Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОТ: Далд уурхайн хүдэр тээвэрлэх “ЗҮТГҮҮР”-ийг нээв

Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.

Гүний уурхайн Үйлдвэрлэлийн амыг барьж байгуулахад 40 сарын хугацаанд нийт 50 орчим компани буюу 2500 орчим ажилтан 2.6 сая цаг ажиллажээ.

Тус ам нь үндсэндээ газрын дээрх 96 метр өндөртэй байгууламж  ба газрын гадаргаас доош 1284 метрт “шунган орсон” нүсэр байгууламж (10 метр диаметртэй бетонон доторлогоотой цооног) юм. Энэ нь Улаанбаатар дахь Шангри-Ла барилгыг 15 давхарласантай тэнцэнэ. Ийм хэмжээний гүнээс ажилтнууд, хүдэр, бараа материалыг газрын гадарга руу илүү хурдан, өндөр хүчин чадалтайгаар тээвэрлэх өргүүр бүхий байгууламж ажээ.

Хүн тээвэрлэх, хүдэр тээвэрлэх өргүүрүүд нь тусдаа байрлалтай. Хүн тээвэрлэх өргүүр нь нэг удаад 300 хүн багтаах боломжтой ба хоногийн хүчин чадлаар 2400 хүн тээвэрлэхдээ уурхайн гүнээс газрын гадарга хүртэл ердөө 2.5 минут зарцуулах юм байна.

Харин хүдэр тээвэрлэх буюу бүтээгдэхүүний өргүүр нь 60 тоннын даацтай хоёр ширхэг хөнөгтэй. Үүгээр хоногт 28 мянган тонн хүдрийг 16.38 метр/сек (59 км/цаг)-ийн хурдтайгаар тээвэрлэнэ.

Энэхүү өндөр хүчин чадлыг бүрдүүлэхийн тулд 96 метр өндөр цамхаг бүхий газрын дээрх байгууламжийг сүндэрлүүлжээ. Үйлдвэрлэлийн амны газрын дээрх байгууламжид ачааг дээш доош буулгах бүхий л механизм явагдах юм. Үйлдвэрлэлийн амны өргүүр нь дэлхийд хамгийн томд тооцогдох “Коепе” ган татлагат өргүүрийн систем бөгөөд 6.75 метр диаметр бүхий ороогч хоёр дамар, мөн 32 км урт ган татлагаас бүрдэх ажээ. Ган татлагын нийт урт нь ойролцоогоор Оюутолгой уурхайн цогцолбороос Ханбогд сум хүрэхтэй дүйцэхүйц юм. Одоогоор “Оюутолгой” компани Үйлчилгээний ам буюу Босоо ам 1-ээр гүний уурхайн ажилчид болон хангамж материалаа тээвэрлэж байна. Үйлдвэрлэлийн ам ашиглалтад орсноор гүний уурхайн бүтээн байгуулалт илүү хурдсах боломж бүрдэж байгаа юм.

Оюутолгойн гүний уурхай нь нийт таван босоо амтай. Үүнээс ашиглалтад оруулах үлдээд байгаа хоёр ам нь агааржуулалтын зориулалттай (Босоо ам 3 болон 4). Гүний уурхайн агааржуулалтад одоогоор Агааржуулалтын дунд ам буюу Босоо ам 5-ыг ашиглаж байна.

“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес Оюутолгойн гүний уурхайн Үйлдвэрлэлийн амны барилгын ажил дуусахаас өмнө гүний уурхайд бидний ашиглаж буй цорын ганц Үйлчилгээний ам байсан юм. Энэхүү Үйлчилгээний ам нь газрын гүн рүү хүн, техник хэрэгсэл тээвэрлэх, гүнээс чулуулаг гаргахад хүчин чадлын хувьд харьцангуй бага. Харин Үйлдвэрлэлийн ам нь дэлхий дээрх гүний уурхайн хамгийн том амны хувьд газрын гүнээс ихээхэн хэмжээгээр материалыг гаргах боломж бүхий сүүлийн үеийн шилдэг технологтой юм. Тус байгууламж нь давхар гүний уурхайн бүтээн байгуулалтыг түргэсгэхэд томоохон түлхэц өгнө. Нэг ёсондоо бид гүний уурхайн бүтээн байгуулалтын ложистикийг шинэ шатанд гаргана гэсэн үг. Тэгэхээр гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг бид хурдасгах боломжтой болж байна. Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт нь маш нарийн ур ухаан шаардсан ажил. Уг амыг барьж байгуулахад бид гурван жил дөрвөн сарын хугацааг зарцуулсан. Бидний өмнө Үйлдвэрлэлийн амны цамхгийн барилга, өргүүр, ажилчид болоод материал зөөх хөнөг харагдаж байна. Тэгэхээр энэ бүхнийг хийхийн тулд газрын гүн рүү 1.3 км босоо малталт хийсний сацуу, цемент, ган төмөр, утас зэргийг суурилуулж, агааржуулалтын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү бүтээн байгуулалт нь жирийн нэг барилгын ажилтай харьцуулахааргүй. Харин энэ бүх ажлыг Монголын компаниуд гадны компаниудтай хамтран нугалсан. Мэдээж ажлын ихэнхийг Монгол компаниуд болон боловсон хүчин маань хийсэн юм. Энэ ажлаас Монгол ажилчид маань маш их зүйл сурч мэдсэн гэж бодож байна. Дэлхийн уул уурхайн салбарт хамгийн нарийн ур ухаан шаардсан дэд бүтцийн бүтээн байгуулалтад тооцогддог барилгын ажлыг бид хамтдаа амжилттай дуусгаж чадсанд өнөөдөр үнэхээр бахархаж байна” гэв. 

 

Нээлтийн ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, “Оюутолгой”, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлага болон бусад зочид төлөөлөгч, компанийн болон туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд оролцлоо.

Б.Төгс