Сүүлийн 18 сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст АНУ-Хятадын худалдааны дайныг "зөөлрүүлэх" томоохон гэрээнд талууд лхагва гаригт Цагаан ордонд үзэглэлээ. Энэхүү 86 хуудас бүхий гэрээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гарын үсэг зурсан байна. Гэрээ зурагдсан явдлыг Трамп АНУ-ын эдийн засгийн хувьд ялалт болсныг зарлажээ. Ингэснээр түүний хувьд 2020 оны сонгуулийн кампанит ажилдаа хэлэх үгтэй болж байна.
Гэрээ зурагдсанаар АНУ-ын талаас Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмж ногдуулахаар төлөвлөөд байсан тарифын нэмэгдлийг цуцалж байгаа юм. Мөн 120 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг татварын хувь хэмжээг 50%-иар бууруулж 7.5%-д хүргэхээр болжээ. Гэхдээ 250 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг 25%-ийн татварын хувь хэмжээг хэвээр үлдээж байна. Учир нь энэхүү хэмжээг бууруулах нь хоёр дахь шатны гэрээг үзэглэх эсэхээс шууд хамаарна.
Нэгдүгээр шатны гэрээний хүрээнд Хятадын тал ойрын хоёр жилийн хугацаанд АНУ-аас авдаг худалдаа үйлчилгээг 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-аас импортолдог бараа, үйлчилгээг 2017 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Үүнд эрчим хүч, үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бусад үйлчилгээ зэрэг багтаж байна. Энэ нь АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах юм. Түүнчлэн дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшид зориудаар нөлөөлөхгүй гэсэн амлалтыг Хятад тал хүлээж буй. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Сангийн яам саяхан Хятад улсыг “валютын манипулятор” гэсэн жагсаалтаас хасах шийдвэр гаргаад буй юм. Мөн Хятадын тал АНУ-ын аж ахуйн нэгжийн оюуны өмчийг хамгаалах чиглэлд эрчимтэй ажиллахаа амлаад байна.
Уг яриа хэлэлцээр батлагдахаас хоёр хоногийн өмнө дэлхийн зах зээлд зэсийн үнэ эрчимтэй өсч эхэлсэн. Өчигдрийн байдлаар(01.15) Лондоны металын бирж дээр зэсийн үнэ тонн тутамд 6270 ам.доллар байсан нь сүүлийн найман сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож байна. Нөгөөтэйгүүр Хятадын зэсийн импортын үзүүлэлт сарын дүнгээр өнгөрсөн арванхоёрдугаар сард 527 мянган тоннд хүрч өмнөх 2018 оны сүүл сартай харьцуулахад 23%-иар өсөлттэй гарсан нь зах зээлд үнэ өсөх шалтгаан болж байна.
Мөн Брэнт маркийн газрын тосны ханш гэрээ зурагдсанаас хойш 0.7%-иар өсч нэг баррель нь 64.45 ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр газрын тосны ханш АНУ, Ираны хооронд үүсээд буй хурцадмал байдлын улмаас 70 ам.доллар/баррельд хүрч өссөн ч эргээд буурч 63 ам.доллар болсон юм. Ийнхүү хоёр томоохон эдийн засагтай гүрнүүдийн худалдааны гэрээнд албан ёсоор үзэглэснээр газрын тосны ханш эргээд өснө гэсэн хүлээлт байна. Гэхдээ газрын тосны ханшийн өсөлт төдийлөн өндөр биш байгааг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь АНУ-ын газрын тосны агуулах дахь нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэний сацуу ОПЕК-ийн гишүүн бус орнуудын нийлүүлэлт өсөх шинжтэй байгаа нь газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах нөхцөл болж байна. Мөн АНУ, Хятадын хооронд гэрээ зурагдсан ч энэ нь Хятадын газрын тосны эрэлтийг төдийлөн нэмэгдүүлэхгүй гэж зарим шинжээч үзэж байна.
Хятадын тал үнэхээр импортын бодлогодоо өөрчлөлт оруулж АНУ-ын талаас ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүн авах уу гэдэг асуултад шинжээчдийн зарим нь эргэлзсэн хэвээр байна. Нөгөөтэйгүүр АНУ-ын фермерчид Хятадын талаас ногдуулж буй татварын асуудал бүрэн шийдэгдээгүй байгааг анхааруулжээ. Учир нь Хятадын талаас эхний шатны гэрээ хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд тавьдаг татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой ямар нэг амлалт өгөөгүй ажээ. Өөрөөр хэлбэл талууд худалдааны хоёр дахь шатны яриа хэлэлцээрт үзэглэхээс нааш АНУ-Хятадын худалдааны дайн бүрэн шийдэгдсэн гэж үзэх үндэсгүй ажээ. Энэ удаагийнх бол зөвхөн асуудлыг зөөлрүүлэх гэсэн ангилалд багтаж байна.
Хоёр дахь шатны гэрээ байгуулах яриа хэлэлцээрийг талууд тун удахгүй эхлүүлэх юм байна. Эхний шатны гэрээний хэрэгжилт гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор эхэлнэ гэж тогтжээ.
Б.Төгс