Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эрдсийн экспорт 5.5 тэрбум долларт хүрч, 7.2%-иар өсөв

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний арван сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум ам.долларт хүрч 7.1%-иар өсчээ. Үүнд экспорт 6.5 тэрбум ам.доллар, импорт 5.1 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 9.8%, импорт 3.9%-иар тус тус өслөө. Гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 394.9 сая ам.доллараар нэмэгджээ.

2019 оны эхний гурван улирлын байдлаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3%-иар өссөн дүнтэй гарлаа (2010 оны зэрэгцүүлэх үнээр). Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 6.9%, аж үйлдвэр, барилгын салбарынх 6%-иар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Сангийн яам энэ онд эдийн засгийн өсөлт 7-8%-тай гарна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 5.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.2%-иар нэмэгдсэн байна.

Оны эхний арван сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт үнийн дүнгээр 2.75 тэрбум ам.доллартай тэнцэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2%-иар нэмэгдсэн байна. Нүүрсний экспорт жингээр 32.45 сая тонн хүрсэн нь 3.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн аравдугаар сард 3.7 сая тонн нүүрсний экспорт хийсэн нь өмнөх есдүгээр сарынхтай жишихэд ижил дүнтэй гарлаа.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний арван сарын байдлаар бууралт ажиглагдаж байна. Тухайлбал жингээр нийтдээ 1.17 сая тоннд хүрч, мөнгөн дүнгээр 1.54 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 2.5%-иар, үнийн дүнгийн хувьд даруй 7.7%-иар тус тус буурсан байна. Цэвэр зэсийн хувьд экспортын хэмжээ мөн хугацаанд 8.6 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 49.8 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 21.8%-иар, үнийн дүнгээр 29.8%-иар тус тус буурсан гэсэн үг юм.

Төмрийн хүдрийн экспортын тухайд оны эхний арван сард жингээр 6.69 сая тоннд хүрсэн нь 10.8%-ийн өсөлтийг, үнийн дүнгээр 459.5 сая ам.долларт хүрсэн нь 67.4%-ийн өсөлтийг харууллаа.

Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт мөн хугацаанд 7.5 тонн буюу 344 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингийн хувьд 2.2 дахин,үнийн дүнгийн хувьд 2.4 дахин өссөн дүнтэй гарчээ. Монголбанкны мэдээллээр, оны эхний арван сарын хугацаанд Төв банкны алт худалдан авалт 12.9 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.9 тонноор буюу 27%-иар буурлаа.

Түүхий газрын тосны экспорт 5.4 сая баррельд хүрч, 302 сая ам.доллартай тэнцжээ. Хэдийгээр олборлолт 9.3% өссөн ч, орлогын тухайд 7.3%-иар буурсан дүнтэй гарсан байна.  

Жоншны хүдэр, баяжмалын тухайд оны эхний арван сард 558 мянган тонныг экспортолж, 170.4 сая ам.доллартай тэнцсэнээр жингийн хувьд 32.2%, орлогын тухайд 21.3%-иар тус тус нэмэгджээ.

Цайрын хүдэр, баяжмалын экспортыг авч үзвэл, мөн хугацаанд нийтдээ 109.2 мянган тоннд бүтээгдэхүүн нийлүүлж, 155.6 сая ам.долларын орлого олсон нь жингийн хувьд 6.1%-иар өссөн ч үнийн дүнгийн хувьд 7.1%-иар буурлаа.

Молибденийн баяжмалын экспорт оны эхний арван сард 4.7 мянган тоннд хүрч 41.5 сая ам.долларт хүрснээр жингээр 3%-иар буурсан ч орлогын хувьд 3.5%-иар нэмэгджээ.

Хар тугалгын хүдэр, баяжмалын экспортын хувьд оны эхний арван сарын хугацаанд 18.1 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлж, 39.5 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингийн хувьд 1.4%-иар өссөн ч, орлогын дүнгээр 10%-иар буурсан байна.

Гянтболдын экспортын тухайд 542.8 тоннд хүрч 5.14 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 7.6%-иар, үнийн дүнгийн хувьд 18.7%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.

Б.Төгс