Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Газрын ховор элемент” хөтөлбөрийг боловсруулж байна

Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна. 

Хөтөлбөрийг 2020-2024 онд хоёр үе шаттайгаар 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр хөтөлбөрийн төсөлд тусгаад байна. Цаашид Газрын ховор элементийн нөөцөд түшиглэсэн хими-технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавих, баяжмалыг боловсруулан исэл гарган авах технологийг эзэмших нь нэн чухал гэдгийг төсөл боловсруулагчид тодотгов. Үүний зэрэгцээ хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг биелүүлэх санхүүжилтыг улсын төсөвт аль болох дарамт учруулахгүйгээр гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Дэлхийн хэмжээнд жилд хэрэглэгдэж буй газрын ховор элементийн 20 гаруй хувийг  катализатор (холимог исэл) ихэвчлэн түүхий нефтийг цэвэршүүлэхэд, 20 орчим хувийг шил шаазангийн үйлдвэрт шил өнгөлөгч, өнгө оруулагч, хэт ягаан долгион шингээгч болон оптик линз хийхэд, 10 орчим хувийг металлургийн үйлдвэрт төрөл бүрийн өндөр чанарын гангийн хольцоор ашиглахад, 13%-ийг зайн үйлдвэрлэлд, 25 орчим хувийг өндөр хүчин чадлын тогтмол соронзон материал, 6 орчим хувийг гэрлийн болон зурагт үйлдвэрлэлд, үлдсэн хувийг бусад салбарт хэрэглэж байна. Эдгээр бүтээгдэхүүний нийт үнийн дүн 1.5-2 их наяд ам.доллар хүрч байгаа нь дэлхийн аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 5%-ийг эзлэх томоохон зах зээл юм. 

Сүүлийн 20 гаруй жилийн турш БНХАУ газрын ховор элементийн дийлэнх хувийг дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа  ч өөрийн орны үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, технологийн ноу-хауг дангаараа эзэмшихийн тулд газрын ховор элементийн экспортод квот тогтоох, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах болсон нь технологийн болон түүхий эдийн хараат байдлыг бий болгож зах зээлд үнэ өсөх, хомсдол үүсэх нэг нөхцлийг бүрдүүлээд байна. 

Монгол Улсын хувьд газрын ховор элементийн багагүй нөөцтэй төдийгүй нөөц бүртгэгдэж ашиглахад бэлэн болсон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, шинээр орд газруудыг илрүүлэхэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болсныг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байлаа.   

Г.Идэр