Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто: УИХ-ын тогтоол нь гэрээ хүчин төгөлдөр болохыг баталлаа

"Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.

Тус компани УИХ-ын тогтоолын төслийг баталсан явдал нь Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнүүд нь хүчин төгөлдөр болохыг дахин баталгаажуулсан хэрэг болсныг онцолжээ. Тогтоол батлагдсанаар Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн 18 сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажилд цэг тавьсныг илтгэсэн хэрэг байлаа хэмээн компанийн албан мэдээнд өгүүлжээ.

Мөн “Рио Тинто”-ийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Рио Тинто УИХ-ын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг тогтоол нь Оюутолгойн холбогдох бүхий л гэрээг хүчин төгөлдөр болохыг бодитоор баталж байна. Бүх тал эдгээр гэрээг мөрдөж ирснээр улсад оруулсан хувь нэмэр 2010 оноос хойш 10 тэрбум орчим долларт хүрч, энэ нь Монголын ард түмэнд маш их үр өгөөжөө өгч ирлээ. Цаашдын угтан буй хэдэн арван жилд ч үүнийг үргэлжлүүлэх болно. Оюутолгой ордыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах хүртэл хийх ажил их байна. Бид төслийг бүх хувьцаа эзэмшигчдэд бүр илүү өгөөжтэй байлгах арга замыг эрэлхийлж хичээн ажилласаар байна.” гэж мэдэгджээ.

Уг мэдэгдэл гарснаар Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” (NYSE:TRQ) компанийн хувьцааны ханш өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 0.65 ам.доллар болж өссөн нь өнгөрсөн долдугаар сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэсэн ч энэ нь оны эхэн үетэй харьцуулахад 60%-иар буурсан дүн юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд батлагдсан УИХ-ын тогтоолд мөн Засгийн газрын төсөл дэх хувьцаа эзэмшлийг роялти хэлбэрт шилжүүлэх хувилбарыг авч үзэх, ингэхдээ Монголын талд оногдох өгөөж 53%-иас багагүй байх; ордын нөөцийг дахин тодорхойлж, техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх; байгаль орчин, усны нөөцийн үнэлгээг шинэчлэх; төсөлд Монголын талыг төлөөлж буй байгууллагын хүний нөөцийн чадавхийг сайжруулах тухай заалтууд тус тус багтсан билээ.

Б.Төгс