Чили улсын төрийн өмчит, дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч “Codelco” компани нь ирэх 10 жилийн хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаа 20%-иар танаж 32 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. 2028 он хүртэлх хөтөлбөрөөр 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээг танасан шалтгааныг дэлхийн зэсийн зах зээл дэх таагүй нөхцөл байдал, мөн Чили улсын нийгэмд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.
Энэ намар тус улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн дараа Чилийн эрх баригчид Засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм. Үүнтэй холбогдуулан “Codelco” компанийн нийт ашгаас улсын төсөв рүү хуваарилах хэмжээг 2021 оноос эхлэн жилд 1 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр тооцоолжээ.
“Codelco” компанийн Гүйцэтгэх захирал Октавио Аранедагийн мэдэгдснээр, хөрөнгө оруулалтыг ямар төслүүдэд хуваарилахаа хараахан тодорхойлоогүй байна. Одоогоор тус компани нь өөрийн хамгийн том уурхай болох Чукикаматад далд олборлолтыг эхлүүлээд байгаа юм. Энэхүү төслийн өртөг нь 5.6 тэрбум ам.долларт хүрээд буй ажээ. Дараагийн төсөл “El Teniente” уурхайн ашиглалтын хугацааг 50 жилээр сунгах зорилготой. Эдгээр ажлыг 2023 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Э.Од