Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэсийн Какула төслийн зардлыг өмнө нь төлөвлөсөн хэмжээнээс 18%-иар нэмэгдүүлж 1.3 тэрбум ам.долларт хүргэх болсноо мэдэгджээ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, зэс хайлуулах ажлыг 2021 оны гуравдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Өнгөрсөн онд “Айвенхоу Майнз”-ийн томоохон хувьцаа эзэмшигч болсон Хятадын “Citic Metal” -аас гадна тус улсын “Zijin Mining” компаниуд энэхүү төсөлд оролцож байгаа юм.
“Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридланд “Kamoa-Kakula орд газарт зэсийн гурван уурхай багтдаг. Энэ төсөл нь нөөцийн хэмжээгээр Чилийн Escondida уурхайн дараагаар орох дэлхийн хоёр дахь том зэсийн нийлүүлэгч болох ирээдүйтэй” хэмээн онцолжээ.
Kamoa-Kakula ордын төслийн хувьд 2008 оноос Канадын “Айвенхоу Майнз” хэрэгжүүлж байна. 2015 оны тавдугаар сард Хятадын “Zijin Mining” компани уг төслийн 49.5%-ийг 412 сая ам.доллараар, “Айвенхоу Майнз” компанийн 9.9%-ийг 82 сая ам.доллараар тус тус худалдан авсан юм. “Zijin Mining” компанийн тухайд алт олборлолтын хэмжээгээр Хятаддаа нэгдүгээрт, зэс олборлолтоор гуравдугаарт ордог. Тус компани нь Монгол, Тажикстан, Өмнөд Солонгос, Орос, Тайланд болон Перуд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй.
Энэхүү орд нь 2.57%-ийн зэсийн агуулга бүхий 759 сая тонн хүдэр, 2.72%-ийн зэсийн агуулга бүхий 628 сая тонн хүдрийн нөөцтэй хоёр хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл зэсийн нийт нөөц нь 36.6 сая тонноор хэмжигдэнэ гэсэн үг.
Э.Од