Брэнт маркийн газрын тосны ханш хоёр долоо хоногийн өмнөхөөс 15%-аар буурч, баррель тутамдаа 55 ам.доллараас доош хэмжээнд очоод байгаа билээ. Ийм нөхцөлд ОПЕК-ийн орнууд уналттай байгаа газрын тосны ханшийг тогтворжуулахаар тусгай уулзалтыг энэ долоо хоногийн сүүлээр эсвэл ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна. ОПЕК болон хамтрагч орнууд нэгдүгээр сараас эхлэн өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1.7 сая баррелиэр бууруулж эхлээд байгаа юм. Гэсэн ч коронавирусын дэгдэлтээс үүдэн ханш буурсантай холбоотойгоор нийлүүлэлтийг нэмж бууруулах шаардлага үүссэн байж мэднэ.
Зах зээлд ОПЕК газрын тосны гарцаа танах хувилбарыг хэлэлцэх тухай мэдээлэл цацагдсаны дараа Брэнт маркийн газрын тосны ханш ялимгүй өсөх хандлагатай болж, өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ баррель тутамдаа 56 ам.долларт хүрээд байна.
Үнэ өсч буй нь мөн Хятад улс коронавирусын дэгдэлтийг зогсоох чиглэлд нэлээд ахицтай ажиллаж буй гэсэн албан бус мэдээллүүд цацагдсантай холбоотойг шинжээчид тайлбарлаж байна.
Өнгөрсөн даваа гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Саудын Арабын Хаан Салман Бин Абдуллазиз цаашид хэрхэх талаар утсаар ярилцсан байна. Маргааш нь буюу мягмар гаригт Австрийн Вена хот дахь ОПЕК-ийн төв байранд тус байгууллагын гишүүн болон гишүүн бус орнуудын хамтарсан техникийн уулзалт эхэлсэн. Коронавирусын зах зээл дэх нөлөөллийг хэлэлцэх техникийн уулзалт хоёр өдөр үргэлжлэх товтой байсан ч хуваарийг сунгаж дөрөв дэх өдрөө хуралдахаар болжээ.
Гадаад валютын арилжааны компани “OANDA”-ийн шинжээч Жэффри Холли “ ОХУ болон ОПЕК-ийн хувьд газрын тосны үнэ 55 ам.доллар/баррель-аас доош орох нь нойргүй хонох шалтгаан болно” гэжээ.
ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак ОПЕК-тэй хамтарч үүсээд байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ирэх долоо хоногт уулзалт хийхийг дэмжиж буйгаа мэдэгдсэн. Кремлийн албан мэдэгдэлд “ОХУ болон Саудын Арабын зүгээс дэлхийн газрын тосны зах зээлийг тогтвортой байлгахын тулд аливаа шаардлагатай арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна” гэж өгүүлжээ.
Гэсэн хэдий ч ОХУ нефть олборлолтоо нэмж бууруулах тухайд Путины хэвлэлийн төлөөлөгч хариулахаас татгалзсан байна.
Зах зээлийг тогтворжуулж, хямд үнээр бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх үүднээс ОПЕК-ийн орнууд 2017 оноос хойш газрын тосны олборлолтдоо таналт хийсээр ирсэн. ОХУ-ын хувьд ОПЕК-тэй хамтарч, дэмжиж ажилласаар ирсэн. Гэвч энэхүү нөхцөл байдал нь ОХУ-ын газрын тосны компаниудад нийлүүлэлтийг бага түвшинд барих зэргээр ашиггүй байдал авчирч буй гэсэн шүүмжлэл тус улсад өрнөдөг.
Б. Золоо