Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын коксжих нүүрсний импорт биет хэмжээгээр түүхэн доод хэмжээнд буюу 1.7 сая тоннд хүрсэн байна. Гэхдээ оны нийт дүнгээр 2019 онд Хятад улсын коксжих нүүрсний импорт нэмэгдсэн байна. Хятад улсын Гаалийн ерөнхий газрын мэдээнд өнгөрсөн онд тус улс 74.6 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2018 оны үзүүлэлт болох 64.7 сая тонноос даруй 15.3%-иар өссөн тухай өгүүлжээ.
Ийнхүү импорт өсөхөд импортын коксжих нүүрсний үнэ харьцангуй хямд байсан нь голлон нөлөөлсөн байна.
Өнгөрсөн оны хэмжээнд Хятад улсын Австралиас импортолсон коксжих нүүрсний нийт дүн 30.9 сая тоннд хүрч, 2018 оныхоос 9.69%-иар ихэслээ.
Гэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сард Австралиас Хятад руу гаргадаг экспортын хэмжээ 111.3 мянган тоннд хүрсэн нь өмнөх арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 95.7%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 74.3%-иар тус тус буурчээ.
Хятад улсын хувьд өнгөрсөн жилийн сүүлээр импортын бодлогоо чангатгасан нь өнгөрсөн сард их хэмжээний коксжих нүүрсний импорт саатахад хүргэсэн юм.
Мөн арванхоёрдугаар сард Монгол улсаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 1.57 сая тонн болсон нь өмнөх оны мөн үеэс 37.9%, өмнөх сарынхаас 43.1%-иар тус тус буурсан байна. Хятад улс нь өнгөрсөн онд Монгол улсаас 33.8 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх 2018 оныхоос 22%-иар өссөн байна. Хятадын хувьд импортын хатуу бодлого баримталж буйгаас үүдэн Австралиас импортолж буй коксжих нүүрсний бууралтыг Монголоос авах коксжих нүүрсний импортыг нэмэгдүүлэх байдлаар нөхөх болов уу гэсэн байр суурь шинжээчдийн дунд байна.
Хятад улс арванхоёрдугаар сард ОХУ-аас 17.3 мянган тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх сарынхаасаа 96.8%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 85.9%-иар бууржээ. Түүнчлэн арванхоёрдугаар сард АНУ, Канад, Индонез улсаас коксжих нүүрс импортлон аваагүй байна. АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээ нэгдүгээр сарын дундуур байгуулагдсан хэдий ч АНУ-ын нүүрсэнд ногдуулах татварыг бууруулах тал дээр тодорхойгүй хэвээр байгаа юм.
Argus Media-ийн тооцооллоор өмнөх оны арванхоёрдугаар сард Австралийн сайн чанарын коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ нэг тонн нь дунджаар 136.76 ам.доллартай байжээ.
Б.Золоо