Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Саарал жагсаалт: Эдийн засгийн ээлжит “сорилт"

Б.Төгсбилэгт

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, төсөв батлах гээд чамгүй бодлогошрох зуур Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон тухай мэдээ тэднийг цочоож орхив. ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг мэдээг аравдугаар сарын 18-нд зарласан юм. ФАТФ  нь дэлхийн санхүүгийн системийг мөнгө угаалт, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй холбоотой аливаа санхүүжилтээс хамгаалах үндсэн зорилготой, өдгөө 30 жилийн нүүрийг үзээд буй Засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. Өмнө нь 2013 оны зургадугаар сард Монгол Улс саарал жагсаалтад орж байсан үетэй харьцуулахад энэ удаад нийгэм даяараа бухимдацгааж буй нь монголчуудын санхүүгийн ойлголт   өндөр болсныг тод харуулав. Өмнөх удаагийн “Саарал жагсаалт”-ын дуулиан тухайн үед “Оюутолгой” төслийн өргөтгөл шатны бүтээн байгуулалт зогссон тухай “Рио Тинто”-гийн мэдэгдэлд дарагдсан байж ч болох юм. Удалгүй эдийн засаг буурч, 2016 оныг дуустал үргэлжилсэн билээ. 

Энэ удаагийн “Саарал жагсаалт”-ын ээлжит “элсэлт”   эдийн засгийн харьцангуй таатай үед буюу уул уурхайн орлогын өсөлттэй үед айлчлан морилж байгаагаараа онцлогтой. Мөн ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр хэрэгжиж буй үетэй давхцаж байгааг ч бас тэмдэглэх нь зүйтэй. “Саарал жагсаалт”-ын тухай мэдээлэл гарсны дараахан  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчлал хийв. Айлчлалын үеэр Сайд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгээс төсвийн дэмжлэгийн хоёр дахь хэсгийг мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлийг шийдсэний дараа шилжүүлнэ гэсэн “сануулга” хүртэв. Энэхүү үг нь Монголын Засгийн газрын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй хүчин чармайлтад ОУВС сэтгэл ханамжгүй байгааг зарим талаар илтгэж байна. Ийнхүү ФАТФ болон ОУВС-гийн сэтгэл дундуур байдлыг Засгийн газар сонсож ойлгосон учраас ирэх сонгуулиас урьтаж амжуулах ажил ихтэй гэдэг нь бүр тодорхой боллоо.

Ойрын түүхээс харахад, ФАТФ-ийн саарал жагсаалтад орохгүйн төлөө уг нь Монгол Улс ихээхэн зүтгэл гаргажээ. ФАТФ-ийн Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG) 2017 оны долдугаар сард Монголын нөхцөл байдлыг дүгнэсэн Харилцан үнэлгээний тайлан гаргаж 2018 оны аравдугаар сард багтаан биелүүлэх үүрэг даалгавруудыг даалгажээ. Ингэснээр манай улс “Саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх байв. Товлосон хугацаа болоход Монгол Улс шалгалт өгөх хугацааг дахин нэг жилээр сунгаж чадсан боловч цаг хугацаа бас л яах ийхийн зуургүй хурдан өнгөрчээ. Ингээд УИХ “түргэн авч” баахан хууль яаравчлан батлав. Мөнгө угаалт, терроризм, үй  олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх төрийн аппаратын хүн хүчээ ч зузаатгахаар болов. УИХ-ын дарга Г.Занданшатар Парист болсон (10.16-18) ФАТФ-ийн хурлыг угтан аравдугаар сарын 7-нд тус байгууллагын шинэ Ерөнхийлөгч Xiangmin Liu-д хаягласан сэтгэл хөдлөм захидлыг явуулсан ч ФАТФ-ийг уярааж чадаагүй   нь Парисын хурлын дүнгээс тодорхой болсон юм.  Одоо УИХ-ын дарга дэмий л Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороог зэмлэн буруушаана. Гол нь ФАТФ уран үгэнд бус, гүйцэтгэлийг голчилдог байгууллага болохоо удаа дараа тэмдэглэж, үүнийгээ ч үйлдлээрээ бататгасан хэрэг боллоо. Учир нь хууль батлах нэг хэрэг, түүний хэрэгжилтийг хангана гэдэг түүнээс илүү амаргүй ажил.

Гэхдээ Монголыг “саарал жагсаалт”-д орсон явдалд тайтгаруулах үүднээс Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг чиглэлд улс төрийн эрмэлзэл, зүтгэл муугүй байсныг ФАТФ хэлэхээ мартаагүй. Залгуулаад Монголбанкны зүгээс энэ удаагийн “саарал жагсаалт”-д “элссэн” явдлыг ямар нэг санхүүгийн хориг дагалдахгүйг итгэл төгөлдөр тунхаглалаа. Төв банк 2020 онд яаж ийгээд “саарал жагсаалт”-аас гарахаар ажиллана гэдгээ учирлалаа. Гэхдээ үүнд төрийн бусад байгууллагын хамтын хүчээр гарна гэдгийг онцлон тэмдэглэв. Хийж буй ажлаа  энэ арванхоёрдугаар сар, ирэх оны хоёрдугаар сард ФАТФ-д тайлагнах байдлаар үйл явц цааш өрнөнө. 

Сүүлд наймдугаар сард хийсэн шалгалтаар Монгол Улс ФАТФ-ийн улс орон бүрийг шалгахдаа мөрддөг нийт 40 зөвлөмжийн 35-ынх нь (7 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн, 28 зөвлөмжийг нэлээд сайн хэрэгжүүлсэн) хувьд боломжийн үнэлгээ авч, үлдсэн дөрөвт нь хангалттай сайжруулаагүй (зөвлөмж 1, 8, 14, 35) гэсэн үнэлгээ аваад байгаа. Үлдсэн нэг зөвлөмж буюу 28 дахь зөвлөмж (Санхүүгийн бизнесийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалт, хяналт шалгалттай холбоотой зөвлөмж ) дээр “хэсэгчлэн хэрэгжсэн” буюу дунд үнэлгээ авсан ч энэ нь 2017 оны “хэрэгжүүлээгүй” гэсэн үнэлгээнээс сайжирсан байна. Гэсэн ч үүнийг цаашид сайжруулах шаардлагатай нь дамжиггүй.

Өөрөөр хэлбэл эдгээр дөрвөн зөвлөмжид Монгол Улс 2017 оноос хойш ахиж дэвшээгүй   гэж дүгнэжээ. 
ФАТФ 40 зөвлөмж (буюу техникийн хэрэгжилт)-өөс гадна Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээр шалгадаг. Манай улс 2017 онд Үр дүнтэй байдлын үзүүлэлтийн бүгдэд нь хангалтгүй дүн аваад байсан бол сүүлийн шалгалтаар 7 үзүүлэлтэд нь ахиц гаргаж, үлдсэн дөрвөн үзүүлэлтэд илүү үр дүнтэй ажиллах шаардлагатай болоод буйг  Монголбанк тайлбарласан. 

Монгол Улсын тухай сүүлд гаргасан ФАТФ-ийн мэдэгдэлд “2017 оноос хойш Монгол Улс харилцан үнэлгээний тайланд өгсөн техникийн хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг дээшлүүлэх зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргасан. Тухайлбал холбогдох хууль, тогтоомж журмыг шинэчилснээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдлийн талаарх ойлголтоо сайжруулж, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон институцийн тогтолцоог нэвтрүүлсэн” гэжээ. Үүнийг дагалдуулан дараах дөрвөн чиглэлд ажиллах хэрэгтэйг  тусгажээ. Үүнд:


Монгол улсын цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүд

  • Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийг (СББМҮҮ*) хянан шалгах байгууллагын тухайн салбарын МУТС эрсдлийн талаарх ойлголтыг сайжруулах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар гүйцэтгэх, МУТСТэмцэх үүргээ зөрчвөл тухайн зөрчилд дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах
  •  
  • Мөнгө угаах үйлдлийг тогтоосон эрсдэлтэй нь нийцүүлэн мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлэх
  •  
  • Хилээр мэдүүлээгүй, худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах
  •  
  • Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, санхүүгийн байгууллага, СББМҮҮ-дийн зүгээс үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хориг арга хэмжээг хэрэгжүүлж буйд хяналт тавих, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц дахин үйлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авах

 

*СББМҮҮ нь зөвлөх үйлчилгээ, хуульч өмгөөлөгч, үл хөдлөх хөрөнгийн зууч, алт, үнэт эдлэлийн худалдаачид, нотариатчин, нягтлан бодогч гэх мэт салбарыг хэлнэ


Тэгэхээр Монгол Улс үндсэндээ олон хууль баталсаар ирсэн боловч   түүний үр дүнтэй хэрэгжилт, төрийн аппаратын уялдаа холбоотой ажиллагаа чухалд тавигдаж байгаа нь илт байна. 

Эдийн засгийн хурдацтай өсөлтийг дагаад үүсэх аюулын нэг нь хар мөнгө зах зээлд орж ирэх явдал юм. Монгол Улсын 2017 оны Харилцан үнэлгээний тайланд Монгол Улсыг терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэл харьцангуй хязгаарлагдмал гэж дүгнэжээ. Гэвч мөнгө угаалт нь үл хөдлөх, автомашин, бусад хэрэглээний бараа, хуулийн үйлчилгээ, авлигын мөнгийг гадаадын банк, оффшор данс руу шилжүүлэх, улмаар эргээд дотоодын данс руу оруулж ирэх зэргээр явагдаж буйг тэмдэглэжээ. 
Тодорхой зүйл гэвэл “Саарал жагсаалт”-аас Монгол Улс аль болох хурдан гарах хэрэгтэй. “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Саарал жагсаалт”-ын асуудал нь тус компанийн төслийн санхүүжилтэд нөлөөлөөгүй байгаа гэж мэдэгдсэн ч энэ нь бусад хувийн хэвшлийн гадаад санхүүжилтийн зардлыг өсгөх зэргээр хүндрэл учруулж болзошгүй. 

Энэ бүх үйл явц төгрөгийн ам.доллартай харьцах ханшид сөргөөр нөлөөлнө. Төгрөгийн ханш ФАТФ-ийн мэдэгдлээс хойш бага зэрэг өссөн дүр зурагтай байна. “Саарал жагсаалт”-ын тухай нийгэмд үүсээд буй болгоомжлолоос үүдэн ам.долларын ханш савлах тохиолдолд Монголбанкны интервенц үүнийг зогсоох болно гэж зарим эдийн засагчид тайлбарлаж байна. Гэвч Монголбанк валютын нөөцөө зузаатгахын тулд ам.долларын худалдаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Валютын нөөцийг арвижуулах чиглэлээр цаашид Төв банк дотоод зах зээлээс худалдаж авах алтны хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтална гэж байгаа. Эсрэгээр оны эхний есөн сарын байдлаар алт худалдан авалт өмнөх оны мөн үеийнхээс 3.16 тонноор буурсныг Монголбанк мэдээлсэн (энэ нь одоогийн ханшаар 150 сая ам.доллартай тэнцэнэ). Гэхдээ он гарсаар алтны ханш дэлхийн зах зээлд 20 орчим хувиар өсөөд буй нь Төв банкны валютын зузаатгалд ашигтай тусна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Төв банкны гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн ч энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 27.5%-иар, ОУВС-гийн аргачлалаар тооцсон хүрэлцээт хэмжээнээс 1.3-2 дахин бага байгааг Төв банк мэдэгдлээ. Гадаад өрийн үйлчилгээнд 2020-2024 онд төр болон хувийн хэвшил нийт 14.3 тэрбум ам.доллартай тэнцэх эргэн төлөлт хийхээр байгаа нь Төв банкны валютын нөөцөө 3.5 дахин өндөр дүн болж байна. Монголбанк мөн Хятадын Ардын банктай байгуулсан 2 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацааг 2023 он хүртэл гурван жилээр сунгахаар ажиллаж байгаагаа учирласан. 

Тэгэхээр Монголын гадаад зээлийн эргэн төлөлт нь хугацаа сунгах, дахин санхүүжилт хийх замаар үргэлжлэх урьдчилсан төлөв гараад байна. Эдийн засгийн өсөлт сонсогдовч өр төлбөрийн дарамт мэдрэгдэх “эсрэг тэсрэг” цаг үед монголчууд ийн аж төрнө. Яг энэ үед 2020 оны зарлага өндөртэй төсөв батлагдах гэж байгаа бөгөөд МАН төсвийн төслийг тун дажгүй болсон гэж магтацгаана. 

Уул уурхайн салбар ирэх онд бас өсөлт нь удаашрах сургийг Төв банк уламжиллаа. Учир нь алтнаас бусад эрдсийн ханш ирэх онд буурах төлөвтэй байгаагаас гадна Оюутолгойн хүдэр дэх алтны агуулга буурах зэрэгтэй үүнийг холбон тайлбарлав. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбарын ирээдүй, суурь нь болсон хайгуулын салбарт уналт ойрхон ирээд байгааг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци анхааруулж байна. Энэ янзаараа яваад байвал ойрын хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөлгүй улс болох дүр зураг тодорч буй ажээ.


ДНБ-ий  өсөлтийн хувь

Он    Нийт        Уул уурхайн    Уул уурхайн бус

2019    6.8-7.0        5.4-5.9        7.1-7.3
2020    5.1-6.3        0.8-3.2        5.9-7.2

Эх сурвалж: Монголбанк


Үүнтэй зэрэгцэн эдийн засгийн өсөлтийг ард иргэдийн амьдралд наалдуулж, хүртээмжийг сайжруулахыг эдийн засагчид Засгийн газарт сануулахаа хэзээ ч мартахгүй. Ийм нөхцөлд Засгийн газарт хийх ажил арвин их байгаа бөгөөд үүний хажууд “Саарал жагсаалт”-аас гарах бол ердөө зөвхөн нэг л даваа болох нь ойлгогдоно. Сэтгэлээр унах хэрэггүй ээ, Засгийн газар минь!