Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Уул уурхайд төрийн “оролцоо” нэмэгдсэн 2019 он

Э.Оджаргал


Монгол Улсын түүхэнд арван есөн он тодоор бичигдэн үлдэж байна. 19 жилийн дараа ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг парламентаар баталлаа. Эх орны эдийн засагт оруулсан хувь нэмрээр ч, улстөрчдийн шийдэл шийдвэрт ч уул уурхай гол салбар хэвээр, эрдэс баялгийн асуудал тойрсон үйл явдал өрнүүн нэгэн жилийг монголчууд үдэж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатаж өнөөгийн Засгийн газрыг огцруулах эсэх, парламентын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар дараагийн спикер болоод зам тээвэр, боловсрол соёлын салбар хариуцсан сайд нарыг   томилох гээд улс төрийн тогтворгүй байдал он дамнаж арван есөн оныг угтав. Засаг “бужигнасан” хоёр оны заагт томоохон ордуудын тусгай зөвшөөрлийг төрд хураан авах цэрэг цагдаагийн тусгай ажиллагааг өргөн дэлгэцээр олон нийт харж, ард түмний өмч байгалийн баялгийг төр нь хамгаалах улстөрчдийн ширүүн мэдэгдэл, шийдвэрүүд “масс”-д хандсан PR-ийн шинжтэй, сонгууль ойртсоныг илтгэнэ. Сонгуулиас сонгуулийн хооронд өр үлдээдэг жишгийг энэ Засгийн газар хална гэв.   Норвегийн адил байгалийн баялгаас  өв үлдээх “Ирээдүй өв сан” корпорацийг “цаасан” дээр байгуулав. Харин тэрхүү баялгийг бий болгох уул уурхайн салбарт төрийн оролцоо улам нэмэгдэж, эдийн засгийн хөшүүрэг болгох бус хөрөнгө оруулагчид үргэхэд хүрч байна. 

Хууль эрх зүй ойлгомжгүй, дүрэм журам сахидаг албан тушаалтангүй, төрийн тодорхой бодлогогүй улс гэдгээ гадаад ертөнцөд ч харуулав. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт бүтэн жил гацаж, сангийн Захирлуудын зөвлөлөөс санхүүгийн салбарын шинэчлэлийг дуусгах арга хэмжээ авахыг эрх баригчдад сануулсан юм. Тус хөтөлбөрийн донор орнуудын нэг Япон улс санхүүжилтээ харзнахаа Ерөнхий сайдын айлчлалын үеэр мэдэгдсэн. Үндсэн хуулийг хэлэлцэж, улсын төсөв батлах эгзэгтэй өдрүүдэд Монгол Улс олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF-ын саарал жагсаалтад дахин “элссэн” юм. Саарал жагсаалтын сургаар ам.долларын ханш түүхэн дээд цэгтээ хүрч Монголбанкны зарласан албан ханшаар  2732 төгрөгтэй тэнцэж байна. 

Валют оруулж, хөрөнгө оруулалт татах боломжтой ганц салбар геологи хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг 2020 онд бүрэн зогсоох болсноо Засгийн газар мэдэгдэв. Өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-аас илүү хувь нэг төслөөс хамаарч байгаа нь “Оюутолгой”. “Дубайн гэрээ”-г цуцлах, өөрчлөх, хянан шалгах асуудлыг улстөрчид дахин хөндөж, “Туркойз Хилл”-ийн хувьцааны ханш хамгийн доод үнэлгээнд хүрч савласан ч далд уурхайн Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дуусч “Оюутолгой” төслийн хувьд сайнтай, саартай жил улирч байна. Улсын гол орлогыг бүрдүүлдэг зэс, нүүрсний ханшийн тогтвортой байдал оны туршид үргэлжилж, уул уурхайн экспорт нэмэгдэн   эдийн засгийн өсөлтийг хадгалав. 

Хятадын ногоон эдийн засгийн бодлого, Азийн зах зээлийг онилсон Оросын амбиц дунд Монголын нүүрсний экспорт зорилтод хэмжээндээ хүрээгүй ч дөрөв дэх жилдээ тасралтгүй дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Мега төслүүдээс Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт бүрэн дуусч, үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлэх шатандаа явна. Монгол Улсын эдийн засгийг хазаарлаж, зах зээлийг хязгаарлаж ирсэн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлээс эхлүүлж, бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хяналт дор хэрэгжүүлж байна. Нэг улсын зах зээлийн хараат байдлаас гарах, гуравдагч зах зээлд бүтээгдэхүүний экспортоо тэлэх, эрэлт өндөртэй зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх гарц шийдлийг эрэлхийлж, гадаад бодлогод анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албан айлчлалын явдал ихтэй жил байлаа. Төрийн тэргүүн БНХАУ, АНУ, ОХУ, Энэтхэг улсад албан айлчлал хийж Америк оронтой Стратегийн түншлэлийн харилцаа тогтоов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин таван жилийн дараа дахин Монгол оронд айлчилсан ба хоёр орны түншлэл иж бүрэн стратегийн түншлэлд дэвшлээ. Ерөнхий сайд Орос улсад хийсэн айлчлалын хүрээнд байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийг эхлүүлэх бус, боломж нөхцөлийг судлах тухай  санамж бичгийг “Газпром” компанитай үзэглэв.  

Ийнхүү арван есөн оны хуанлийн хуудсууд эх орны хөгжилд сайн, муу үр дагавартай нэгэн мөчлөгийг үлдээгээд улиран одож байна. Ирэх онд ч топ сэдэв уул уурхай байх болно. Төсвийн нийт орлогын 24% буюу 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбар бүрдүүлэх ёстой. 2020 онд Монгол Улс гадаад өр төлбөргүй амсхийх жил. УИХ-ын ээлжит сонгууль тохионо, ард түмэн дүн тавих цаг.

2020 онд  Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй

Арван есөн оны уул уурхайн тренд сэдэв Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байв. Уул уурхайн лицензтэй холбоотой улс төрийн шийдвэр, хэрэгжилт бүтэн жилийн туршид үргэлжилсэн юм.

2018 оны арванхоёрдугаар сар 29. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймгийн Гурвансайхан суман дахь алт, мөнгөний Салхитын ордын 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тусгай ажиллагаа зохион байгуулав.

Нэгдүгээр сарын 7. Салхит, Асгатын болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсныг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж, эдгээр ордыг сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг үүрэг болгов.

Хоёрдугаар сарын 27. Засгийн газрын хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэхийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт даалгав.   

Гуравдугаар сарын 6. Засгийн газрын хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоохоор шийдвэрлэв. Энэ дагуу Ерөнхий сайдын яаралтай байгуулсан Ажлын хэсгийг ахлан Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт  үйлдвэр”-т ажиллаж, 91 дүгээр тогтоолын хүрээнд Ерөнхий захирал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын удирдлагатай ярилцсаны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийж шаардлагыг танилцуулсан ба 9 өрөөг битүүмжлэв. Ингэхдээ “Эрдэнэт”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон статусыг өөрчилсөн юм. Онц байдлын хугацааг дахин хагас жилээр сунгаж өнөөдөр ч үргэлжилж байна. 

Гуравдугаар сарын 7. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “...ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуульд заасан “Байгалийн баялаг ард түмний өмч байна” гэсэн заалтын дагуу төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд эргүүлэн авах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргасан. Төсвийн мөнгөөр хайгуул хийсэн Цагаансуварга, Салхит, Асгат зэрэг 400 гаруй орд бий. Цагаансуваргын ордод уурхай барьсан компанитай төр гэрээ байгуулна. Ингэхдээ олборлолт хийсэн ажлын хөлсийг тухайн уул уурхайн компанид төлөөд үлдсэнийг төр авна гэсэн үг. Бусад ордууд мөн адил зарчмаар явна...” мэдээлэл хийв.
Тухайн үед салбарын холбогдох байгууллагаас тайлбар хийхдээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Сайн зөвлөгөө өгдөг хуулийн фирмийг УУХҮЯ-нд ажиллуулж байж зөв шийдэл гаргах ёстой. Шууд хураана, цагдана, хорино гэсэн асуудал байж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол АМГТГ-ын дарга Х.Хэрлэн “Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ийм асуудал байхгүй. Энэ тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээдүүд хуулийн дагуу ажиллаж байгаа” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. 

Наймдугаар сарын 21. Засгийн газрын хуралдаанаар байгаль орчинд хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан тухай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэв. Тэрээр “Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөхөн төлбөрийг олгоно. Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулахаар Засгийн газар хуулийн дагуу хандана. Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг уул уурхайн тусгай зөвшөөрөл олголтод шалгалт хийж, дүгнэлт гаргана. Тусгай зөвшөөрөл олгох үйл явцад хууль бус үйлдэл гаргасан бол цуцална” гэлээ. 

Арванхоёрдугаар сарын 9. “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг Дээд шүүхээс тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Эргэн сануулахад, Торонто- гийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентерра голд” компани (TSX:CG) 2018 оны аравдугаар сарын 12-нд Монгол дахь бизнесийн нэгжээ 35 сая ам.доллараар Сингапурын “OZD ASIA PTE” компанид худалдсан тухайгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол дахь бизнесийн нэгжид нь Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсан бөгөөд “Сентерра голд”-ын Монгол дахь охин компаниуд болох “Бороо гоулд” ХХК болон “Сентерра гоулд Монголия” ХХК-ийг эзэмшдэг Centerra Netherlands (BVBA) компанийн бүх хувьцаа, өр төлбөрийг “OZD ASIA PTE” худалдан авсан юм. Монгол Улсын Засгийн газар, Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра голд” компани Гацууртын алтны ордыг ашиглах асуудлаар Монголын талтай тохиролцож чадалгүй арван жил болсны эцэст   ийнхүү  төслөө зараад гарсан юм.

Арванхоёрдугаар сарын 18. Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан   Ажлын хэсэг  2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлнэ.

Энэ онд Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиолоо. Засгийн газрын аравдугаар сарын 16-ны хуралдаанаар Үндэсний геологийн алба байгуулахаар шийдвэрлэсэн юм. “Үндэсний геологийн албыг байгуулснаар Монгол орны геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой боломж бүрдэж, улсын хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарсан шийдвэр“ хэмээн тодорхойлжээ. 
Уул уурхайн салбар дахь  төрийн дээрх шийдвэрүүдээс хууль дүрэм ойлгомжтой, тодорхой байдал  өнөөдөр Монгол Улсад үгүйлэгдэж байгааг харуулж байна. “Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан материалуудыг судалж үзэхэд, тэр дунд олборлолтоо эхлээгүй компанийг байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна. Энэ шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хохирч үлдэнэ. Гэтэл тухайн газарт тусгай зөвшөөрөл олгосон, байгаль орчин сүйтгэсэн үйл ажиллагааг дор бүр нь хянаж шалгах үүрэгтэй мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд ажлаа хийгээгүй, үүндээ хариуцлага хүлээхгүй байна. 

Төр засаг, улстөрчид ард түмэнд таалагдах гэж бус үндэслэлтэй, хууль журмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх учиртай. Тодорхойгүй шалтгаанаар тусгай зөвшөөрлийг цуцалсан  шийдвэр нь  дарамт, шахалт  байгаа мэт харагдаж, ойлгогдож байна. Ийм байдлаар цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй” хэмээн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр MMJ-д өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Өнөөгийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа ойрын 2-3 жилд дуусч геологи хайгуулын тухай ойлголт Монголд үгүй болох нөхцөл байдал үүссэнийг МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Билгүүн анхааруулж, уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засагтай Монголын хувьд экспортыг тэлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, бусад салбараа хөгжүүлэх цорын ганц боломж нь геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах гэж үзэж байна. Эрдсийн салбар нь Монголын эдийн засгийн гол “зэвсэг” хэмээн  тэрээр тодорхойлсон юм. 

Өдгөө ашиглалт болоод хайгуулын шатандаа хэрэгжиж байгаа төслүүд нь 2016 оноос өмнө нээсэн ордууд. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн потенциалыг дэлхийд таниулж, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол итгэлийг торгоож байгаа цөөн төслүүд. Тогтвортой хэрэгжиж чадваас ирээдүйд эх орны эдийн засгийг тэтгэх экспортын гол эх үүсвэрүүд юм. Геологи  судалгааны салбар уул уурхайгаас 10-30 жилээр түрүүлж явахын учир энэ. Одоогоор Монголын нийт газар нутгийн 20%-ийн ашигт малтмалын нөөцийн мэдээлэлтэй байна. Хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн боломжийг таниулахын тулд хайгуулын үйл ажиллагааны үр дүн сайн байх учиртай. Дэлхийн хэмжээнд эрдсийн хайгуулд зориулж буй 10 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалаас тодорхой хувийг татаж шингээхээр улс орнууд өрсөлдөж байна. 2010 онд “ММС”, “Хүннү коал”, “Аспайр майнинг”, “Вояжер”, “Вүлф петролиум” зэрэг Монголын уул уурхайн 40 гаруй компани дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргаж, тэр бүгд Монголын эдийн засагт хөрөнгө оруулсан юм. Тухайн үед Монгол Улсын ДНБ-ий өсөлт 17.3%-д хүрч дэлхийд гайхагдаж, гадаад хөрөнгө оруулалт түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоосон энэ оргил цаг үед гадаад валютын ханш ч тогтвортой байжээ.

Өнөөдөр технологийн шинэ эринд ашигт малтмал, тэр дундаа зэс, алт, газрын ховор элемент, уран амин чухал түүхий эд болж байна. “Дисковер Монголиа 2019” чуулганаар Австралийн “Лайон Менежер Лимитед” компанийн Гүйцэтгэх захирал Хэдли Виддапын хэлснээр,  2016 онтой харьцуулахад дэлхийн хэмжээнд уул уурхайн салбарт хөрөнгө оруулах буюу тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдан авах хандлага өсч, дэлхийн зах зээлийн өсөлтийн мөчлөгийн эхний шат тохиожээ. Гэтэл дэлхийн эрдсийн хайгуулын зах зээлийн таатай энэ цаг үед Монгол Улс хөрөнгө оруулалт татаж чадахуйц ганц салбараа нээх бус хумьж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг тодорхойгүй шалтгаанаар цуцалж, төрд хураан авч, хайгуулын лицензийн олголтыг бүтэн нэг жилээр зогсоож байна. 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт Монголын 250 гаруй бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалт дээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсад хайгуул хэрэгтэй. Ирээдүйд үр хойчдоо үлдээх нөөц баялгаа маш тодорхой болгох ёстой. Хайгуул, ашиглалт гэдэг бол хоёр өөр асуудал. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь үйл ажиллагаа явуулна. Хайгуулын тусгай зөвшөөрөл бол тухайн баялгийн нөөцийг тогтоогоод улсын санд бүртгүүлж байгаа юм.  Яамны зүгээс алт, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж, валютын эх үүсвэр, экспортын орлогыг нэмэгдүүлж байгааг бүрэн дүүрэн дэмжиж ажиллана” гэж хэлсэн нь бодит байдлаас зөрж байна. 
Манай улс мөнгөний хомсдолтой орон. Банкны хүү өндөр, валютын ханш чангарч байгаа нь зах зээлийн тогтолцоо, мөнгөний эрэлт нийлүүлэлтээс хамаарч байна. Эрэлтээ хангахын тулд эдийн засагт мөнгө цутгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байж эдийн засгаа тэтгэх мега төслүүдээ хэрэгжүүлж чадна. 


“Давхардсан” АМНАТ

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  “давхардсан, давхардаагүй” гэсэн маргаан уул уурхайн салбарын энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. 

Нүүрс угааж, экспортлох чиглэлээр ажилладаг “Страто” компанийн хуульч, иргэн С.Баярмаа нь роялтийг шинэ хуулиар давхардуулан ногдуулж байна гэх үндэслэлээр зургадугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн юм. Ингэснээр салбарын хуулийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй (АМНАТ) холбоотой хэсэг бүхэлдээ хүчингүй болсон. Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон тэдгээр заалт  нь салбарын хууль дахь бүх төрлийн эрдэс баялгийн борлуулалтаас роялти авах болон нүүрсний бүтээгдэхүүнд ногдуулах өсөн нэмэгдэх роялтитэй холбоотой заалтуудыг хамрав. 
Уг шийдвэрийг Сангийн сайд хүчтэй эсэргүүцсэн юм. Учир нь роялтийн орлогоор ирэх оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого буюу нийт төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-ийг бүрдүүлэхээр тогтоод байсан ч 2020 оны төсөв батлагдах үед УИХ роялтийг хүчингүй болгосон заалтуудыг сэргээж амжаагүй байв. Улмаар ирэх оны төсвийн орлого 11%-иар тасалдах төдийгүй 2019 оны төсөв өдөрт 4.6 тэрбум төгрөгөөр  тасалдахаар байсан юм. Ийм нөхцөл байдалд АМНАТ-ийг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-аас арваннэгдүгээр сарын 22-нд баталснаар нэг мөр шийдвэрллээ. Энэ үйл явцыг Ашигт малтмалын хуулийг Үндсэн хуульд нийцүүлсэн нь гэж тодорхойлж болох ч Сангийн сайд роялтийг ямар ч компаниас давхардуулж аваагүйг дахин дахин илэрхийлсэн. Роялтийг давхардуулан авахгүй байх тухай зүйл заалт хуулинд угаас байсныг тэрбээр тодотгож байлаа. Салбарын хуулийг шинэчлэн баталснаар ирэх оны төсвийн роялтийн орлого баталгаажиж, 2019 оны алдаж болзошгүй байсан роялтийн орлогыг нөхөж авахаар тогтсон юм. 

Барцадтай ч ахицтай Оюутолгой


Зэсийн экспортыг хангаж буй гол төсөл Оюутолгойн хувьд барцадтай ч басхүү ахицтай жил. 

Яг 10 жилийн өмнө Оюутолгой ордод байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ өдгөө ч Монголын нийгмийг талцуулсан хэвээр байна. Төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсэг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулагдсан ба 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны “Дубайн гэрээ” буюу санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулсан хяналт шалгалт жил орчим үргэлжиллээ. Дүгнэлтээр “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэж үзэв. Төслийн холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг сайжруулахаар одоогийн парламент нэгдмэл байр суурьтайгаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тухай тогтоолын төслийг баталлаа. Өнгөрсөн хугацаанд “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр бараг 70%-иар буураад байгаа юм. Зах зээл Монголын улс төрд илүү ач холбогдол өгснийг илтгэн хувьцааны ханш 1 ам.доллараас доош тэмдэглэгдсэн удаатай. Ямартай ч  оны төгсгөлд Үйлдвэрлэлийн амыг барьж дуусган далд уурхайн бүтээн байгуулалт шат ахиж байна. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын 5.3 тэрбум ам.долларын өртөг 1.2-1.9 тэрбумаар нэмэгдэж, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 16-30 сараар хойшлох болсныг долдугаар сард “Рио Тинто” мэдэгдсэн билээ.

Нүүрсний экспорт 42 сая тоннд хүрэхгүй


Монгол Улс 2019 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан ч 4-5 орчим сая тонноор тасалдаж мэдэхээр буйг статистик харуулж байна. 

Өнгөрсөн онд 36 сая тонн нүүрс экспортолж гурван жил дараалан дээд амжилтаа эвдсэн билээ. Энэ жилийн төсвийг хэлэлцэх үеэр буюу 2018 оны есдүгээр сард “Сoal Mongolia” чуулган дээр “Фэнвэй Энержи Информэйшн Сервисэз” компанийн дэд Ерөнхийлөгч Сара Лю 2019 онд Хятадын коксжих нүүрсний импорт 63 сая тонноос давахгүйг хэлж байсан нь өнөөдөр сургамж болж байна. Мөн хэмжээнд хүрч  Хятад сүүлийн улиралд  нүүрсний импортоо хязгаарласан нь Монголын нүүрсний экспортын зорилт биелэхгүй байх шалтгааны нэг болж байна. Хятадын коксжих нүүрсний  импорт   60-70 сая тоннд хэлбэлздэг. Үүнээс илүү ойрын жилүүдэд нэмэгдэхгүй гэдгийг Хятадын тээвэр худалдааны ассоциацийн Дэд ерөнхийлөгч Ли Жунмин энэ жилийн нүүрсний чуулган дээр дуулгав. 2020 онд Монгол Улс төсөвт 42 сая тонн экспортлохоор дахин тусгаад буй. Хятадын коксжих нүүрсний зах зээлд Австрали улсын тэргүүлэх байр суурь ганхаж эхэлсэн. Хоёр улсын худалдааны маргаанаас үүдсэн Хятадын хориг Австралийн нүүрсний орон зайг хумьж, тэр хэрээр Монгол, басхүү Орост ч боломж гарч байна. Гэвч үүнд Монголын тээвэр логистикийн хүндрэл нөлөөлж болзошгүйг “S&P Global Platts”-ын шинжээч Вэн Илэ анхааруулсан юм. Монгол Улсын боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж чадаагүй. Хятадын нүүрсний томоохон нийлүүлэгч Австралийн араас Монгол, Орос өрсөлдөж яваа. Энэ онд Орос нүүрсний нийт экспорт 225 сая тоннд хүрнэ гэж ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский мэдэгдэв. Ирэх арван жилд зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортын хэмжээг 55 сая тоннд хүргэх, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад 100 сая тонн экспортлох, дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг эзлэх зорилтоор “ОХУ-ын эрчим хүчний 2035 он хүртэлх стратегиа” шинэчиллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд Хятад, Орост айлчлахдаа хоёр улсын далайн боомтуудын үйл ажиллагаатай танилцаж Монголын нүүрсний экспортыг нэвтрүүлэх боломжийг ярилцжээ. Хятадын өмнөд далайн Цаофэйдян боомтод Тавантолгойн коксжих нүүрс 300 ам.долларын үнэд хүрэх боломжтой гэж үзэж байна. Ийм ханшаар Австрали, Индонезийн нүүрсэнд буудаг. Тэгвэл хойд хөрш орны нутгаар дамжин “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг гуравдагч зах зээлд нийлүүлэх хувилбарыг мөн тооцож байна. Алс Дорнод дахь Зарубино боомтод нүүрсний терминалыг “Эрдэнэс Тавантолгой”-той хамтран байгуулах төслийн ТЭЗҮ-ийг Оросын “Феско” компанийн удирдлага манай Ерөнхийлөгчид Владивосток хотноо гардуулсан юм. ТЭЗҮ-ээр нүүрсний терминалын эхний үе шатыг 6 сая тонн нүүрсний хүчин чадалтайгаар 2022 онд байгуулж, хоёр жилийн дараа хүчин чадлыг 10 сая тоннд хүргэх аж.      

Тавантолгой ба IPO


Торонто    хотноо олон улсын хөрөнгө оруулагчдын “PDAC 2019” чуулганд оролцох үеэрээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Тавантолгойн IPO гадаад зах зээл дээр хүлээлттэй, хувьцааг худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг Канадад сурвалжилгаар ажилласан MMJ-д өгсөн тодруулгадаа онцолсон. 

Наадмын өмнө буюу долдугаар сарын 9-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоолыг баталсан юм. Тогтоолын үндсэн дээр “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компани мэндлээд байна. Цанхийн зүүн хэсэгт үйл ажиллагаа явуулах охин компанийн 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшинэ. “Эрдэнэс Тавантолгой”-н нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувь нь Зүүн цанхийн уурхайд явагддаг. Сайн чанарын коксжих нүүрсний 795 сая тонн нөөц энэ хэсэгт бий. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт ажлын үр дүнгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 2020  оны хоёрдугаар сард IPO-ийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг Х.Наранхүү гүйцэтгэх захиралтай “Эрдэнэс Тавантолгой майнинг” компанийн шинэ баг хүлээсэн.  УУХҮЯ-ны сар бүрийн “Ил тод хариуцлагатай уул уурхай” бага хурлын үеэр Салбарын сайд IPO  гарах бэлтгэл ажил амжилттай явааг мэдээлж, санхүүгийн, хуулийн, техникийн, маркетингийн зөвлөхүүдээ сонгосон байна. Одоогоор сонгогдсон АНУ-ын “Merril Lynch”, “Credit Suisse”, Японы “Nomura” банкуудын үйл ажиллагаа идэвхжиж, биржийн шалгуур хангах ажлууд үе шаттай хийгдэж байгаа аж. Засгийн газрын 85%-ийн эзэмшилтэй “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 807 тэрбум, энэ жил 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээллийг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр танилцуулсан.  

Өнгөрсөн оны ашгийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулж байна.  “Эрдэнэс Тавантолгой” нь “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг. Засгийн газрын шууд удирдлага дор ажилладаг “Эрдэнэс Монгол” компани нь сүүлийн нэг жилийн хугацаанд 15 охин компанитай болж өргөжөөд байна. 2019 онд ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мон Атом” компанийг 100% эзэмшилдээ авч, алтны “Эрдэнэс Алт ресурс”, мөнгөний ордуудад төвлөрсөн “Эрдэнэс Силвер ресурс”, газрын ховор элементийн судалгааны нэгжийг тус тус байгуулсан юм.  

 


Тавантолгой-Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалт эхлэв


Хөрш хоёр орны нутгаар дамжин гуравдагч зах зээлд хүрэх, эрдсийн экспортын шинэ гарцуудыг хөгжүүлэхэд түрүүлж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барихыг Монгол Улсын Ерөнхийлөгч чухалчлав. 

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 10-ны хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаяр  чиглэлийн  төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тухай 135 дугаар тогтоол батлагдсанаар Тавантолгой ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян руу төмөр зам тавих ажил үндсэндээ шийдэгдсэн юм. Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”  9 жилийн дараа хэрэгжиж буйг Төрийн тэргүүн шав тавих ёслол дээр мэдэгдсэн. Тавдугаар сард шав тавьсан ТТ-ЗБ төмөр замын бүтээн байгуулалтын явцтай сар бүр Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн танилцаж, онцгой анхаарч байна. Бүтээн байгуулалт улирал харгалзахгүй үргэлжилнэ гэдгийг тэрээр мэдэгдсэн юм. Төмөр замын энэ ажил түүнийг сонгуульд улиран сонгогдох эсэхэд нөлөөлөх нэг чухал үзүүлэлт болно. Түүний хувьд, энэ удаа  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барихаар бондоос 280 сая ам.доллар зарцуулсан далан шорооны “алдаагаа” давтах эрхгүй. 

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын нийт 2.5 сая иргэн “Эрдэнэс-Тавантолгой”  компанид эзэмшиж буй хувьцааны ногдол ашгийг ТТ-ЗБ төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулж байгаа юм. Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба энэхүү хөрөнгийн 750 тэрбумаар төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажлыг гүйцэтгэж байна. Төмөр замаа монголчууд өөрсдөө анх удаа барьж буйгаараа энэхүү төсөл онцлогтой. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан айлчлалаар “Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг “Улаанбаатар төмөр зам” ХНН  нь Оросын “РЖД Интэрнейшнл” ХХН-тэй байгуулсан юм. Нэгэнтээ хөрөнгө мөнгөний хувьд дотоодын эх үүсвэрээр  шийдэж, үндэсний цэрэг арми болоод Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн инженер мэргэжилтнүүдээр хүн хүчээ бүрдүүлж, төмөр замын бодлогыг санаачлагч нь өдгөө Төрийн тэргүүнээр ажиллаж байгаа гээд ТТ-ЗБ төмөр зам бодит хэрэгжих давуу талууд бүрджээ. 2020 онд төмөр зам ашиглалтад орно. Тавантолгойн нүүрсээс гадна зам дагуух бүлэг ордууд эргэлтэд орох, улмаар эдийн засгийг тэтгэх, экспортыг тэлэх төсөөлөлтэй.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц бэлэн боллоо

Энэтхэг Улсын Засгийн газрын  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт өрнөж байна. 

Үйлдвэрийн дэд бүтэц болох 27км төмөр зам, 100 тоннын хүнд даацын 17.2 км авто зам барьж улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбон, 110 КВт эрчим хүчний агаарын дамжуулах шугам татаж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажил аравдугаар сард бүрэн дууссан юм. Одоо үйлдвэрийн ажилтан албан хаагчдын 550 айлын орон сууцны хорооллын барилгыг эхлүүллээ. Үйлдвэрийг байгуулах төслийн анхны өртөг 1 тэрбум ам.доллар  нэмэгдсэн ба шаардлагатай 236 сая ам.долларын санхүүжилтийг Энэтхэгийн Засгийн газраас олгох болсноо тус улсад Ерөнхийлөгчийг айлчлах үеэр мэдэгдсэн. Урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1.5 сая тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай Газрын тосны   үйлдвэр 2023 онд ашиглалтад орно. 

Монгол Улсын газрын тосны салбар 2019 онд таатай мэдээтэй. Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад Лимитед” компани Цэн тогоруу цооногт 2960 тууш метр өрөмдлөг хийж дуусгасан бөгөөд нийтдээ 25 сая баррель газрын тосны (P50) нөөц бий гэсэн урьдчилсан тооцооллыг   гаргажээ. Энэ нь ойролцоогоор 4 орчим сая тонн газрын тосны нөөцтэй тэнцэнэ. Монголын газрын тосны нөөц одоогоор 40 сая тонноор хэмжигддэгтэй харьцуулахад “Петроматад”-ын хайгуулын үр дүнгээр улсын нийт нөөцийн хэмжээ 10%-иар нэмэгдэнэ гэсэн үг. Одоо газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр тогтоогоод буй нөөцийг ахиулах, 2020 онд олборлолт явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.