Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт гэж юу вэ?

Тэмдэглэсэн Э.Од


“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” төслийн “Эдийн засагт үзүүлж буй уул уурхайн нөлөөлөл” сэдэвт нэгдсэн сургалтад “Эрдэнэс Монгол”ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр “Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт” илтгэл тавьсан юм. Тэрээр IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацаас зохион байгуулсан Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалыг боловсруулжээ.   “Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт” илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна.  

“Хариуцлагатай уул уурхайн (ХУУ) тайлан, удирдамж, стандарт, жишиг шаардлага гэх зэрэг олон нэр томьёотой байдаг. Гэхдээ бүгд нэг системд оруулсан, уул уурхайг зөв хөгжүүлэх, ажиллуулах зорилготой баримт бичгүүд гэж ойлгож болно. ХУУ нь менежментийн ойлголт, тэр дундаа эрсдэлийн менежмент юм. Компани хариуцлагатай байснаар эрсдэлээс сэргийлж, илүү ашигтай, тогтвортой, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна. Хариуцлагын жишиг, шаардлагуудыг баримталж ажилласнаар тухайн компанид өндөр үр ашигтай эдийн засгийн хөшүүрэг болно.

Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалыг боловсруулахдаа, 2006 онд эхэлсэн ил тод байдлын тогтолцоог ашиглахыг зорьсон. Товч, тодорхой, энгийн, ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, нэгтгэн дүгнэх боломжтой байдлаар боловсруулсан. Салбарын тэр олон хүмүүсийг нэгтгэж ажиллахад хариуцлагатай уул уурхайн стандарт чиглэх юм.

Олон улсад хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлагыг үндсэн дөрвөн зорилгын хүрээнд ашиглаж, хэрэглэдэг байна.      
1.    Баталгаажуулах

Уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг батламжлах (серти­фикат) ажиллагаа Монголд хараахан байхгүй. Олон улсад ч нэвтрээд төдийлөн удаагүй. Хөрөнгө оруулагч, компанийн эзэд, бүс нутгийн төр засгийн болоод иргэний нийгмийн байгууллага, иргэд тухайн уул уурхайн үйл ажиллагааг өөрөөр үнэлдэг. Иргэд төр засаг, иргэний нийгэм, компанид ч итгэдэггүй нь судалгаанаас харагддаг. Тэгэхээр хөндлөнгийн үнэлгээ хэрэгтэй болдог байна.     

2.Санхүүгийн эрсдэл

Уул уурхайн төслүүд зээлээр (IPO, хөрөнгө оруулалт) хэрэгждэг. Хөрөнгө оруулагч ашиг олох сонирхолтой учир зөрчилтэй, өндөр эрс­дэлтэй төсөлд тодорхой шаардлага тавьдаг.      

3.    Компанийн үнэ цэнэ

Энэ нь Монголын хувьд МУУҮА, мэргэжлийн холбоодын зэрэглэлийн хэрэглээ юм. Эдгээр холбоод нь гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах зорилготой. Гишүүн байгууллагуудаас татвар авсаны төлөө тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах, гишүүд хоорондоо туршлага солилцох, бэрхшээл, асуудлаа шийдвэр хүргэгчдэд хүргэх   гүүр болдог. Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага нь компанийг үнэ цэнэд хүргэх мэдлэг болж өгдөг байна.   

4.    Шагнал

Шилдэг уурхайн компанийг шалгаруулахад байгаль орчин сүйтгээгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээгүй, ажилчдадаа амьдралд нь хүрэлцэхүйц цалин хөлс олгодог гэх зэрэг маш олон шаардлага тавигддаг. Шагналын шалгуурын зориулалтаар Хариуцлагатай уул уурхайн жижиг шаардлагыг хэрэглэдэг байна. Жишээ нь, МҮХАҮТ-аас “ТОП 100” аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа улсад төлсөн татвараар шалгуур тавьдаг. Хүний эрүүл мэндийг хохироож өндөр ашиг олсон ч зөвхөн татвар төлснөөр шилдэг компани гэж шалгаруулах нь өрөөсгөл учир өөр бусад шалгуур хэрэгтэй болно. Тиймээс МҮХАҮТ-аас шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалтдаа шинэ шалгуур нэмэхээр яригдаж байгаа юм. Дан ганц татвар төлөлтөөр дүгнэхгүй гэсэн үг.

Олон улсад хэрэглэгддэг хариуцлагатай уул уурхайн жишиг 24 стандарт байдаг ба давхардсан утгаар 1200 гаруй шаардлага юм. Үүнийг бид цэгцтэйгээр үнэлэх хэрэгтэй болсон. Үүний тулд олон улсын 24 стандартын утгуудыг тоон утгад шилжүүлэн, хамгийн их тохиолдох магадлалыг тогтоосон. Тохиолдох магадлал гэдэг нь хамгийн их байх эрсдэл юм. Ингээд эрсдэлийн магадлалуудыг бүлэглэн ангилсан. Давуу, сул тал, чухал, дунд, бага чухал гэж ангилан Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалд нэгтгэсэн.

Энэхүү зураглалаар “бие биенээ заавал дэмжиж ажиллах ёстой” гэсэн санааг харуулахыг зорьсон. Харилцан нэг нэгнээ дэмжихгүйгээр, уялдаагүйгээр хариуцлагын систем бүхэлдээ ажиллах боломжгүй гэсэн санаа. Нэг нь сайн, хурдтай ажиллаж байхад нөгөө нь муу, удаан ажиллах юм бол механизмаар араа шүд нь эвдэрнэ. Бүгд жигд сайн ажиллаж байж хариуцлагатай, эсэх дүгнэлтийг хийж чадна.
Хариуцлага гэхээр ихэнхдээ байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ярьдаг, бусдыг нь орхигдуулдаг. Тэгвэл Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалд 5 бүлэг шаардлагын цаана 34 дэд бүлэг, 290 шаардлагын утгыг ашиглах юм. 
 
Жишээ нь, санал гомдлын механизм шаардлагад, иргэд мэдээлэл авах, компанид ирж байгаа санал, гомдлыг бүртгэх систем багтана. Компанийн ирж байгаа санал, гомдол бүр ашигтай дата юм. Нэг биш нэлээд хүний санал гомдлоос багагүй зүйл ажиглагдана. Компанийн үйл ажиллагааны доголдол, алдаа дутагдал гээд засч, сайжруулах зүйл харагдана. Санал гомдол олон байх тусмаа ач холбогдолтой. Цөөнгүй санал гомдол хуримтлагдахад компаниуд анализ хийх ёстой. Иргэдээс санал гомдлыг  бүртгэх нь компанийн менежментийн тогтолцооны нэг чухал асуудал. Төрийн компаниуд маш замбараагүй байдаг. 

Улаанбаатар дахь, орон нутаг дахь оффисын бичиг хэрэг дээр санал гомдол ирэхэд хамааралтай хэлтэс рүү шилжүүлдэг ч хаана бүртгэдэг нь тодорхойгүй байх жишээтэй. Тиймээс иргэд өөрсдийн санал гомдлын хариуд ч шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Ингэж байж хариуцлагын систем нэг нэгнээ дэмжиж ажиллана. Хүний эрх уул уурхайд байх ёстой хамгийн чухал эрх. Энэ эрхийг Үйлдвэрчний эвлэл хангадаг. Тухайн байгууллага гэдэг бол хүмүүс юм. Хүмүүсийн хийж байгаа үйлдэл тухайн байгууллагыг илэрхийлж буй. Ажилтан буюу хүн хариуцлагатай сайн ажиллахгүй бол тухайн байгууллагын үйл ажиллагаа сайн байж чадахгүй. Тэгэхээр ажилтан сэтгэл ханамж муу байгаа санал гомдлоо байгуулагадаа илэрхийлж чадахгүй, эвлэлдэн нэгдэх эрх нь зөрчигдөж байгаа бол сайн бүтээмж гарахгүй. Тиймээс тухайн байгууллага нь эвлэлдэн нэгдэх хүний эрхийг хангах, сэтгэл ханамжтай хөдөлмөрийн хөлс олгож чадаж байгаа эсэхийг Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалаар хянах боломжтой. 

Сүүлийн үед байгаль орчны хувьд, биологийн олон янз байдал, хүлэмжийн хийн ялгарлыг тооцож гаргадаг болсон. Орчин үед хариуцлагатай үйл ажиллагаанд инноваци гэсэн ойлголт орж ирлээ. Хүний эрхийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай гэсэн 3 зарчимд тулгуурлан хиймэл оюун ухааныг ашиглах инноваци уул уурхайд бий болж байна. Олон улсын уул уурхайд хүдэр боловсруулах химийн элементүүдийг хамгийн бага байлгах технологи инноваци бий болсон. Уурхайн ажилчдын ажлын ачааллыг хянах IT-ийг нэвтрүүлсэн нь мөн л уул уурхайн инноваци юм. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах нэг дэвшилт. 
Орон нутгийн хамтын ажиллагааны тухайд, уул уурхайн компаниуд  үйл ажиллагаа явуулж буй тухайн аймгийн боловсролын чанар хамаатай юу? Хэрэв уул уурхайн үйл ажиллагаа явагдаагүй бол орон нутагт хүн амын бөөгнөрөл үүсэхгүй. Уурхайн ажилчдын үр хүүхдүүд тухайн орон нутагт суралцдаг. Гэтэл орон нутаг болоод хотын боловсролын чанар хоорондоо ялгаагүй, адил түвшний байх ёстой. Тэгэхээр орон нутгийн боловсролын чанар тодорхой хэмжээгээр уул уурхайн компаниас хамаарч байна. Эсвэл уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн агаарын бохирдолд хордсон нутгийн иргэн архаг өвчтэй болоход хэн нөхөн төлбөр олгох вэ? Үүнийг Хариуцлагатай уул уурхайн системийн Хуримтлах нөлөөллийн үнэлгээгээр зохицуулдаг юм. Хуримтлах нөлөөллийн үнэлгээ гаргаад, тэрхүү үнэлгээндээ үндэслэн дундын Эрсдэлийн сан байгуулах ба сангаас тухайн нутгийн иргэдийн нөхөн төлбөрийг олгох ёстой. Өнөөдөр дундын Эрсдэлийн сан байхгүй тохиолдолд ганц компани л нийгмийн хариуцлагаар үргэлж нөхөн төлбөр олгоод байх нь шударга биш. Ингээд үзэхээр, хариуцлагатай уул уурхайн зааг ялгаа гэдэг маш нарийн юм.  

Бидний боловсруулсан Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлал тухайн байгууллагын тогтолцоог үнэлэхдээ гүйцэтгэлд суурилна. Аливаа байгууллага дүрэм журам гаргадаг ч төдийлөн мөрддөггүй. Дүрэм журам бол байгууллагад зайлшгүй байх ёстой бодлого юм. Дүрэм журам гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх төсөв зарцуулж, хэрэгжилтэд мониторинг хийж алдаа оноогоо дэнсэлдэг байх ёстой. Үүнийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хариуцлагатайгаар хийдэг. Гэтэл “хариуцлагагүй” компаниудад ёс төдий байх жишээтэй. Тэгэхээр дээрх нөхцөл байдлыг бүгдийг үнэлж байж тухайн байгууллага Хариуцлагатай уул уурхайн системийн хувьд сайн ажиллах боломж бүрдэнэ.

“Эрдэнэс Монгол” компани нь Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалаар 2018 онд охин компани “Багануур”-ыг үнэлсэн, энэ жил “Шивээ Овоо” компанид үнэлгээ хийж байгаа. Үнэлгээгээр тодорхой үр дүн гарч байна. Тодруулбал, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс (NRGI) гаргасан төрийн өмчит компанийн тайлагналын стандартын дагуу анх удаа “Багануур” ХК тайлан гаргалаа. Энэхүү тайланг сайн бөгөөд илүү сайжруулах шаардлагатай гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэсэн. Уг тайлан (http: //www.baganuurmine.mn/?cat=65 холбоосоор үзнэ үү) нь компаниудын гаргах ёстой жишиг болох юм.

Түүнчлэн, Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалын судалгаанд үндэслэн Монголын “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Саусгоби сэндс”, “Терра Энержи”, “Аспайр Майнинг”, “Багануур”, “Эрдэнэт” болон МУУҮА хамтран “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс” санамж бичгийг байгуулсан. Энэ нь 36 заалт бүхий санамж бичиг юм. Кодекст нэгдсэн 7 компани 36 заалтаар хариуцлагатай ажиллах “амлалт”-ыг олон нийтэд өгсөн гэж ойлгож болно. Энэ заалтын дагуу ажиллаж буйг иргэд хөндлөнгөөс хянах, шаардлага тавих, үнэлж дүгнэх боломжтой. Компаниуд кодекст нэгдсэнээр 36 заалтын дагуу хэрхэн ажиллаж байгаагаа жил бүр тайлагнах зорилттой.

“Оюутолгой” ХХК-ийн хамгийн том санхүүжүүлэгч байгууллага Олон улсын санхүүгийн корпорацаас санхүүгийн эрсдэлийн стандартыг хэрэгжүүлэхийг шаарддаг. Энэ шаардлагыг хэрэгжүүлж ажилладаг болохоор “Оюутолгой” компани бусдаас илүү хариуцлагатай ажилладаг. Олон улсын Хариуцлагатай Уул Уурхайн Сан 2018 оноос  “Responsible Mining Index” стандарт гаргасан юм. Энэхүү стандартаар дэлхийн шилдэг 30 компани,  50 төслийг үнэлсэн байдаг. Үүнд Монгол Улсаас “Рио Тинто”компани болоод “Оюутолгой” төслийг тус тусад нь үнэлсэн юм. Үнэлгээний тайлангаар, “Оюутолгой” төсөл дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарсан ба орон нутгийн ажилчид, орон нутгаас худалдан авалтын байдал дээр бага үнэлгээ авсан. “Рио Тинто”-ийн хувьд дэлхийн шилдэг 30 компанийн 15 дугаарт үнэлэгдсэн юм. Тус компаниас монголчууд суралцах зүйл их гэдгийг эндээс харж байна. “Рио Тинто”-оос илүү компанийг сонгоно гэвэл дэлхийн шилдэг эхний 15 компанийг Монголд ажиллуулах хэрэгтэй болно. “Рио Тинто” компанийг Монголоос гаргалаа гэхэд дэлхийн шилдэг 30-д багтаагүй компани орж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс энэ талаас нь харах бас хэрэгтэй. Энэ компанийг магтахдаа бус давуу тал, үлгэрлэх зүйл байна. Менежментийн хувьд хариуцлагатай ажиллаж байгаа юм.

Эцэст нь, Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалаас бидэнд үлдэх маш сайн туршлага нь дата. Маш их дата цугларна. Энэ датаг ашигтай ашиглах талаар одоо зөвлөлдөж байна. Өнөөдөр Монголд нээлттэй дата өгөгдөл дутагдаж байгаа юм. Компаниуд тайлангаа маш сайн тайлагнаж PDF-аар гаргахад тоон мэдээллүүдийг хөндлөнгийн шинжээч, судлаач, мэргэжилтнүүд ашиглаж чаддаггүй. Exсel файл бол нээлттэй өгөгдөлтэй сан юм. Тэрхүү нээлттэй датаг судалгаа, шинжилгээнд ашигласнаар Хариуцлагатай уул уурхайн системийн доголдлыг илрүүлэх, сайжруулах, сайн, муу үйл ажиллагааг хянана. 
 

Сэтгэгдэл (1)

  • хлрхл (43.242.242.30)
    хорх
    2022 оны 03 сарын 17 | Хариулах