Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Петроматад”-ын нээлтээр улсын газрын тосны нөөц 10%-иар нэмэгдэх боломжтой

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад Лимитед” компани газрын тосны хайгуулын Матад XX талбайн хойд үзүүр дэх Цэн тогоруу (Heron-1) цооногт хийсэн хайгуулын өрөмдлөгийн туршилт, судалгааны дүнг танилцуулсан юм(10.24). Компанийн мэдээлснээр, уг хэсэгт олборлолт явуулах боломжтой гэж туршилтын дүн гарчээ. Гэхдээ одоо өрөмдлөг, хайгуулын ажлын дата мэдээллийг нэгтгэн, илүү нарийвчилсан үр дүнг гаргахаар ажиллаж байна. Улмаар газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлнэ гэж харж байгаа юм. Ингэснээр одоо тогтоогоод буй нөөцийг ахиулах, 2020 онд олборлолт явуулах боломж бүрдэнэ гэж компани мэдээлэлдээ дурджээ.

Олборлолт явуулахаас өмнө судалгаа, шинжилгээ хийж олборлолтын боломжит түвшин, түүнд нөлөөлөх бусад хүчин зүйлсийг тодорхойлох хэрэгтэй юм байна. Өмнө нь хийгдсэн туршилтаар цооногийн газрын тосны урсаж гарч ирэх түвшин хамгийн ихдээ 821 баррель/өдөр гэж тогтоосон аж. Уг цооногийн туршилтын үр дүн тооцоолж байснаас илүү сайн гарсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Mike Buck онцолсон.

“Петроматад Лимитед” компани өнгөрсөн есдүгээр сарын эхээр Цэн тогоруу цооногт 2960 тууш метр өрөмдлөг хийж дуусгаснаа мэдэгдэж байсан юм. Үүнээс хойш туршилт хийж газрын тосны нөөц илрүүлснээ мэдээллээ. Компанийн хувьд энэхүү хайгуулын ажлын үр дүн нь асар их хүч хөдөлмөр зарцуулж байж хүрсэн болохыг онцолж байна. Цэн тогоруу цооног нь Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлолт явуулж буй хэсэгтэй маш ойрхон оршдог гэдгээрээ онцлогтой.

Цэн тогоруу цооногийн хэсэгт нийтдээ 25 сая баррель газрын тосны (P50) нөөц бий гэсэн урьдчилсан тооцооллыг өрөмдлөгийн ажил эхлэхээс өмнө гаргасан юм. Энэ нь ойролцоогоор 4 орчим сая тонн газрын тосны нөөцтэй тэнцэнэ.

Монголын газрын тосны нөөц одоогоор 40 сая тонноор хэмжигддэгтэй харьцуулахад Петроматад-ын хайгуулын үр дүнгээр нийт нөөцийн хэмжээ 10%-иар нэмэгдэнэ гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр, олборлолт явуулж буй Хятадын компаниудын үйлдвэрлэлийн гарц 2015 онд 25 мянган баррель/өдөр болж оргилдоо хүрч байсан бол одоо буурах хандлагатай байгааг Петроматад тэмдэглэлээ.

 

Монголын өдөрт олборлож буй газрын тосны дундаж хэмжээ (баррель)

Эх сурвалж: АМГТГ, Петроматад

 

2023 онд ашиглалтад оруулах Газрын тос боловсруулах үйлдвэрт өдөрт 30 мянган баррель газрын тос нийлүүлэх шаардлагатайг компани онцолжээ.

Энэ нь үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулахын тулд цаашид газрын тосны нөөцийг нэмэгдүүлж, олборлолтын хэмжээг өсгөх шаардлагатайг харуулж байна.

Энэхүү мэдээлэл гармагц Лондоны хөрөнгийн бирж дээр “Петроматад Лимитед” компанийн хувьцааны ханш 5.5 пенс болж (10.24) өмнөх өдрийнхөөс 100%-иар өсчээ.

Газрын тосны хайгуулын Матад XX талбай нь нийтдээ 10.3 мянган шоо км талбайг хамрах бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийг дамнан оршино. 2019 онд тус компани уг талбайд нийтдээ 3 цооногт (Улаан буга/Red Deer, Цагаан зээр/Gazelle, Цэн тогоруу/Heron) өрөмдлөг хийгээд байгаа юм.

Матад XX талбайн байршил

Цэн тогоруу/Heron цооногийн хэсгийн байршил

Тус компани нь Матад XX талбайгаас гадна Богд IV (29 мянган шоо км ), Онги V (21 мянган шоо км) зэрэг хайгуулын талбайг эзэмшдэг.

Б.Төгс