Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Хүлэмжийн хийг бууруулах сорилт нь уурхайчдад боломж авчирна

Уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлсэн улс орнуудыг Канад улс тэргүүлдэг. 1935 онд байгуулагдсан “Канадын уул уурхайн ассоциаци”-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Бэн Чалмерс есдүгээр сард Монголд хүрэлцэн ирж “Тогтвортой уул уурхай” санаачлагыг танилцуулсан юм. Энэхүү санаачлага нь компаниудад үйл ажиллагааны гүйцэтгэлээ байгаль орчны хувьд бодитоор сайжруулах боломж олгодгоороо онцлогтой ажээ. Байгаль орчны хувьд анхаарах нь компанийн эдийн засгийн үр ашгийг ч дээшлүүлэх боломжтойг тэрбээр тайлбарлав. Ингээд түүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт уг санаачлагын талаар болон бусад асуудлаар ярилцлаа. 

Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь уул уурхайн салбарт улам бүр чухал  болж байна. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт энэ асуудал хараахан анхаарлын төвд ороогүй  гэж хэлж болно. Компаниуд цаашид энэ чиглэлд юуг анхаарч ажиллах хэрэгтэй вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд уул уурхайн салбар анхаарал хандуулах учиртай нь эргэлзээгүй хэрэг.   “Тогтвортой уул уурхайн санаачлага” шиг ийм тогтолцоогоор дамжуулан уул уурхайн компаниуд эрчим хүчний хэрэглээгээ илүү үр ашигтай болгож, хүлэмжийн хийн ялгаруулалтын зорилтуудаа тогтоох ёстой юм. Хүлэмжийн хий ялгаруулалт багатай эдийн засагт шилжихэд   салбарын үүрэг оролцоотой   нягт уялдана. Цахилгаан машин, нарны хавтан, салхин турбин болон бусад эко шийдэл бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд илүү их метал, эрдэс түүхий эд шаардагдаж байгаа учир уул уурхай нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах шийдлийн гол хэсэг болно. 

Жишээ нь цахилгаан машины үйлдвэрлэлд  зэс шаардагддагаас гадна лити, кобальт, никель болон бусад эрдэс орно. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр  хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй болно. Энд “Тогтвортой уул уурхайн санаачлага” нь гойд нийцэж ажиллах юм. Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах нь манай санаачлагын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг. Уг санаачлагын протоколын нэг чухал хэсэгт уурхайчдад эрчим хүчний менежментийн нарийвчилсан системийг нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтаа ил тод тайлагнахыг мөрдөх тухай бий. Чухамдаа уул уурхайн компаниуд эрчим хүчний хэрэглээ, хийн ялгаруулалтын чиглэлд зорилтоо тогтоож, биелэлтэд нь хариуцлага хүлээж ажиллах ёстой юм.    

“Парисын хэлэлцээр” зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээ конвенциудын хүрээнд тогтоож магадгүй хүлэмжийн хийн ялгаруулалтын стандартуудыг мөрдөж ажиллах нь уурхайчдад үнэхээр боломжтой юу? Аль эсвэл тэдэнд хүндхэн тусах уу?
Би үүнийг боломжгүй зүйл гэж хэлэхгүй. Уул уурхайн салбарын хувьд хүлэмжийн хий ялгаруулж байгаа хамгийн гол эх үүсвэр нь эрчим хүч, машин техникт ашигладаг түлш юм. Ихэнх тохиолдолд эрчим хүч нь үйл ажиллагааны нийт зардлын гуравны нэг хүртэлх хэсгийг бүрдүүлдэг. Эрчим хүчний хэрэглээгээ багасгахад чиглэсэн алхам бүр нь эргээд зардлыг бууруулдаг. Тэгэхээр үүнд тодорхой урамшуулал бий. Үүнийг харин ч боломж гэж харж байна. Тогтвортой уул уурхайн санаачлагыг нэвтрүүлэх нь компаниудад эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлаа хянахад нь дөхөм үзүүлнэ. Улмаар зардлаа бууруулах боломж олгоно. Энэ бүгд нь компаниудад эергээр нөлөөлнө. 

Энэ бүх үйл ажиллагаа нь үндэсний бодлоготой уялдах учиртай. Канадад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ашигласаар ирсэн бодлого бол нүүрсхүчлийн хийн татвар юм. Манай холбоо энэхүү татварыг дэмжсээр ирсэн. Энэ салбарын   орлогыг эргүүлээд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, үр ашигтай технологи бий болгоход зарцуулахыг дэмждэг. Нөгөө талаар   алслагдсан бүс нутагт, тухайлбал Канадын хойд хэсгийн Арктикийн бүс дэх уурхайнууд гол эрчим хүчний эх үүсвэр нь одоо хэр нь дизелиэс өөр сонголтгүй байна. Энэ тохиолдолд нүүрсхүчлийн хийн татвар нь зөвхөн нэмэлт зардал болж, шинэ технологийг хөгжүүлэх урамшууллын механизм болж чадахгүй байгаа юм. Тиймээс тэндхийн компаниудыг тусад нь ялгаатай авч үзэх хэрэгтэй гэж бид зөвлөдөг. Эсрэгээр өмнөд хэсэгт байгаа уурхайнууд усан цахилгаан станц зэрэг илүү цэвэр эрчим хүчний шугам сүлжээнд холбогдох боломжтой байдаг. Бид мөн сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж буйг харж байна.

Манай уншигчдад ТSM санаачлагын талаар Та танилцуулахгүй юу?
Towards Sustainable Mining (TSM) буюу “Тогтвортой уул уурхайн санаачлага”   үндсэндээ уул уурхайн үйл ажиллагаанд хэрэглэгддэг байгаль орчин, нийгмийн стандарт гэж тодорхойлж болно.  Энэ салбарт 15 жил хэрэгжиж байгаа стандарт юм. Тухайн уурхайнууд нь нийгмийн болон байгаль орчны холбогдолтой чиглэлээр өөр өөрсдийн гүйцэтгэлийн үнэлгээгээ гаргах шаардлагатай байдаг. Тухайлбал хаягдлын далан, эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарлын удирдлага, орон нутгийн оролцоо, ус, биологийн олон янз байдал  болон бусад асуудал энд багтана. Дата мэдээллийг цуглуулан, үнэн зөв байдлаар мэдээлж хараат бусаар үнэлж баталгаажуулдаг учир олон нийтийн итгэх итгэл илүү байдаг. Эдгээр тайланг зөвхөн салбарын холбоо төдийгүй бусад олон талт оролцогчдоос бүрдсэн комисс буюу Орон нутгийн эрх ашгийн зөвлөл хараат бусаар үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөмж гаргадаг. 

Энэхүү санаачлагыг үндсэндээ долоон улсад хэрэгжүүлээд эхэлсэн. Мэдээж Канад бол эхний элссэн улс. Финланд, Аргентин, Ботсвана, Филиппин, Испани, хамгийн сүүлд Бразил улс нэвтрүүлээд байгаа стандарт юм.

Монгол Улс энэхүү санаачлагад нэгдэх хэрэгтэй гэж Та бодож байна уу?
Бидний хувьд бол Монгол Улсад энэхүү санаачлагыг нутагшуулан,  хэрэгжүүлэх талаар бодож үзээсэй гэж хүсч байна. 

Канадын уул уурхайн ассоциацаас тухайн сонирхсон улсад үнэ төлбөргүй чөлөөтэй хэрэглэх боломжийг нь олгодог. Үүнд  Монгол Улсын хувьд салбарын холбоо буюу Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) сонирхлоо илэрхийлэх юм бол шийдвэр гарган танай улсад хэрэгжүүлээд явах боломжтой. Хамгийн гол нь МУУҮА-ийн гишүүд өндөр эрмэлзэлтэй байх нь чухал. 

“Тогтвортой уул уурхай” санаачлагын хамгийн чухал  хэсэг нь усны тухай заалт санагдсан. Монголын хувьд ялангуяа говийн бүс дэх уул уурхайн компаниуд уурхайн шүүрлийн ус болон үерийн ус, газрын гүний усыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Мөн ус дахин ашиглалтын хэмжээ зарим уурхай, үйлдвэрт 90 гаруй хувьд хүрсэн. Компаниудын энэхүү хүчин чармайлт нь усны менежмент талаасаа хангалттай үзүүлэлт үү, аль эсвэл тэд үүнээс ч илүү ихийг хийх боломжтой гэж Та үзэж байна уу? 
“Тогтвортой уул уурхай” санаачлагын усны тухай протокол нь усыг дотооддоо хамгийн  сайнаар хэрхэн удирдах   чиглэлд хэд хэдэн шалгуурыг тогтоосон байдаг. Ус дахин ашиглалт 90%-тай байна гэдэг бол үнэндээ маш сайн үзүүлэлт. Гэхдээ үлдсэн 10%-ийг байгалийн эх үүсвэрээс хэрхэн төвлөрүүлж, ашиглахтай холбоотой менежментийг хамгийн дээд түвшинд хэрэгжүүлэх тухай асуудал байх л болно. Канадад бол устай холбоотой асуудал нь   их хатуу зохицуулалттай байдаг. TSM гэдэг санаачлага маань энэ зохицуулалт дээр өөр бусад ямар байдлаар илүү үр дүнтэй болгох талаар харгалзан үздэг. Нэг арга зам нь юу вэ гэхээр тодорхой үйл ажиллагаа явуулж, ус ашиглаж байгаа уул уурхайн тухайн компани нь ус ашиглагч бусад талтай (хөдөө аж ахуйн ч юм уу аялал жуулчлалын компаниуд) хамтраад хуримтлагдсан нөлөөллийг тогтоож, удирдах тогтолцоог бий болгох чиглэлд ажиллаж болно. Энэ хүрээнд тодорхой шаардлагуудыг тавьж, үүнд   компаниуд нь өөрсдөө үнэлэлт дүгнэлтээ хийгээд ажиллаж болно. Тэгэхээр тухайн усны сав газар ч юмуу эсвэл гүний усныхаа ордыг илүү үр дүнтэй ашиглах боломжийг нээж өгдөг. Энэ шаардлага нь манай усны протокол дээр нэмэлтээр тавигдсан.

Канад улс нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Гэхдээ элсний тос олборлолтыг (oil sands) зарим тал тийм ч сайнаар ярьдаггүй. Та Алберта дахь элснээс газрын тос олборлож буй үйлдвэрлэл Канадын салбарын нэр хүндийг унагаж буй гэдэгтэй санал нийлэх үү? Аль эсвэл энэ нь ташаа ойлголт уу? 
Газрын тос агуулсан элснээс тос олборлох үйлдвэрлэл нь манайд их чухал салбар л даа. Албертад газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гурван компани манайд гишүүнчлэлтэй байдаг. Тэд бүгд TSM-ийг хэрэгжүүлэх тал дээр маш амжилттай яваа компаниуд юм. Тэдгээр компани нь дэлхийн хамгийн том хаягдлын даланг ажиллуулдаг бөгөөд далангийн менежментэд TSM-ийн стандартыг гүйцэтгэлийн өндөр түвшинд мөрддөг. Тэд мөн хүлэмжийн хийн ялгаруулалтын түвшнээ бууруулсаар ирсэн. Бодит байдал дээр бид газрын тос олборлох шаардлагатай болдог. Гэхдээ би хувьдаа газрын тос агуулсан элснээс тос олборлодог компаниуд TSM-ийн стандартуудыг мөрдөж ажилладагт сэтгэл хангалуун байдаг. Хэдийгээр бид нийгмээрээ нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай эдийн засаг руу шилжиж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр газрын тосны олборлох шаардлагатай   байна. Энэ нь эдийн засгийн гол бүрдэл  хэвээр л байна.

Канадын уугуул иргэдтэй хамтарч ажиллах жишээн дээр ярихад эдгээр компани орон нутгийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх талд ихээхэн санаачлагатай ажилладаг. Газрын тосны компаниуд нутгийн уугуул иргэдтэйгээ ажиллах, иргэдийн уул уурхайн өгөөжөөс хүртэх чиглэлд амжилттай ажиллаж байна. Энэ дунд “Suncor” гээд компанийг дурдаж болно. Тус компани нь нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, урт хугацаанд эдийн засгийн өгөөж хүртээх үүднээс газрын тос хадгалах байгууламжид 500 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Тэд мөн уурхайн хаалт, хаягдлын далангийн нөхөн сэргээлтэд хамгийн шинэлэг санаачлагыг дэвшүүлж ажилладаг. The Oil Sands Innovation Alliance (COSIA) гээд тосорхог элснээс газрын тос олборлогч компаниудын хамтрал бий. Энэ нь хамтын ажиллагаа, инновациар дамжуулан байгаль орчны чиглэл дэх үйл ажиллагааны үзүүлэлтээ сайжруулах чиглэлд ажилладаг. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь тэдний анхаарч ажилладаг дөрвөн гол үйл ажиллагаанд багтдаг. 

Уул уурхайн салбарын ирээдүйн сорилтыг Та юу гэж харж байна вэ? Уурхайн компаниуд энэхүү угтан буй сорилтыг даван туулахад юуг илүүтэй анхаарах нь зүйтэй гэж Та үзэж байна вэ?
Маш их сорилт биднийг чиглэн айсуй. Нэг зүйл  нь, юу вэ гэхээр уул уурхайн салбар нь   нүүрсхүчлийн хийн ялгарал багатай ногоон эдийн засаг руу шилжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид шинэ орд газруудыг хэдийд нээж, хөгжүүлэх тухайд үүрэг хариуцлага хүлээсэн гэсэн үг. Үүний зэрэгцээ хариуцлагатай уурхайг боломжит хамгийн сайн түвшинд хэрэгжүүлэх нь чухал. “Тогтвортой уул уурхай” санаачлага шиг ийм хөтөлбөрүүд нь энэ шилжилтийг  хэрхэн илт тод, зөрчилгүй, олон нийттэй  нягт ойр хамтран ажиллаж, өөр хоорондоо хамтран ажиллаж даван туулахад   гол орон зай   болно.  

Нөгөө талаар хиймэл оюун ухаан хөгжиж,  жолоочгүй машин ч юмуу алсын зайнаас тээвэрлэлтээ удирдан хийх болсон нь ажлын байрны бүтцэд   өөрчлөлт авчраад эхэлсэн. 

Энэ үйл явц хэдийгээр автосамосвалын операторуудын тоог бууруулж болох хэдий ч шинэ талбарт ажлын байруудыг үүсгэж байна. Канадад бол Уул уурхайн салбарын хүний нөөцийн зөвлөл гэж байдаг. Уг зөвлөл нь уул уурхайн салбарт ирээдүйд шаардагдах хүний нөөцийн таамаглалыг гаргаж,   ур чадваруудын сургалт явуулах   чиглэлд их дээд сургууль, Засгийн газартай хамтран ажилладаг юм. Зайлшгүй өөрчлөлт ирэх учраас ажлын байраа алдах хүмүүст  илүү хялбар байхуйц талыг бодолцож бид ажиллах хэрэгтэй. Бидний өмнө маш их сорилтууд байна. Энэ бүхэн нь зөвхөн автоматжуулалтын үйл явцаас ирэх бус, мөн хариуцлагатай үйл ажиллагааг нэвтрүүлэх үндсэн шаардлагаас, басхүү бидний хэрэглэгчдийн хяналтаас хамааралтай. Дэлхийн брэндүүд өөрсдийн хэрэглэж буй метал, эрдэс түүхий эд нь хариуцлагатай арга ажиллагаагаар олборлогдсон эсэхэд ихээхэн анхаардаг боллоо. Тогтвортой уул уурхай санаачлага нь энэхүү шилжилтэд тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй.