Монгол Улсад өрөмдлөгийн инженер бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан Монголын Өрөмдлөгийн Холбооноос “Өрөмдлөг-2019” олон улсын эрдэм шинжилгээний XXI бага хурлыг өчигдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.
Бага хуралд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн өрмийн инженерийн салбарын түүх сэдвээр тус холбооны Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав, доктор, профессор Л.Төвхөө нар танилцуулга хийж, өрөмдлөгийн салбарт шинээр нэвтэрч байгаа дэвшилтэт технологийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдав. Тухайлбал, металл ашигт малтмалын ордуудын геологи-техникийн нөхцөлд тохирсон олон зориултат өрмийн хушуу зохион бүтээх нь”, Алтны шороон ордын өрөмдлөгийн техник технологийн судалгаа”, “Нүүрсний давхаргын метан хийн өрөмдлөг ба хийн агууламжийг тодорхойлох туршилтын ажил” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж, бага хурлын төгсгөлд Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав “Монгол Улсын Өрөмдлөгийн холбооны 2019 оны үйл ажиллагааны тайлан”-г танилцууллаа. Дээд боловсролтой өрмийн инженер бэлтгэж эхэлснээс хойш өдгөө тус салбарт 6 зөвлөх инженер, 12 мэргэшсэн инженер ажиллаж байгаа аж.
Бага хурлын төгсгөлд Монголын Өрөмдлөгийн Холбооны оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа болсон юм.“Шилдэг байгууллага”-аар Мэйжор Дриллинг ХХК, “Шилдэг мэргэжилтэн”-ээр ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн доктор, дэд профессор Д.Ундармаа, “Шилдэг өрөмдөгч”-өөр “Монголын алт” компанийн өрөмдөгч Төмөр-Очир нар нар тус тус шалгарсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас олгодог “Тэргүүний геологич” тэмдэгээр салбартаа тэргүүлсэн мэргэжилтнүүдийн энгэрийг мялаалаа.
Г.Идэр