Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог уг ордоос технологийн дээж авахаар “Асгаткент” ХХК ажиллаж байгаа бол тус компанийн гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажиллаж байна. Төлөвлөгөө ёсоор арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт эхний1А хэвтээ амыг бүрэн нээж, I хэвтээ ам руу 40 метр орчим нэвтрэлтийг хийжээ. Уурхайн амуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ элемент тодорхойлогч багажны техникийн туслалцаа үзүүлж байна.