Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Энержи Ресурс”:  Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд  олон талаар анхдагч, үлгэр жишээ ажиллаж ирсэн

Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. 

Энэ аяны хүрээнд, Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Энержи Ресурс”, “Аспайр Майнинг”, “Саусгоби сэндс”, “Терра Энержи”, “Багануур”, “Монполимет” зэрэг компани үлгэрлэн манлайлж “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэн юм. Уг санаачилга нь сайн жишгүүдийг уул уурхайн салбарт даган мөрдөж, бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах зорилготой.

“Энержи Ресурс”:  Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд  олон талаар анхдагч, үлгэр жишээ ажиллаж ирсэн


Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч 8 компани Хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж, хариуцлагатай байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь тодорхой бодит ахиц юм. Иргэдийг бухимдуулдаг, хууль журам, байгаль орчны стандартыг үл тоодог хариуцлагагүй уул уурхайд “үгүй” гэж хэлэх, олон улсын жишигт нийцсэн, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийн төлөө компаниуд сайн дураараа нэгдсэн гэж бид ойлгож байгаа.  Уул уурхайн тэргүүлэгч компаниуд энэ чиглэлд хамтарч, хүчээ нэгтгэснээр илүү өргөн далайцыг хамарч ажиллах улмаар олуулаа нэг зорилтод нэгдсэнээр хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг илүү ихээр хандуулах боломжтой гэж үзэж байна.  

“Энержи Ресурс” компанийн хувьд компанийн нийгмийн хариуцлага (КНХ), тогтвортой хөгжлийн бодлогыг эхнээс нь зөв хэрэгжүүлэхэд анхаарч ажилласаар ирсэн. Уг кодекст нэгдсэнээр цаашид бид хийж хэрэгжүүлж ирсэн ажлуудаа тогтвортойгоор үргэлжлүүлэх, үр дүнг нь сайжруулах, улмаар бусад уул уурхайн компаниудад үлгэр дууриал үзүүлэх боломжтой юм.  Ер нь хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд бид Монголдоо олон талаар анхдагч, үлгэр жишээ байхыг хичээж, анхнаасаа буюу хайгуулын үе шатнаасаа эхлээд зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж ирсэн. Энэ асуудлыг бид бизнесийн шинэ боломж, үр ашиг талаас нь хардаг гэж ойлгож болно.  

Манай компани олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулах замаар тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгохыг зорьдог. Бид хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг эрхэм зорилго, үнэт зүйлс, холбогдох бодлогууддаа тусган шингээсэн байдаг. Үүнийгээ ч бүрэн утгаар мөрдлөг болгон ажиллаж ирсэн. Тухайлбал, Олон Улсын Стандартын Байгууллагаас 2010 оны аравдугаар сард гаргасан “ISO26000: Нийгмийн хариуцлагын зөвлөмж” болон Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас гаргасан удирдамжуудад үндэслэн КНХ-ын бодлогоо боловсруулан батлуулж,  хэрэгжүүлсээр ирсэн. 

Орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсролыг дэмжих, соёлын өвийг хамгаалах, жижиг дунд бизнесийг дэмжих, байгаль орчныг хамгаалах үндсэн чиглэлүүдээр олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд иргэд, оролцогч талуудтай зөвлөлдөх, компанийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллийг түгээх, орон нутгийн иргэд, оролцогч талуудаас ирсэн санал гомдлыг барагдуулахад анхааран ажилладаг. Түүнчлэн оролцогч, сонирхогч талуудын итгэлийг хүлээх үүднээс нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэн үйл ажиллагаагаа олон нийт, хөрөнгө оруулагчид болон   төр засаг, олон улсын банк санхүүгийн байгууллагуудад нээлттэй тайлагнасаар ирсэн. 2009 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш арван жилийн турш Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга (ОҮИТБС)-д нэгдэн, төр засгийн байгууллагад төлсөн төлбөр, татвар хураамжаа жил бүр ил тод, нээлттэй тайлагнаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд нэгдэн ажиллаж байна.  

“Энержи Ресурс” ХХК үйл ажиллагааны бүх үе шатанд Монгол Улсын ба олон улсын холбогдох бүхий л хууль дүрэм, журам стандартуудыг мөрддөг бөгөөд олонх  тохиолдолд журам, стандартуудаас давсан үзүүлэлттэйгээр ажиллаж байна. Тэр дундаа:
l    Ажиллагсдын нийгмийн асуудлыг цогцоор шийдвэрлэх, эрүүл, аюулгүй орчинд гэр бүлийн хамтаар тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх (сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол гэх мэт нийгмийн дэд бүтцүүд)

l    Орон нутагтай нээлттэй, идэвхтэй хамтын ажиллагааг хөг­жүүлж, орон нутгийн урт хугацааны хөгжлийг бодитой дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх (орон нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэх, жижиг дунд бизнесүүдийг дэмжих гэх мэт)

l    Говийн байгаль орчинд тохирсон, байгаль орчинд аль болох ээлтэй, ус хамгийн бага ашиглах шинэлэг, орчин үеийн техник, технологийг нутагшуулах, ашиглах,

l    Уурхайн нөхөн сэргээлтэд эртнээс анхаарч, говьд ойн зурвас, ногоон бүс үүсгэх

l    Мэдээллийн ил тод байдлыг хангахад онцгойлон анхаарч, тайлан, мэдээ мэдээллийг бүх сувгаар нээлттэй хүргэх, үндэсний ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийг түлхүү дэмжиж, тууштай хамтран ажиллах зэргээр бусад компаниуддаа үлгэр жишээ болон манлайлах алхмуудыг хэрэгжүүлж байна. 

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрийн бодлого, шийдвэр талаасаа  хууль, журмын үйлчлэл жигд байх тал дээр анхаарахгүй байна. Хувийн хэвшлийн компаниуд ягштал мөрдөж ажиллаж байгаа зүйлс төрийн компаниуд дээр хаягдсан байх жишээтэй. Ийм байхад хариуцлагатай уул уурхай гэж бүрэн утгаар ярихад хүндрэлтэй. Энэ чиглэлд төрийн урт хугацааны бодлого, шийдвэрүүд нь заавал хатуу эсвэл зөөлөн байна гэхээсээ илүү тодорхой, тогтвортой үйлчилж явах шаардлагатай. Мөн хариуцлагатай уул уурхайтай холбоотой зарим ойлголтууд өнөөдөр ч хууль, эрхзүйд тодорхой тусгагдаагүй,   ойлгомжгүй байсаар байгаа. 

Кодекст нэгдсэн компаниудын олонхитой нь МУУҮА-иар дамжин холбогдож, мэдээлэл солилцож байна. Мөн мэдээж гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, орон нутгийн иргэд, орон нутгийн ба төрийн холбогдох шат шатны байгууллагууд гэх зэрэг оролцогч талуудтайгаа идэвхтэй харилцаж, тухай бүр хамтран ажилладаг.