Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.
Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай ажлын нягт уялдаатай ажиллаж ирсэн тэрээр 2011-2016 онд тус байгууллагын Төсвийн бодлогын хорооны даргаар ажилласан байна.
Масацугу Асакава нь 2012-2015 онд Токиогийн Их сургууль, 2006-2009 онд Сайтама Их сургуульд зочин профессороор ажиллажээ. 1981 онд Токиогийн Их сургуульд бакалаврын зэрэг, 1985 онд Принстоны Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан аж.
Азийн Хөгжлийн банк 1966 онд байгуулагдсан ба дэлхийн 67 оронд үйл ажиллагаа явуулдаг. Тус банкны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% байна гэж таамагласан.
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк