“Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт “Хариуцлагатай уул уурхай” сайн дурын кодекст нэгдэхийн ач холбогдлын талаар ярилцлаа. Тус компани нь Гурвантэс суманд орших Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг бөгөөд байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр ихээхэн санаачлагатай ажилладаг. Өнгөрсөн онд салбар (ХНХЯам) яамнаас тус компанийг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч”-ээр тодруулсан юм.
“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэний ач холбогдлыг танай компани хэрхэн харж байгаа вэ?
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ыг санаачлан хэрэгжүүлж байгаа нь хариуцлагатай уул уурхайг дэлгэрүүлж, эсрэгээр хариуцлагагүй уул уурхайг бууруулах талаасаа ач холбогдолтой. Уул уурхай гэхээр зөвхөн газар ухаж сүйтгэдэг, нинжа мэтээр ойлгох нь түгээмэл байдаг. Иймд анх удаагаа хариуцлагатай уул уурхай гэдэг энэ нэр томъёог ажил хэрэг болгохоор найман компани уг сайн дурын кодекст нэгдсэн. Уул уурхайн салбар нь өөрөө олон эрсдлийг дагуулдаг. Тиймдээ ч олны шүүмжлэл, дургүйцлийг хүргэдэг. Нөгөө талаас уул уурхайн үйл ажиллагаа бүхий газарт амьдарч байгаа иргэдийн уул уурхайд хандаж буй хандлага, үзэл бодол гээд олон зүйлийг авч үзэх хэрэгтэй.
Манай компанийн хувьд хоёр ч хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд байдаг нүүрсний чиглэлийн ганц компани. Биржийн шаардлагаар олон нийтэд ил тод, үйл ажиллагаа нь тунгалаг ойлгомжтой, тайлан мэдээ нь улирал бүр гарч нийтлэгддэг байх ёстой байдаг. Монгол Улсын хүн бүр танилцахад нээлттэй тайлан мэдээ гардаг. Үүнийг компанийн цахим хуудас руу орж олж танилцах боломжтой. Бирж дэх компани зөвхөн ил тод байгаад зогсохгүй хувьцаа эзэмшигчдийн өмнө компанийн ажилтнууд, удирдлагууд хариуцлагатай байхыг маш өндрөөр шаарддаг. Товчхондоо тухайн компани нь дэлхийн стандартын дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагыг бирж тавьдаг.
Бидний хувьд яагаад уг кодекст нэгдэж, ач холбогдол өгч байгаа юм бэ гэхээр, нэгдүгээрт уул уурхайг хариуцлагатай, хариуцлагагүй гэдгээр нь ангилъя. Энэ бол компаниудыг ялгаварлан гадуухах эсвэл үйл ажиллагаагаар нь буруутгах гэсэн утгатай зүйл биш. Ер нь ямар ч эдийн засгийн салбарт хариуцлага гэдэг зүйл байх ёстой. Тийм учраас хариуцлагатай уул уурхайг шилжилтийн эдийн засгийн үед ялгаж салгаж ойлгуулъя. Ер нь хариуцлагатай уурхай гэж юуг хэлээд байгаа юм бэ гэдэг энэ үгнээс авахуулаад тодорхойлж өгье. Манай компанид одоогийн байдлаар 500 хүн ажилладаг. Тэдний ажлын байрыг хадгалах, ажилтай, орлоготой байлгах. Ар гэрт нь дэмжлэг үзүүлэх нь маш том нийгмийн хариуцлага юм. Ажил олгогч нь тэр хүний ажиллах нөхцөлийг хангасан байх, нийгмийн, эрүүл мэндийн, мэргэжлийн, боловсролын чиглэлээр гээд олон шаардлага тавигддаг.
Дээр нь байгаль орчны хувьд эерэг байх шаардлага бий. Манай улсын уул уурхайн холбогдох хууль дүрэм нь маш хатуу. Жил болгон байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахгүйгээр уулын ажил явуулж болохгүй, тэсэлгээ ч хийх боломжгүй юм.
Тухайн компани нүүрсээ Зам, тээврийн яамны тушаалаар, Засгийн газрын шийдвэрээр автозамаар тээвэрлэх ёстой. Энэ дагуу 2015 онд Концессийн гэрээгээр манай компани автозам байгуулсан. Ингэснээр тээвэрлэлтээс үүдэн тоос босох, тээврийн хэрэгслийн дизель хөрсөнд асгарах гээд бохирдуулах бусад хүчин зүйлс таслагдсан гэж ойлгож болно. Кодекст нэгдсэнээр тухайн бүс нутагтаа үйл ажиллагааны бүхий л чиглэлээр тэргүүлье, хариуцлагатай байя, үлгэр дууриал үзүүлэх бүрэн боломжтой гэж үзээд манайх нэгдсэн байгаа юм.
Урьд нь ч бид ийм үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Уул уурхайн компани баялаг олборлоод бүхий л татвар хураамжаа төлөөд ажиллаж байгаа ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийгдэж буй маш олон ажил байдаг. Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орон нутгийн сумдад жил болгон ажлынхаа тайланг танилцуулдаг. Ажлын тайлангаа зөвхөн орон нутгийн удирдлагад бус бүх иргэдэд, ажилтнуудын ар гэрт танилцуулдаг. Нөлөөллийн бүсэд хамаарах дөрвөн сумд, мөн нөлөөллийн бус сумдын иргэдэд ч тайлангаа тавьдаг. Энэ нь хариуцлагатай уул уурхайг таниулах үүднээсээ ач холбогдолтой гэж боддог. Одоо анх уул уурхайн тайлан танилцуулж байсан үеийнхтэй харьцуулахад хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Уул уурхайн компани тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулснаар шууд болон шууд бусаар олон ажлын байр бий болгож байна гэдгийг хүмүүс мэддэг болсон. Жишээ нь Ноён, Сэврэй, Баяндалай гээд 1000 хүнтэй сум бий. Тэднээс 100 нь манай компанид ажилладаг. Ингэснээр сумандаа ажиллах итгэлийг орон нутгийн иргэдэд өгч байна. Ер нь манай компанид нийт 500 хүн ажилладгийн 200 нь орон нутгийн иргэд байдаг.
Мөн нөлөөллийн суманд буюу сумын өрх, сургууль, цэцэрлэгийг дулаанаар бүрэн хангахын тулд нүүрс үнэ төлбөргүйгээр өгдөг. Одоо уул уурхайг ард иргэд илүү ойлгож хүлээж авдаг болсон байна.
Уг кодекст нэгдсэнээр цаашид компанийн үйл ажиллагаанд ямар эерэг үр дүн гарна гэж Та үзэж байна вэ?
Уг кодекст нэгдэх нь хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг ялгаж өгч Засгийн газар, ард иргэдэд зөв ойлголтыг түгээнэ гэж бодож байна. Үүнд хэвлэл мэдээллийн салбар ч чухал үүрэгтэй. Манайх нээлттэй компани учир компанийн засаглал талд ихээхэн анхаардаг. Хариуцлагатай уул уурхай кодекст нэгдсэнээр компанийн засаглалыг илүү сайжруулна гэдэг нь дамжиггүй.
Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр дотоод үйл ажиллагаандаа ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?
Хөрөнгийн биржийн шаардлагын дагуу манай компани үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж байгаа. Хариуцлагатай уул уурхайн кодекст нэгдсэнээрээ илүү хариуцлагатай, тухайн ажилдаа эзний ёсоор хандах соёлыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд Хариуцлагатай уул уурхайн кодекс-ын талаар дотооддоо таниулах, тэр дундаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт хийж байна. Өнгөрсөн онд манай үйл ажиллагаатай “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан танилцах аялал хийж, харилцан бие биенээсээ туршлага судалцгаасан.
Бид илүү ил тод байх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаагаа таниулах, үүний зэрэгцээ компанийн цахим хуудсыг уншихад илүү хялбар дөхөм болгох, илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулах зэргээр ажиллаж байна.
Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр салбартаа манлайлах ямар алхмуудыг хийж байна вэ?
Уул уурхайн стандарт, дүрэм журам, технологийн дагуу ажиллах чиглэлийн ажлуудыг бүсийн уурхайдтай хамтарч хийж байна. Энэ жилээс бид Нарийнсухайтын орчмын уурхайн байгаль орчны нэгдсэн төлөвлөгөөг “МАК”, “Өсөх Зоос” компанитай хамтран боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулахаар ажиллаж байна. Ингэж хийхийн учир нь тухайн орд газрын байгалийн тогтоц нь ижил учраас гурван компани хамтраад гаргавал үр дүнтэй юм болов уу. Төлөвлөгөөг хамтарч хийснээр тухайн бүс нутгийн байгаль орчныг илүү үр дүнтэй хамгаалах ач холбогдолтой гэж ойлгож байгаа юм.
Гурвантэс суманд Тост, Тосонбумбын дархан цаазат газрын захиргаа байгуулагдсан. Тус байгууллагын ажилчдын унаа тэрэг, хувцас болон бусад хангамжийг манай компаниас хандивласан.
Мөн Гурвантэс суманд саяхан галын анги байгуулагдсан. Энэ ангид компанийн зүгээс туслалцаа үзүүлж, хамтарч ажиллах төлөвлөгөө гаргасан. Өмнө нь тус суманд онцгой байдлын газар байдаггүй байх үед зөвхөн манай компанийн галын машин дуудлага бүрт явдаг байсан.
Хариуцлагатай уул уурхайгаар ажиллахад танай компанид хууль эрх зүйн болон төрийн бодлого шийдвэр талаас ямар бэрхшээл тулгарч байна вэ, үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа вэ?
Засгийн газар гаргасан шийдвэрээ ойр ойрхон өөрчилдөг. Бодит байдал дээр бодлого, шийдвэрүүд гэнэт өөрчлөгддөг асуудал бий. Гаргасан шийдвэр, бодлого хэрэгжихдээ уялдаа холбоо муутай байдаг нь үл ойлголцлыг бий болгодог. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Нүүрс ассоциацитай хамтран тодорхой санал хүсэлтээ УУХҮЯ, БОАЖЯ-нд албан бичиг хүргүүлсэн байгаа.
Энэ хүсэлтийг маань нааштайгаар хүлээж авна гэж найдаж байна.
Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэхдээ танай компани ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ? Тэдгээр байгууллагууд компанийн үйл ажиллагааг хариуцлагажуулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж чадаж байгаа юу?
Салбарын мэргэжлийн холбоод болох МУУҮА, “Нүүрс” ассоциацитай хамтран ажилладаг. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй. Нөгөө талаас иргэд зөв ойлгодог байх хэрэгтэй. Ирэх оны эхээр “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ын хүрээнд анхны тайлан гарч, олон нийтэд хүрэх байх. Уг кодексын хүрээнд компаниуд жил бүр өгсөн үүрэг амлалтын дагуу хийсэн ажлуудаа тайлагнасан тайлан гаргана.
Нэмэх зүйл гэвэл хариуцлагатай уул уурхайг үнэлэхдээ тухайн компанийг орон нутгийн иргэд хэрхэн хүлээж авч байгаа эсэх, компанийн орон нутаг дахь нэр хүндийг авч үзэх нь чухал үзүүлэлт болно гэж бодож байна.
Нийгмийн хариуцлага, байгаль орчноос гадна хариуцлагатай уул уурхай гэдэг нь компанийн эрсдлийг бууруулах тухай ажил юм. Жишээ танилцуулахад өнгөрсөн онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч”-ээр манай компанийг шалгаруулсан. Энэхүү шалгуурт нийт долоон компани шалгарч тэр бүрт төрийн байгууллагын тусгай комисс биечлэн танилцсаны үр дүнд манайхыг шалгаруулсан. Бодит байдал, цаасан дээр буусан баримт гэдэг хоёр өөр зүйл байдаг. Тэгэхээр бодит байдал дээр үнэхээр сайн байх нь чухал.
Ярилцсанд баярлалаа!