Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуд энэхүү сайн дурын санаачилга, кодекст нэгдсэнээр бусад аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын төлөө нэгдэх дуу хоолой нь болж цаашлаад эх орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч байгаа уул уурхайн салбарт ажиллаж, амьдардаг иргэдийнхээ ажил үүргээрээ бахархах бахархлыг бий болгох, салбарын үйл ажиллагаа, нэр хүндийг олон нийтэд эерэгээр таниулах чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийн туршлага, сайн жишээг өөрийн компанидаа нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон эерэг үр дүн, боломжуудыг бий болгох давуу талтай. Хамгийн чухал нь уул уурхайн салбарт зайлшгүй шаардлагатай хууль, журам, тогтоол, шийдвэрүүдийн өөрчлөлтүүдэд саналаа өгөхөд зөвхөн нэг компанийн эрх ашгийн төлөө бус хариуцлагаараа нэгдсэн олон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл хамтарч салбар дахь олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хүчтэй дуу хоолой болж чадна гэж харж байна.
Бид “Хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт мөн” гэсэн зарчмыг баримтлан ажиллахаас гадна хариуцлагатай уул уурхайн үндсэн шалгуурууд болох нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, орон нутгийн иргэдийн оролцоог өөрсдийн хэрэгжүүлж буй бүхий л төсөл, үйл ажиллагаандаа хангаж ажиллаж байна.
“Монполимет” ХХК уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэсээ уурхайн олборлолт, төлөвлөлтийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай уялдуулан бүс нутгийн онцлог, экологийн олон жилийн судалгаа, туршлага дээр тулгуурлан гүйцэтгэснээр Монгол Улсдаа үлгэр жишээ болохуйц хэмжээнд хийж ирлээ.
Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, орон нутгийн иргэдэд танилцуулах, сурталчлах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор дотоодын болоод олон улсын нийт 4 удаагийн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг Тосон үйлдвэртээ хийсэн. Өнөөдөр Тосон үйлдвэр нь Заамарын бүс нутагт төдийгүй Монгол Улсын уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн жишиг бааз болоод байна.
Бид тэртээ 20 жилийн өмнө Монгол Улсад CAT, Komatsu-ийн техникүүдийг иж бүрдлээр нь ажиллуулсан анхдагч компаниудын нэг бөгөөд өнөөдрийн уул уурхайн салбарт үр өгөөжөө өгч буй техник, технологийг нутагшуулахад болон тус техникүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байдаг. Манай уурхайд ажиллаж байсан CAT, Komatsu-ийн чадварлаг операторууд нь Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, төрөл бүрийн уурхай дахь боловсон хүчинг бүрдүүлэн ажиллаж байна.
Хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, хуульд тэр болгон хамаарагддаггүй бичил уурхайчдын үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр салбарын нэр хүнд олон нийтэд ихээхэн унасан.
Монгол Улсын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлж буй энэ салбарт хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, олон зуун хүнийг ажлын байраар хангадаг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг томоохон аж ахуйн нэгжүүдээ төрийн зүгээс тусгайлан дэмжсэн, олон нийтэд зөвөөр сурталчилсан бодлого, арга хэмжээг тэр болгон авдаггүй.
Мөн энэ салбарт шантааж хийдэг, худал мэдээллийг олон нийтэд дэлгэж нэр хүндийг нь унагаадаг төрийн бус байгууллагуудын үйлдэл компанийн үйл ажиллагаанд үргэлж саад учруулж байна. Өнөөдрийн төрийн байгууллагуудын олон үе шаттай шалгалтуудыг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий компани болон бичил уурхайчид, нинжа гэх бүлэг хүмүүст тэгш шалгуураар явуулах нь зүйтэй.
Салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж буй төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн удирдлага, төлөөллүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллахын зэрэгцээ судалгаа, шинжилгээний байгууллагууд, их сургуулиудтай хамтарч ажилладаг.