Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Симандоу ордыг ашиглах эрхийг  “SMB-Winning” консорциум авчээ

Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I, II талбайг ашиглах эрхийн олон улсын тендерт “SMB-Winning” консорциумыг тус улсын Засгийн газраас шалгаруулжээ.

“SMB-Winning”  буюу “Sociйtй Miniиre de Bokй” консорциумд Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан бөгөөд энэхүү төсөлд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санал өгснөө “SMB-Winning”-ийн захирал Фади Вазни мэдэгдсэн байна. Гвинейн Засгийн газраас тендерт оролцогчдыг уг төслийн хүрээнд 650 км төмөр зам барих, экспортын боомт байгуулах шаардлага тавьсан юм. Энэ нөхцөл нь зарим томоохон компаниудыг тендерт оролцохоос татгалзахад хүргэжээ.

Тендерийн сүүлчийн шатанд “SMB-Winning” консорциумтай өрсөлдсөн Австралийн “Fortescue” компани Симандоу ордын I,II талбайг ашиглах төсөлд 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санал өгсөн ч төмөр зам барих тухай саналдаа тусгаагүй аж.

Симандоу ордын I, II талбайг ашиглах олон улсын тендерийн шалгаруулалт 2019 оны долдугаар сард эхэлсэн юм. 

Тус ордын III, IV талбайг Австралийн “Рио Тинто” групп (45.05%) болон Хятадын Чайналко компани (39.95%) тус тус эзэмшиж байна. 2018 онд “Рио Тинто” групп өөрийн хувь эзэмшлийг Хятадын талд худалдах хэлэлцээр бүтэлгүйтсэн юм. Үүнээс өмнө, 2017 онд “Чайналко” компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней улсын Засгийн газарт тавьсан байдаг. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Симандоу  нь 1997 онд нээгдсэн ч өнөөг хүртэл ашиглагдаагүй төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том ордын нэгд тооцогддог. Уг орд нь 65-68%-ийн агууламжтай 2.4 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй, 40 жил ашиглах боломжтой гэж үздэг.

Э.Од