Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Э.Номинчулуун:  Нийгмийн хариуцлагаа илүү төгөлдөржүүлнэ

“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун:  Нийгмийн хариуцлагаа илүү төгөлдөржүүлнэ

1978 оноос хойш 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Багануур” ХК өнгөрсөн хугацаанд байгууллагын соёлын хүрээнд дотооддоо салангид ойлголтуудаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин 2014 онд төрийн өмчит компани Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн тусламжтайгаар Нийгмийн хариуцлагын стратегийн бичиг баримтыг анх удаа боловсруулсан юм. Стратегийн бичиг баримтыг боловсруулснаар салангид ойлголтууд нэгтгэгдэж, нийгмийн хариуцлагын цогц стратеги болж хэрэгжсэн. Ингээд 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-иас манай компанид  “Хариуцлагатай уул уурхайн систем”-ийн үнэлгээг 5 гол зорилтын хүрээнд хийж үзэхэд 39%-тай гарсан. Энэ үнэлгээгээр хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг шаардлагын дагуу компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт илүү төгөлдөржиж байгаа гэж хэлж болно. 2019 оны зургаадугаар сард “Багануур” компани “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс” санаачлагад 8 компанийн нэг болж нэгдсэн. “Багануур” компанийн хувьд 41 жилийн хугацаанд Улаанбаатар хотыг эрчим хүчний нүүрсээр хангах үүргээ хариуцлагатай биелүүлж ирсэн, төрийн өмчит компаниудаас анх удаа нийгмийн хариуцлагын стратегитэй болсон гэдгээрээ энэхүү сайн дурын кодекст нэгдсэн юм. Өнөөдөр компани нийт ажилтнуудынхаа (1120 ажилтан) 80%-д нь хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголт, тодруулбал уг санаачилгын 50 бүлэг, 34 дэд бүлэг, 290 шаардлагын талаар сургалт зохион байгууллаа. Ажилтнуудад  хариуцлагатай уул уурхайн эрх  үүргийг мэдрүүлж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байна. “Багануур” компани саяхан дахин үнэлгээ хийж үзэхэд 39%-55% хүрч нэмэгджээ. 

2018 оны арванхоёрдугаар сард хийсэн үнэлгээ ийм хурдан өсөлттэй гарсны учир нь олон улсын олборлох салбарт тайлагнадаг жишгийн дагуу өнгөрсөн оны үйл ажиллагаагаа тайлагнасантай холбоотой. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (NRGI) байгууллагын  “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээр охин компаниудаас болоод төрийн өмчит компаниудаас анх удаа “Багануур” компани ил тод тайлангаараа тэргүүллээ. Үүнээс илүү ил тодоор тайлагнах хүсэл эрмэлзэл байна. Хариуцлагатай уул уурхай дотроо ХАБЭА-н хувьд ажилтнууд хариуцлагатайгаар ажлаа гүйцэтгэх замаар OHSAS 18001 стандартын зорилтод хүрэх ёстой. Нэг ажилтны эрдэх авираас шалтгаалаад 1100 ажилтны хичээл зүтгэл талаар өнгөрөх сөрөг талтай. Харин компанийн захиргаа, удирдлагуудын түвшинд хэрэгжүүлж чадахгүй байсан ажлуудаа хийж гүйцэтгэх шаардлагатай болж байна.

Компанийн сайн засаглал, ил тод байдлын 5 дэд бүлгийн хүрээнд ил тод байдлаа “Багануур” компани 2018 ондоо тайлагнасан. Үүнийг хийхдээ “Багануур” компани засаглалын үнэлгээний тайланг мөн хийлээ. Засаглалын нэгдүгээр түвшиндээ байгааг энэ тайлан харуулсан юм. Компанийн зүгээс анх удаа Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд, тэдгээрийн чадамжтай холбоотой мэдээллүүдийг ил тод болгосон. Уул уурхайн салбарт Жендерийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсан. Жендерийн квотын удирдлагын түвшинд одоо байгаа бүтэц, хэлбэрээ хадгалж үлдэх зэргээр ажиллаж байна. Ажилтны хүний эрхийн талаарх ойлголтыг өгөх үүднээс тодорхой сургалтуудыг “Багануур” компани дотооддоо хийж байна. Байгууллагын түвшинд Ёс зүйн хороог байгуулж, ажилтнууддаа зориулсан сургалтыг мөн зохион байгууллаа. Тогтвортой ажлын байр, орон нутгийн ажилтнуудыг давуу байдлаар ажиллуулах тал дээр “Багануур” компани бусад уурхайг бодвол түүхэн онцлогтой. Байгаль орчныг хамгаалах тал дээр компани 20 жилийн туршид нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийж буй туршлагатай. 1999 оноос хойш 102.5 га талбайд нөхөн сэргээлтийг  хийж, 2005 оноос 31 мянган мод бут тарьж, жил бүр орон нутагт 100 га талбайг хүлээлгэн өгч байна.

2019 оны 6  дугаар сарын 20-нд 5 бүлэг, 34 дэд бүлэг, 187 шаардлага бүхий хариуцлагатай уул уурхайн санаачлагад  нэгдсэн.

Компанийн сайн засаглал, ил тод байдал

l Компанийн 2018 оны жилийн тайланг олон улсын жишиг загварын дагуу нэгтгэн тайлагнасан.

l Нийт ажилтнуудад ёс суртахууны мэдлэг олгож, сургалт зохиож, Ёс зүйн хороо  байгуулсан

Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх

l Компанийн нийт ажилтнуудын 99,9% Багануур дүүргийн иргэд ажиллаж байна.

l Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой хамтран ажиллах сайн туршлагатай.

Байгаль орчин хамгаалал

1999 оноос нөхөн сэргээлтийг 190.5 га талбайд хийсэн байна.
2005 оноос 31.0 мянга гаруй мод бутыг тарьж ургуулсан. Орон нутгийн захиргаанд 100 га газар хүлээлгэн өгсөн.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй

ОНSAS18001:2012 стандартын нийцэл, зөрүүтэй байдлын дүн шинжилгээг дахин хийлгэхэд 85% гарсан үр дүнтэй байна.
Журам-85
АА-ны заавар -94
АБ-ны эрсдлийн үнэлгээ -398

Орон нутгийн хамтын ажиллагаа

Багануур дүүргийн Засаг даргатай Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.

Уурхайн хаалтын талаар ярихад хол байгаа ч хаалтын санд хөрөнгө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор Багануур дүүргийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн хүрээнд дүүргийн хүүхэд залуусын төлөө тодорхой ажлууд хийж байна. Орон нутагтай хамтран ажиллах гэрээ жишиг шаардлагын дагуу орон нутгийн ашиг сонирхол, хэрэгцээ стратегид тулгуурлан хийгдсэн. “Багануур” компани бол тухайн дүүрэгтээ хамгийн том аж ахуйн нэгж бөгөөд хамгийн том ажил олгогч. Тийм учраас дүүрэгтээ нөлөөлөх нөлөөлөл нь компанийн зүгээс их байдаг.