрөө хийж, хүүгээ төлөх боломжгүй. Зээлээр санхүүжүүлэхэд эрсдэл өндөртэй.
Арилжааны банкууд зээл гаргах боломжтой ч тодорхой хязгаартай. Харин том хэмжээний, урт хугацааны, харьцангуй бага хүүтэй зээлийн санхүүжилтийг Хөгжлийн банк л олгоно. Шууд хөрөнгө оруулалт татах, улсын төсвөөс санхүүжүүлэх бусад эх үүсвэрүүд бий. Тэгэхээр зээл тал дээр нь Хөгжлийн банк ажиллана. Шууд хөрөнгө оруулалтын тал дээр “Ди Би Эм ассет менежмент” компаниараа дамжуулан дэмжих бодлого барьж байна.
Санамж бичгийн гол санаа нь Оросын хөрөнгө оруулалтын сантай хамтран төслүүдэд хөрөнгө оруулж, хөгжүүлэх. Энэхүү санамж бичгийн дагуу хамтын ажиллагааны хүрээнд Хөгжлийн банк судалсан төслүүдээ Оросын хөрөнгө оруулалтын сантай хамтран хөрөнгө оруулахаар санал болгож болно. Аль эсвэл Оросын сангаас Монголын газар нутагт хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа төслүүдээ манай Хөгжлийн банкинд санал болгоно. Энэ бол эхний алхам. Цаашид Хөгжлийн банк бусад улс орнуудын хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах эрмэлзэлтэй.
Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа салбарын яамдтай Монгол Улсын Хөгжлийн банк уялдаа холбоо тааруу ажилладаг гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр банкнаас хэрхэн анхаарч байгаа вэ?
Намайг энэ албанд томилогдохоос өмнө ямар уялдаа, холбоотой ажиллаж байсныг би хэлж мэдэхгүй юм. Өнөөгийн байдлаар Хөгжлийн банк төсөл хөтөлбөр хариуцсан яамдтай зайлшгүй зөвшилцөж, нягт хамтран ажиллаж байна. Хоёр талд харилцан ойлголцохгүйгээс төсөл хөтөлбөр ямар ч үр ашиггүй болох нь мэдээж. Хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүчний салбарын гол төслүүд, тэдгээрийг Хөгжлийн банкнаас хэрхэн дэмжиж ажиллах талаар 2-3 удаагийн уулзалтыг холбогдох яамдтай хийсэн. Албан болоод албан бус шугамаар яамдтай Хөгжлийн банк хамтран ажиллаж байна.
Засгийн газрын ХЭГ-аас эдийн засагт чухал салбаруудын хөгжлийг тодорхойлж, яамдтай хамтран ажиллах чиглэлийг Хөгжлийн банкинд өгсөн байдаг. Мөн Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж, тухайн төсөл улсын хөгжлийн бодлогод нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж авдаг болсон.
2017 онд Монгол Улсын өр зээлийн эргэн төлөлтөд Хөгжлийн банк чухал үүрэгтэй оролцсон. Одоо 2021 оноос гадаад өр төлбөрүүд төлөгдөж эхэлнэ. Энэ тал дээр Хөгжлийн банкны зүгээс тодорхой төлөвлөсөн, яригдсан зүйл байгаа юу?
Монгол Улсын гадаад өрийг хариуцан ажилладаг Сангийн яамнаас манай банк чиглэл авна. Тиймээс гадаад өр төлбөрийн асуудалд Хөгжлийн банк бие даан, ганцаарчилсан шийдвэр гаргадаггүй. Монгол Улсын гадаад нийт өр 20 гаруй тэрбум ам.долларын зээлийг нэг дор төлж чадахгүй байх. Аль болох урьдчилж шинээр санхүүжүүлж, төлбөрийн хугацааг сунгах асуудал яригдах болов уу. Үүнд Хөгжлийн банк хувь нэмрээ оруулах боломж байвал оролцоно.
Та эдийн засагч, банкир хүний хувьд Монгол Улсын өнөөгийн хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн харж байна вэ? Бэрхшээл болоод давуу талыг тодорхойлбол?
Миний харж буйгаар, шууд хөрөнгө оруулалтын орчин харьцангуй эерэг байна. Эдийн засаг өсч байгаа болохоор гадаадын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарын сонирхол тун энгийн. Аль болох өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх. Монгол Улсын хөгжил сонирхолтой үе шатандаа явж байна. Энэ үед эрсдэл өндөр ч түүнтэй уялдаад өгөөж нь ч их гэсэн хүлээлттэй Монголд орж ирдэг. Харин зарим тохиолдолд яагаад Монголд хөрөнгө оруулахаас айж эмээдэг вэ? Тодорхой төсөл, компанид хөрөнгө орууллаа гэхэд тухайн компанийн засаглал, санхүүтэй холбоотой эрсдэлийг нь хөрөнгө оруулагчид өөрсдийн менежментээр шийдэж болдог. Харин хөрөнгө оруулагч нарын хянаж чадахгүй эрсдэл бол хууль эрх зүй, улс төр юм. Цаашлаад бүсийн макро эдийн засгийн эрсдэл. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засаг удаашрахад Монголд нөлөөлнө. Оросын эдийн засаг Монголтой өрсөлдөж мэднэ. Бүсийн эдийн засагтай холбоотой эрсдэлийг хэн ч шийдэж чадахгүй. Монголд хууль эрх зүй, улс төрийн эрсдэл маш хэцүү. Үүнд л хөрөнгө оруулалт гацдаг, хөрөнгө оруулагчид эмээдэг гэж би хардаг. Сүүлийн үед маш ихээр яригдаад байгаа шүүхийн засаглалтай холбоотой өөрчлөлт тун чухал юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшилтэй харагдана. Монголд хөрөнгө оруулж, гэрээ зураад ямар нэгэн маргаан гарах юм бол шүүхээр асуудлыг шударга шийдэж чадна гэсэн итгэлийг төрүүлнэ. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн томоохон ажил орон даяар өрнөж байна. Өөрийн хувийн үзэл бодлоо хуваалцахад, энэ нь том өөрчлөлт, үүнийг хийх ёстой. Манай улсад эерэг өөрчлөлт авчирна гэж миний хувьд харж байгаа юм. Нэг үеэ бодвол Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин сайжирсан. Үүнд Засгийн газар, улстөрчид ч илүү анхаардаг болсон байна. Компаниуд ч бодит хүлээлттэй ханддаг болжээ. Өмнө нь бол төслөө хурдан зарж, хөрөнгө оруулалтаа татаад явах хүсэлтэй байлаа. Одоо компани, төслүүд ч тэр илүү урт хугацааны хөгжил, ашиг хардаг болсон байна.
Өмнөх туршлагаас харахад Хөгжлийн банкны үйл ажиллагааг улс төрөөс хараат бус байлгах тал дээр Та өөрийн үзэл бодлыг хуваалцана уу?
Хөгжлийн банкны хамгийн хэцүү асуудал энэ л дээ. Учир нь улс төрөөс хараат бус байлгаж байж Хөгжлийн банк амжилттай ажиллаж, зорилтдоо хүрнэ. Өнгөрсөн онд Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт орсон нь маш том алхам байсан. Тухайн өөрчлөлтөөр Засгийн газрын аливаа гишүүн, УИХ-ын гишүүн Хөгжлийн банкинд чиглэл өгөх эрхгүй болсон. Хөгжлийн банк санхүүжүүлэх зээлээ хараат бус байдлаар, цэвэр эдийн засгийн тооцоололд үндэслэн, эргэн төлөгдөх магадлалыг үнэлж дүгнэн шийдвэрээ гаргана. Тэрхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхээс хамаарч Хөгжлийн банк зээл санхүүжилт олгоно.
Харин богино хугацааны, улс төрийн дэмжлэг шинж чанартай төслүүдийг санхүүжүүлэхгүй гэсэн ерөнхий чиглэлтэй ажиллаж байна. Хөгжлийн банк нь цэвэр эдийн засгийн чиг баримжаатай, хараат бус үйл ажиллагаа явуулахдаа зээлийн дүрэм, журмыг шинэчилсэн юм. Тодорхой хэмжээгээр бүтцийн өөрчлөлт хийлээ. Одоо судлагдаж буй зээлүүдийн процессийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Мэдээж, улс төрөөс хараат бус байлгах өөрчлөлт нэг өдрийн дотор хийгдэхгүй шүү дээ. Одоо бид Хөгжлийн банкны дүрмэнд өөрчлөлт оруулах төслөө бэлтгээд байгаа. Үүнийг Засгийн газар шийднэ. Цаашдаа Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар учир ТУЗ-д төлөөлөл багтдаг. Харин банкны удирдлагын аль ч түвшинд Засгийн газарт ажиллаж байсан хүнийг томилсон асуудал байхгүй. Гүйцэтгэх захирлын хувьд би хамт ажиллах багаа бүрдүүлэх асуудлыг шийднэ. Банк санхүүгийн салбарт ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус хүн багт ажиллах ёсгүй.
Танд баярлалаа.