Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Эдийн засгийн өсөлт уул уурхайн шинэ тэсрэлтээс хамаарна  

Монгол авлигагүй, аз жаргалын индексээр дэлхийд эхний 10 орны тоонд багтана. Энэ бол урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогын суурь зорилтуудын нэг. Мэдээж, инноваци, технологид суурилсан мэдлэг, эдийн засгийг солонгоруулах, ногоон хөгжлийг дэмжих өөдрөг зорилтууд ч энд багтжээ. Тус баримт бичгийн төслийг энэ өдрүүдэд төр засаг хэлэлцэж байна. Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьлаа. Хөгжлийн “Алтан гадас” хэмээн Ерөнхий сайдын тодорхойлсон энэхүү бодлогоор, 30 жилийн дараа Монгол Улсын ДНБ 6.1 дахин нэмэгдэн нэг хүнд ногдох ДНБ 15 мянган ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна. 

Ирэх 30 жилийг төсөөлөхийн тулд өнөөдөр хаана явж байгаагаа мэдэх учиртай. Өндөр хөгжилтэй  орнуудын эхний аравт Сингапур, АНУ, Хонконг, Голланд, Швейцарь, Япон, Герман, Швед, Их Британи, Дани багтаж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас (World Economic Forum) эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын 2019 оны тайлангаар дэлхийн 141 орноос Монгол Улс 102 дугаарт бичигджээ.

Эх сурвалж: World Economic Forum

Өнөөдөр Монгол Улсын ДНБ-ийн 25%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72%, экспортын 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Товчхондоо, эдийн засгийн тулгуур эрдэс баялгийн салбар юм. Уул уурхайн нөөц баялаг, үйлдвэрлэлээр дэлхийд Хятад, Америк, Орос, Австрали тэргүүлж явна. Өндөр хөгжсөн, сайны жишээ болгодог орнуудтай Монгол Улсыг харьцуулсан үзүүлэлтийг энд харж байна.           

 
Монгол Улсын “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого” 2014 онд батлагдсан бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”,  үүнтэй уялдуулсан “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, эдгээрийг хэрэгжүүлэх “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” гарсан билээ. Өнөөдөр хэрэгжиж байгаа Монгол Улсын стратегийн гол бодлогын баримт бичгүүд энэ.

“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын I үе шат энэ онд дуусна. Тус шатанд, геологийн салбарын хөгжлийг дэмжих болоод ил тод, хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг төлөвшүүлж, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр зорилтыг дэвшүүлжээ.

Зорилт 1. “Монгол Улсын нутаг дэвсгэрийг геологийн 1:200 000 масштабын зураглалд бүрэн хамруулан, ашигт малтмалын хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газрын 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 40 хувьд гүйцэтгэх”
 

Зорилт 2.“Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлж, говийн бүсийн томоохон хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах

Стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг хөрсөн дээр бодитоор буулгах  нь Засгийн газрын хөтөлбөр юм. Тэгэхээр “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын эхний үе шатны хугацаанд төр жолоодож байгаа өнөөгийн Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрөөс зөвхөн геологи, уул уурхайтай холбоотой зарим арга хэмжээний хэрэгжилтийн явцыг тоймлон үзье.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Нэгд, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого”-ын хүрээнд

1.10Хөгжлийн банкны бонд, зээлийн зарцуулалтыг дүгнэж, төсөл, хөтөлбөрт үнэлгээ хийж, зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлнэ”,

1.20Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана”,

1.22Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ”,

Өнгөрсөн дөрвөн жилд, барууны хөрөнгө оруулагч Канадын “Сентерра Гоулд” компани Монгол дахь бизнесээ орхин гарч, “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмшлийг аж ахуйн нэгж, төр хоорондоо булаацалдаж, Оюутолгойн гэрээтэй холбоотой зарим албан тушаалтнуудыг цагдан хорьж, ордуудыг төрд хурааж, араас нь 400 ордыг төрийн мэдэлд авахаа мэдэгдэж, уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг олноор цуцалсан төр засгийн шийдвэрүүд хөрөнгө оруулалтын орчинд тодорхойгүй, тогтворгүй байдлыг бий болгосон. Төрийн мэдэлд авсан багахан нөөцтэй Салхитын ордыг барьцаалан Хөгжлийн банк баталгаа гарган, Монголбанк худалдаж авах замаар бонд гаргаж тэтгэврийн зээлийг улсаас нэг удаа тэглэх   ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хууль батлав. Төр нь бизнес эрхлэгчдийн хөрөнгийг “булааж”, банк, уул уурхай гээд чөлөөт эдийн засгийн бүхий л салбарт халдаж байгаа өнөөгийн дүр зургаар Монголын хөрөнгө оруулалтын орчин таатай харагдахад бэрх. Хөрөнгө оруулалт татах чадавхтай ганц салбарын геологи хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд олгохгүй. Дэлхийн зах зээлд хүрэх, түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төмөр зам үгүй, боомтын нэвтрэлт удаашралтай хэвээр. 

Геологи, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, олон улсын эрдсийн зах зээл дэх Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ” гэж дэвшүүлэхдээ 

1.24. “Эрдэнэс Монгол” компани болон Оюутолгой төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Тавантолгой, стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах”-аар тодорхойлжээ.

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-аас илүү хувь нэг төслөөс хамаарч байгаа нь “Оюутолгой”. Одоогоос яг арван жилийн  өмнө баталсан Хөрөнгө оруулалтыг гэрээг өөрчлөх, хянаж шалгах улстөрчдийн маргаан мэтгэлцээн, талцал хэвээр байна. Өнөөгийн бүрэн эрхт Засгийн газрын үед “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг УИХ-аар (2019.11.21) баталж, гэрээнүүдийг сайжруулах, шалгах Ажлын хэсэг байгуулагдав. Ямартай ч өнгөрсөн онд Оюутолгой төслийн Үйлдвэрлэлийн амны барилгын ажил дуусч далд уурхайн бүтээн байгуулалт нэг шат ахилаа.

Нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай тогтоолыг УИХ-аар батлаад хоёр жил өнгөрчээ. Олон улсын хөрөнгийн бирж дээр Тавантолгойн 30 хүртэл хувьд IPO гаргах бэлтгэл арав дахь жилдээ үргэлжилж байна.  УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө Тавантолгойн IPO гаргах боломжтойг Салбарын сайд саяхан мэдээлэв. Таван сарын дараа гэсэн үг. Ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулахад эрчимжүүлэх дэд бүтцийн 11 төслөөс Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах ажил 2019-2021 онд хэрэгжинэ гэж Ажлын хэсэг танилцуулж байсан ч шав ч тавьсангүй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дутуу баригдсан далан янзандаа. Харин Тавантолгойн таван замын нэг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч эхлүүлж, шав тавьсан. Бүтээн байгуулалт өрнөж байна.   

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани Засгийн газраас бодитой дэмжлэгээр өнгөрсөн нэг жилд авч активаа эрчимтэй тэллээ. Засгийн газрын шууд удирдлага дор ажилладаг тус компани өнөөгийн байдлаар зэс, нүүрс, нүүрсний давхаргын метан хий, алт, мөнгө, уран, газрын ховор элемент, төмөр замын чиглэлээр 16 охин компаниар өргөжөөд байгаа юм. Сүүлд, “Эрдэнэс Силвер ресурс” охин компани нь Салхит, Асгатын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж, эхний ээлжинд Салхитын ордыг барьцаалж бонд гаргах үүрэг “Эрдэнэс Монгол” компани хүлээж байна. Гэхдээ Салхит нь стратегийн ордод хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн “стратегийн ач холбогдол бүхий бусад ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах” гэсэн зорилттой зөрчилдөж байгаа юм. Нөгөөтэйгүүр, метал цэвэршүүлэх үйлдвэр одоогоор Монголд байхгүй ба “Эрдэнэс Алт ресурс” компани Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төслийг бэлтгэж байна. Эндээс, нэг бүтэц бүрэлдэхүүнд багтдаг компаниудын үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоогүйг харуулж байгаа юм. Охин компаниуд байгуулж, “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа өргөжиж байгаа ч мэдээлэл төдийлөн нээлттэй биш. Уг нь ирээдүйд Баялгийн сан болох зорилттой бөгөөд тус компаниас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгаад байгаа юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд “1. Монгол орны геологийн зураглал, ерөнхий эрэл, агаарын геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн судалгааны ажлын хэмжээг нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих”-ээр тусгажээ. Энэ арга хэмжээ нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын эхний шатны нэгдүгээр зорилтын хэрэгжилтийг хангах юм. Тус зорилтын Монголын нутаг дэвсгэрийг геологийн 1:200000 масштабын зураглалаар бүрэн хамарч, 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 40%-д хүрч бүрэн хэрэгжээд байна. Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээллээр, 2019 онд улсын төсвөөр геологи, судалгааны ажилд 24.6 тэрбум төгрөг зарцуулжээ. 

  
2.“Олон улсын жишгийн дагуу Үндэсний геологийн алба, Үндэсний геомэдээллийн санг байгуулан, мэдээлэл түгээх үйлчилгээг хялбаршуулах” арга хэмжээний хүрээнд, УУХҮЯ-ны харьяанд хэрэгжүүлэгч агентлаг “Үндэсний геологийн алба” байгуулахаар тусгасан тогтоолын төслийг (2020.01.08) салбарын сайд УИХ-д өргөн барьсан.

"“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Монголбанктай хамтран шийдвэрлэнэ.Алтны олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлэх" чиглэлээр, үндэсний “Алт 2” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх зорилтой. Өнгөрсөн хугацаанд, хамгийн их буюу 22 тонн алт Монголбанкинд 2018 онд тушаажээ. 2019 онд 15 тонн болж буурав. “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг явуулж, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран орон нутагт алтны сорьц тогтоох лаборатори байгуулсан юм. Хоёр жилийн өмнөөс орон нутагт алтны албан худалдааг эхлүүлснээр бичил уурхайчдын алтыг татан төвлөрүүлж, алтны худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэж тооцож байна.    

5.“Газрын тосны олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэн, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” чиглэлд Засгийн газрын гол ажлуудын нэг хэрэгжиж байгаа юм. Энэтхэг улсын 1.24 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймагт байгуулж байна. Санхүүжилт нь тодорхой учир бодитой урагшилж байгаа ганц том төсөл. Алтанширээ сумын нутагт үйлдвэрийн шавыг (2018.06.22) тавьсан. Үйлдвэрийн гаднах дэд бүтэц болох 27 км төмөр зам, 100 тоннын хүнд даацын 17.2 км авто зам барьж улсын чанартай төв автозам болон төмөр замтай холбон, 110 КВт эрчим хүчний агаарын дамжуулах шугам татаж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажил өнгөрсөн онд бүрэн дууссан юм. Одоо үйлдвэрийн ажилчдын 550 айлын орон сууцны хорооллын барилгыг эхлүүлж байна. Зэрэгцээд үйлдвэрийн барилгын ажил эхлэх учиртай. 2023 онд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Монгол Улсын газрын тосны салбар 2019 онд таатай мэдээтэй. Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад Лимитед” компани "Цэн тогоруу" цооногт хийсэн өрөмдлөгийн дүнгээр нийтдээ 25 сая баррель газрын тосны нөөц бий гэсэн урьдчилсан тооцооллыг гарсан юм. Энэ нь ойролцоогоор 4 орчим сая тонн газрын тосны нөөцтэй тэнцэнэ. Монголын газрын тосны нөөц одоогоор 40 сая тонноор хэмжигддэг гэвэл “Петроматад”-ын хайгуулын үр дүнгээр улсын нийт нөөцийн хэмжээ 10%-иар нэмэгдэнэ гэсэн үг. Одоо газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр тогтоогоод буй нөөцийг ахиулах, 2020 онд олборлолт явуулах боломж бүрдэх аж.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, анхаарал татах хэсэг бол зам тээврийн салбарын чиглэл юм. Тэр дундаа төмөр замын тухайд “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт төмөр замыг ашиглалтад оруулна, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана, Зүүнбаян-Ханги болон Эрдэнэт-Овоот төмөр замыг барих ажлыг эхлүүлнэ” гэж тодорхойлсон. Харин энд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам тусаагүйг анзаарсан биз ээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 2010 онд баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигтэй уялдаагүйг илтгэнэ.

Төмөр замын бодлогын эхний шатны Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээний тухай 135 дугаар тогтоолыг Засгийн газар баталснаар барьж байгуулах ажил эхэлсэн. Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутгаас эхлэн төмөр замыг тавьж байгаа юм. Монгол Улсын нийт 2.5 сая иргэний “Эрдэнэс-Тавантолгой”  компанид эзэмшиж буй хувьцааны ногдол ашгийг ТТ-ЗБ төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулж байна. 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” компани 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба энэхүү хөрөнгийн 750 тэрбумаар төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энэ төслийн гол онцлог нь  өндөр цалин хөлстэй гадаадын ажилчдаар бус монголчууд өөрсдийн хүч хөдөлмөрөөр байгуулна гэдгийг Төрийн тэргүүн мэдэгдсэн билээ. 2019 онд Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалаар “Тавантолгой- Зүүнбаян чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Оросын “РЖД Интэрнейшнл” ХХН-тэй байгуулсан. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам 2021 онд ашиглалтад орно.

Уг төмөр замыг үргэлжлүүлэн Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт руу татах 281 км төмөр зам татах ажил мөн энэ хавар эхлэх магадлалтай байна. Зүүнбаян- Ханги чиглэлийг төмөр замын бодлогод (2018.06.29) нэмж тусгасан. Харин зах зээлдээ хамгийн ойр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын хувьд ашиглалтад орох байтугай 208.5 км дээрээ далангийн ажил зогсноос хойш дөрөв дэх жилээ илээж байна. Төмөр замын дутуу баригдсан далангийн ажилд 280 сая ам.долларыг "Чингис" бондоос зарцуулсан юм. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Засгийн газар 2018 онд төмөр замын суурь бүтцийг тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгосноор барилгын ажил үргэлжлэх нөхцөл бүрдсэн. Тус компанийг 66:34%-ийг "Эрдэнэс Тавантолгой", "Монголын төмөр зам" компани эзэмшиж байна. 10 жилийн хугацаанд ирсэн саналуудыг эргэн харж, төслийг хамгийн хурдан, чанартай гүйцэтгэж чадах компанийг сонгоно. Ерөнхийдөө компаниуд 24-28 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээ мэдэгдсэн. 2020 оны 12 дугаар сард төмөр замын барилгын ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй”-г мэдээлж байсан. Уг нь ТТ-ГС төмөр зам баригдсанаар Оюутолгойн салбар төмөр замын шугамыг татах нөхцөл бүрдэнэ.

Тэгвэл Хөөт-Бичигт чиглэлийн нарийн царигтай төмөр замын төсөл одоогоор “нам гүм”. Тус төмөр зам баригдсанаар Хятадын нэр бүхий боомтуудад хүрэх хамгийн дөт гарцыг нээнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолдог. Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын хувьд өнгөрсөн онд ашиглалтад орох хүлээлттэй байлаа. Засгийн газрын шийдвэрээр, төмөр замыг барих ажил 2018 оны гуравдугаар улиралд эхлэх байв.

Харин Эрдэнэт-Овоот чиглэлийн 574 км төмөр замыг барих ажил хойшлогдов. Энэ төмөр замыг барих “Аспайр Майнинг” компани нүүрсний гол төслийн эхний арван жилд авто зам барихаар болжээ. Уг нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төслийг “зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” нөхцөлтэйгөөр 30 жилийн хугацаатай Концессоор хэрэгжүүлэх гэрээг Монголын Хөрөнгө оруулалтын газартай 2015 онд байгуулсан байдаг. Үүнээс гурван жилийн дараа “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Эрдэнэт-Овоот чиглэлийг нэмж тусгасан бөгөөд Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төмөр замын хойд коридорын “Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тянжин” бүрэлдэхүүнд багтдаг.

Ийнхүү зөвхөн уул уурхайтай холбоотой бодлогын зарим арга хэмжээний биелэлтийн явц  хагас дутуу хэрэгжилттэй байна. Ихэнх тохиолдолд тогтоол баталж, бодит хэрэгжсэн нь ховор. Мэдээж, аливаа төслүүдийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бизнесийн ашигтай төсөл байх ёстой. Төслийн хөрөнгө оруулагчийг хамгаалах хууль эрх зүйн орчин, төрийн тогтвортой, тодорхой байдал тун чухал.  

Сүүлийн 27 жилийн хугацаанд бодлогын залгамж алдагдаж, Монгол Улсын урт хугацааны гурван үндсэн баримт бичгийг дагалдсан салбар хоорондын 500 гаруй бодлогын баримт бичиг боловсруулсан ч хэрэгжиж байгаа нь 160 гэх шүүмжлэл Монголын эдийн засгийн форумаар сонстож байв. “Монгол Улс тунхгийн баримт бичгүүдээ маш сайн гаргадаг ч тэдгээрийг дэмжиж хэрэгжүүлэх хөтөлбөрүүд нь боловсруулах шатандаа явж байна. Бодлогыг хэрэгжүүлэх бодит хөтөлбөр байхгүй байгаа”-г эдийн засагч Б.Түвшинтөгс мөн хэлж байлаа. Тэрээр хоёр жилийн өмнө хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаар судалгаа хийсэн юм. Хөгжлийн бодлогуудыг хөрсөн дээр буулгах хөтөлбөрүүдээс батлагдаад хэрэгжиж байгаа нь өнөөдөр ганц “Алт 2” юм. “Жонш”, “Газрын ховор элемент”, “Зэс” хөтөлбөр яригдаж байгаа ч батлагдаагүй байна. “Цайр”, “Нүүрс”, “Төмөр” хөтөлбөр сураг тасраад удаж байна. Тодорхой хөтөлбөр, хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй учир эрэмбэ, дараалалгүйгээр төслүүдэд зээл олгож, Засгийн газар бонд гаргаж ирсэн. Үүний үр дагаварт, Монгол Улс 2021 онд “Мазаалай”-гаас эхлэн дөрвөн жил дараалан томоохон бондын нийт 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. "Чингис" бонд гарсан 2012 онд 1 ам.доллар 1396 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2750 болж нэг дахин өсчээ. 

Үнэндээ, бодлогын баримт бичиг хэр олон гарсан, гоё тоо, “мөрөөдлийн жагсаалт”-даа бус бодитой тооцоо, судалгаа ирээдүйн зорилтдоо хүрэх эсэхийг тодорхойлно. Яг энэ логикоор ирэх 30 жилийн төсөөллийг тодруулах бодит өгөгдөл нь өнгөрсөн хугацааны эдийн засгийн нөхцөл байдал юм. Энэ зууны эхээр Оюутолгойн ордыг нээж дэлхийг “дэлдийлгэсэн”. Монгол Улс анх удаа Тогтвортой байдлын гэрээ Канадын компанитай байгуулж, барууны хөрөнгө оруулалтаар Бороогийн алтны ордыг ашиглаж, Тавантолгойн ордод олон улсын хөрөнгө оруулагчдын тендер зарлаж, Оюутолгой төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, Монголын уул уурхай компани анх удаа дэлхийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч Монгол Улсыг дараагийн Кувейт хэмээн олон улсад тодорхойлж байлаа.

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн хоёр том “шок” Оюутолгой, Тавантолгой ордын ашиглалт байв. Тэгэхээр дараагийн шинэ “толгой” ордуудыг нээж, тэдгээрт түшиглэж байж ирэх 30 жилд эдийн засгийн өсөлтийг 7-8%-д хадгалж ДНБ-ийг нэмэгдүүлж чадах нь ээ.

Гэтэл хөрөнгө оруулалт татах хамгийн боломжтой геологи хайгуулын салбарыг нээх бус улам хумьж, 2020 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг бүрэн зогсоолоо. Дэлхийн хэмжээнд хайгуулын салбарт дунджаар 15-20 тэрбум ам.доллар эргэлддэг. Үүний ердөө 1%-ийг татах гэж  улс орнууд өөр хоорондоо өрсөлдөж байна. Тэгвэл тэр хөрөнгийн их урсгалаас 4%-ийг Монгол Улс татаж чадсан цаг бас бий. Тухайн үед Монголын нийт газар нутгийн 44%-д 6000 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл, 1000 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл газар нутгийн 0.2 %-д олгосон байжээ. 2004 онд хайгуулын тусгай зөвшөөрөл оргилдоо хүрсэн юм. Үүний үр дүнд Өмнөговийн нутагт өнөөгийн ашиглалт болоод хайгуулын шатандаа хэрэгжиж байгаа ордууд нээгджээ. Тэдгээрийн нэг нь Оюутолгойн орд. Эдгээр нь өнөөдөр Монголын эрдэс баялгийн чадавхийг дэлхийд таниулж, олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол итгэлийг торгоож байгаа цөөн төслүүд. Тогтвортой хэрэгжиж чадваас ирээдүйд эх орны эдийн засгийг тэтгэх экспортын гол үүсвэрүүд. Геологи хайгуулын судалгааны ажил уул уурхайгаас 20-30 жил түрүүлж явахын учир энэ. 1000 оролдлого тутамд ганц л нэгдүгээр зэрэглэлийн орд нээх магадлалтай гэж хайгуул сайн судлагдсан орнуудад үздэг. Нэгдүгээр зэрэглэлийн орд гэдэг Оюутолгой юм. 2001 онд нээснээс хойш есөн жилийн дараа Оюутолгойн ил уурхайн олборлолт эхэлсэн. Тавантолгой ордыг нээж ашиглалтад оруулах хүртэл 40 жил гэхээр уул уурхайн төсөл хэр их хөрөнгө, цаг хугацаа шаардагддаг, тэр хэрээр эрсдэлийг даван туулдгийг илтгэнэ. Ийм үлэмж ордуудыг нээх гэж, тэрхүү томоохон төсөлд ханган нийлүүлэх гэж дагаад олон компани Монголд орж ирсэн. Энэ давалгаа одоо дуусч байна. Монголыг шинээр дахиж өсөх зах зээл гэж хөрөнгө оруулагчид харахгүй байна. Өсөлттэй эдийн засагт л хөрөнгө оруулна. Харин тэрхүү өсөлтийг бий болгох шинэ Оюутолгой, Тавантолгойн ордыг нээх боломж бий гэдгийг MIBG компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн ярьсан юм. Монгол орны өмнөд хилээс Говь Алтайн урдуур үргэлжилж Баянхонгор, Өмнөговь, Дорноговь хүртэл Төв Азийн томоохон эрдсийн бүс дайрдаг байна. Энэ эрдсийн бүсэд томоохон орд нээгдэх магадлал өндөр. Одоогоор Монголын нийт газар нутгийн 70 орчим хувийг ямар нэгэн байдлаар судлаагүй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой сөрөг хандлага дагуулж буй нэг асуудал бол бага төлбөр. Энэ нь тусгай зөвшөөрлийг урт хугацаагаар хадгалж, төлбөрийн нэг хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө болгож байна. Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийг олноор нь олгож, маш өндөр төлбөртэй болгох гаргалгааг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрийг өндөр тогтоож, жилд хийх хайгуулын ажлын хэмжээг нэмэгдүүлж, тайлагналын шалгуурыг чангатгаснаар тусгай зөвшөөрлийг наймаалах нөхцөлийг хааж, хязгаарлана. Өнөөдөр хүчин төгөлдөр 2796 тусгай зөвшөөрөл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.8%-ийг эзэлж байна. Үүнээс 3.8%-ийг хайгуулын 1126 тусгай зөвшөөрөл хамарчээ. Өнөөгийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа ойрын 2-3 жилд дуусч геологи хайгуулын тухай ойлголт Монголд үгүй болох эрсдэл ойрхон. 

Э.Оджаргал